Рэйчел Зеглер "Цасан гоо" кинонд гол дүр бүтээсэн нь цахим орчинд олон төрлийн маргаан дагуулсан ч тэрээр өөрийг нь дэмждэг хүмүүс их байсан, түүнд нь ихэд талархсан тухайд сэтгэгдлээ хуваалцжээ. Disney-ийн шинэчилсэн "Цасан цагаан" кино энэ баасан гарагт нээлтээ хийх бөгөөд уг бүтээлийг найруулагч Марк Уэбб, зохиолч Эрин Крессид Уилсон нар хийсэн байна. Энэхүү кино нь 1937 оны анимэйшн хувилбарыг шинэчилж, хорон санаат хойд эхийн ноёрхлоос хаант улсаа аврахын тулд долоон одойтой нэгддэг зоригт гүнжийн түүхийг өөр өнцгөөс өгүүлжээ.

Рэйчел уг кинонд оролцохдоо эх хувилбар болох анхны анимейшний зарим санааг хуучирсан, хоцрогдмол гэж үзсэн тухайгаа ExtraTV-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Тэрээр дүрээ шинэ өнцгөөс харуулахыг зорьж, анхны кинонд хайр дурлалын шугам хэт давамгайлсан нь өнөө цагийн үзэгчдэд тохиромжгүй гэж үзсэн байна. Түүний хэлснээр, шинэчилсэн хувилбар нь Цасан цагааны "дотоод аялал"-д илүү төвлөрөх аж.
"Анхны анимэйшн кино 1937 онд бүтээгдсэн. Тухайн үед хайрын түүхийг гол болгосон ч энэ удаа бид өөрөөр хандсан. Кинонд залуу жүжигчин Эндрью Бурнап хунтайж дүрээр оролцсон ч, энэ нь хайр дурлалын тухай бус, харин Цасан цагааны өөрийгөө олох аяллын тухай өгүүлнэ. Тэрээр энэ замналдаа олон хүмүүстэй учирч, гайхалтай туршлагуудыг хуримтлуулах болно” гэж Рэйчел нэгэн ярилцлагадаа онцолжээ.

Тэрээр “Цасан цагаан миний дуртай Disney гүнж байгаагүй” гэж хэлсэн нь зарим фенүүдийн дургүйцлийг төрүүлсэн. Найруулагч Марк Уэбб түүнд татагдсан гол шалтгаан нь түүний дуулах авьяас байсан бөгөөд энэ нь дүрээ бүтээхэд томоохон нөлөө үзүүлсэн гэжээ.
Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Бид 1937 онд амьдраагүй. Бид Цасан цагааныг хунтайжаар авруулахгүй, жинхэнэ хайрын тухай мөрөөдөхгүй талаас нь бичсэн. Түүний эцэг нас барахынхаа өмнө түүнд хэлсэнчлэн зоригтой, шударга, үнэнч байж чадвал удирдагч болж чадна гэдгийг харуулахыг зорьсон. Энэ бол залуу үзэгчдэд өөрсдийгөө өөр өнцгөөс харж болох гайхалтай түүх." гэжээ.

Маш олон хүн түүнийг шүүмжилж, интернэт даяар янз бүрийн сэтгэгдлүүд хөвөрсөн юм. Үүн дунд “Цасан гоо бол цагаан л байх ёстой”, “Тэр яг л даашинз өмссөн бяцхан жаал шиг харагдаж байна“ гэх мэт гадаад дүр төрхөөр нь шүүмжилсэн өнцгүүд их байлаа. Мөн цаашлаад Disney энэ төрлийн бүтээлүүдийг дахин гаргахаа зогсоох хэрэгтэй гэх хүмүүсийн санал ч их байв.

Саяхан Allure сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр энэ бүх онлайн дайралтын туршид өөрийг нь дэмжсэн хүмүүсийн талаар дурджээ. "Миний цорын ганц залбирал бол хүмүүсийг хэрхэн харагдаж байгаагаас үл хамааран үнэлж, хөгжүүлэх явдал юм." хэмээн тэрээр хэлсэн байна.
Түүнчлэн, Рэйчел өөрийг нь дэмждэг хүчирхэг эмэгтэйчүүдийн хүрээллээ хуваалцсан бөгөөд жүжигчин, идэвхтэн Жамела Жамилыг эгч шигээ үздэг, мөн Хелен Миррен, Люси Лью нарыг хүндэтгэдэг гэжээ. Тэрээр Ариана Гранде ч бас түүний талд байдгийг онцолсон бөгөөд "Хэрэв чамд ямар нэгэн зүйл хэрэгтэй бол би энд байна.” гэж өөрт нь хэлснийг хуваалцаж, дуучин бүсгүйг үнэхээр сайхан сэтгэлтэй хэмээн дурджээ.