Өмнөд Солонгосын өнөө цагийн хамгийн эрэлттэй жүжигчний нэг Ха Ён дахин БНСУ-д кинонд тоглох нь битгий хэл амьдрахад ч бэрх болж, замнал нь төгслөө. Яагаад? Энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй нь жүжигчин бүсгүй өөрөө төгсгөлөө эхлүүлсэн явдал байлаа. Ха Ён “The Trauma Code: Heroes on Call” цувралд тоглохоор болж, олны анхаарлыг татсан. Энэ цуврал нь дайны үед олон хүний амийг аварсан мэс засалч Пэк Кан Хёкийн түүхийг өгүүлсэн бүтээл байв.
Цувралын нээлтэд зориулсан шоу, нэвтрүүлэгт оролцохдоо Ха Ён “Манайх 4 үе дамжсан эмчийн гэр бүл. Элэнц өвөг Ан Сан Хо маань Солонгост анхны барууны эмнэлэг нээсэн хүн” хэмээн бахархалтайгаар байнга ярьж байлаа. Харин сэтгүүлч нар энэ баримтыг судалж, ухаж төнхөөд Ан Сан Хо нь тэр үед Солонгосыг эзлэн түрэмгийлээд байсан Японы талд ажилладаг, Солонгосыг Японд уусгах бодлогыг идэвхтэй дэмждэг байсан нь илэрчээ. Хо нь япон эхнэртэй байсан нь ч тодорхой болов. 1918 оны 12 дугаар сард Ан Сан Хо “Мэиль Синбо” сонинд ярилцлага өгөхдөө “Би бол яг л япон хүн, тэднээс ялгагдахгүй. Надад одоо нэг ч солонгос хувцас байхгүй. Би солонгос хүмүүстэй харьцдаггүй болохоор ямар нэг таагүй зүйл надад тохиолддоггүй. Хүүхдүүдээ ч би япон маягаар өсгөж, хүмүүжүүлдэг” гэж хэлж байжээ.

Энэ бол Өмнөд Солонгост тун эмзэг сэдэв. Ингээд хэрэг явдал эхэллээ. Юуны өмнө олон нийтийн шаардлагаар Ха Ён “The Trauma Code: Heroes on Call” цувралаас албан ёсоор хасагдлаа. Түүнтэй зар сурталчилгааны гэрээ байгуулсан компаниуд гэрээгээ цуцалж эхэллээ. Өмнөд Солонгосын хэвлэлээс гадна олон нийтийн сүлжээ хүнийг “алаад, оршуулж” чадах хүч чадал, нөлөөтэй. Жүжигчин бүсгүй олон нийтийн өмнө гаран бөхөлзөж, хүлцэл өчих цагаа алдсан нь замналыг нь бүр мөсөн цэглэсэн юм. Ядаж байхад “Netflix”-ийн Япон дахь салбар Ха Ёны тухай “Өөрийнхөөрөө амьдардаг зоригтой бүсгүй” гэсэн 4 минутын нэвтрүүлэг цацсан нь гал дээр тос нэмлээ. Солонгосчууд энэ нэвтрүүлгийг доромжлол хэмээн хүлээн авч, “Ха Ён Японд жүжигчин болбол таарна”, “Япондоо оч, зайл” гэж бичиж эхэлсэн юм. БНСУ-ын парламент энэ асуудлыг хэлэлцэж, түрэмгийлэгч Японд үйлчлээд авсан газрыг нь тэдний гэр бүлээс хураан авах талаар хэлэлцэж эхлээд байна. 2005 оноос БНСУ-д “Японы түрэмгийлэгчдийн талд ажиллаж байсан хүмүүсийн өмч, хөрөнгийг хураах хууль” гарсан.
Японы дарлалд байх үед Японы талд үйлчилдэг байсан хүмүүсийн асуудал БНСУ-д тун эмзэг зүйл. Дуучин, жүжигчин, тамирчин зэрэг олны танил хүмүүсийн гэр бүлд тийм хүн байвал хууль зүйн хариуцлага хүлээхгүй ч нийгмийн дарамтад ороод замнал нь төгсдөг уламжлалтай.
