Цахим эрин хэмээн нэрлэгдэж буй энэ цаг үед хиймэл оюун, технологийг ашиглан хэдхэн командын тусламжтайгаар хүссэн кодоо бичүүлэх боломжтой болсон. Гэсэн хэдий ч программ хангамжийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд урьд өмнө байгаагүй цоо шинэ шийдлийг оюун ухаанаа шингээн гаргадгаараа хиймэл оюунаас ялгардаг.
Энэ сарын 25-27-нд “Улсын Программчлалын XXXIII олимпиад” зохион байгуулагдсан бөгөөд программчлал, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутнууд оролцож, программчлалын ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, авьяас билгээ сорьсон юм. Энэ жилийн олимпиадад долоон их дээд сургуулийн 11 баг, 33 оюутан оролцож, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагналт байр эзэлсэн оюутнууд Юнител группэд ажиллах урилга авсан нь олимпиадын дүн сонсох мөчийн онцлох шагнал байв.


Энэ жилийн олимпиадыг Монголын мэдээлэл зүйн боловсролын тооцоолол нийгэмлэг НҮТББ болон МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн мэдээлэл зүйн танхимаас зохион байгуулж, Юнител групп ивээн тэтгэн, хамтран ажиллаж байгаа билээ.
“Ирээдүйд компьютер, программчлалаар суралцах хүүхдүүд улам олон болоосой”

“Одоогоос арав гаруй жилийн өмнө компьютер технологийн чиглэлээр мэргэжил эзэмшиж, их сургууль төгсдөг хүүхдүүд маш цөөхөн байсан. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр энэ чиглэлийг хүүхдүүд илүү сонирхож, сонгон суралцдаг болсон нь сайшаалтай. Оролцож буй хүүхдүүд олимпиаддаа их ач холбогдол өгч буй нь анзаарагдсан. Дижитал шилжилт хийж буй энэ цаг үед компьютерийн чиглэлээр суралцаж, бэлтгэгдэж буй ирээдүйн мэргэжилтнүүд их чухал үүрэгтэй. Тиймээс ч Юнител групп тэр хүүхдүүдийн суралцаж, хөгжих үйлсэд нь хувь нэмрээ оруулж байгаа юм.”

Оролцогчдын сэтгэгдлээс сонсоход, олимпиадын бодлого даалгаврууд амаргүй бөгөөд богино хугацаанд бодох ёстой байсан тул ёстой л чансаа сорьсон, ширүүн өрсөлдөөн өрнөжээ.



Олимпиадын нэгдүгээр байранд МУИС, Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн I дамжааны оюутан Ж.Тамир шалгарсан. Тэрээр уралдааны хамгийн залуу оролцогчдын нэг юм.
“Код бичнэ гэдэг юмсыг олон талаас нь харж, эргэцүүлэх чадварыг хүнд өгч чаддаг зүйл гэж боддог”

-Би анх аравдугаар ангиасаа хойш код бичиж эхэлсэн. Код бичнэ гэдэг юмсыг олон талаас нь харах чадварыг хүнд өгч чаддаг зүйл гэж боддог. Юу ч хийсэн “Ингэвэл яах бол, тэгчихвэл яах вэ” гээд л эргэцүүлнэ дээ. Би дөнгөж нэгдүгээр дамжааны оюутан болохоор олимпиадад оролцоход багахан сандарсан ч өөртөө маш итгэлтэй байсан болохоор хүссэн үр дүндээ хүрч чадлаа.
“Код бичиж суръя гэвэл математикийн хичээлээ маш сайн хийгээрэй”

-Энэ олимпиад бол Монголд зохиогддог программчлалын хоёр том олимпиадын нэг учраас нэлээд удаан хугацаанд бэлдсэн. Бодлогуудаа бодох цагийг маш хатуу тавьсан нь амаргүй байсан ч оролцогчдод илүү өндөр шалгуур тавьж, өөрсдийгөө сорих боломжийг өгсөн гэж харсан. Би өнгөрсөн жил энэ олимпиадад оролцохдоо гуравдугаар байранд орж байсан. Харин энэ жил амжилтаа нэг байр ахиулчихсан болохоор баяртай байна. Мөн Юнител группэд ажиллах урилга авсандаа сэтгэгдэл өндөр байгаа. Ирээдүйд программчлалын чиглэлээр суралцах хүсэлтэй дүү нартаа математикийн хичээлээ маш сайн хийгээрэй гэж хэлмээр байна. Математик сайн сурч байж кодыг бүр ч сайн бичиж сурна шүү.

-Уламжлал болон зохион байгуулагддаг учраас энэ олимпиадыг компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн үе үеийн оюутан залуусын хүсэн хүлээдэг олимпиад юм. Энэ жилийн олимпиад маш богино хугацаанд бэлтгэгдсэн ч сайн зохион байгуулагдлаа. Түүнчлэн, программчлал мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа мэргэжлийн оюутнуудын хувьд ЕБС-ийн мэдээлэл зүйн олимпиадаас ялгарахуйц, чадвар чансааг нь сорьж, илүү чанаржиж буйгаараа онцлогтой. Энэ чиглэл бол өдрөөс өдөрт эрэлт нь нэмэгдэж, нийгэмд өндөр хэрэгцээтэй болж байгаа учраас олимпиадынхаа цар хүрээг улам өргөжүүлэхэд илүү анхаарч ажиллахыг эрмэлзэж байна. Хиймэл оюун ийм өндөр түвшинд хөгжчихсөн цаг үед оюутнууд өөрийн ур ухаанаар нарийн төвөгтэй бодлогуудыг богино хугацаанд бодож, шийдэл гарцыг нь гаргах ур чадварыг хөгжүүлэх үүднээс олимпиадын шалгуур ч бас илүү өндөрсөж байгааг дурдах нь зүйтэй.
“Үнэн хүчийг үзсэн, шударга олимпиад боллоо”

-Олимпиадын бодлогуудын тестийн хугацаа энэ жил эрс богиноссоны дээр бодлогууд ч чансаатай хүнд байлаа. Тэр хэрээрээ яг л үнэн хүчийг үзсэн, шударга болсон гэж бодож байна. Мөн шагналын сан өндөр байсныг онцломоор байна. Түүнчлэн Монголын томоохон компаниас ажиллах урилга авахын төлөө хүүхдүүд ч хичээж оролцлоо. Бусад байгууллагууд ч бас оюутан залуусын мэдлэг, хөгжилд ингэж хувь нэмрээ оруулж эхэлбэл энэ олимпиадын цар хүрээ улам тэлж, өргөн дэлгэр зохион байгуулагддаг болно гэдэгт итгэж байна. Манай сургуулийн хувьд багш онолын мэдлэгээ заана, оюутнууд түүнийг нь хараад сурна гэдэг уламжлалт арга барилаас илүүтэй ерөнхий онолоо заахын хажуугаар долоо хоног бүр оюутнуудынхаа дунд контент уралдаан зохион байгуулдаг. Тэр дундаас яг л энэ чиглэл, мэргэжилдээ үнэнхүү хоббитой, дурлаж хийдэг оюутнууд маань шигшигдэн, олимпиадад оролцож, өндөр амжилтыг үзүүлсэнд баяртай байна.




Юнител Групп STEAM боловсролыг хөгжүүлэх, ирээдүйн инженерүүдийг бэлтгэх, оюутан, залуусыг дэмжих хүрээнд 2022 оноос эхлэн программчлал, электроник, компьютер сүлжээний чиглэлийн улсын чанартай олимпиадуудыг дэмжин ажиллаж, салбарынхаа хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн.
Энэ удаагийн олимпиадаар дамжуулан оюутан, залуусын авьяас чадварыг нээн илрүүлэхийн сацуу тэдний ур чадварыг ажил олгогчдод сурталчлан таниулж, хамтын ажиллагааг өргөжүүлсэн нь онцлогтой байлаа.