UBLife Logo
Спорт

Сон Хён Мин: Өдийг хүртэл хайрласан, дэмжсэн хүмүүстээ хариуг нь буцааж өгөх миний үүрэг

Ub.life
Ub.life
Сон Хён Мин: Өдийг хүртэл хайрласан, дэмжсэн хүмүүстээ хариуг нь буцааж өгөх миний үүрэг

Өмнөд Солонгосын шигшээ багийнхан 2025 оны эхний тоглолтоо өнөө оройн 20:00 цагаас Оманы эсрэг хийхээр бэлдэж байна.

Тус шигшээ багийн ахлагч Сон Хён Мин тоглолтын өмнөх хэвлэлийн хуралд оролцож, дараах зүйлсийг онцлон ярьжээ.

“Хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө төдийгүй өөрсдийнхөө төлөө сайн тоглох нь бидний үүрэг, хариуцлага гэдгийг мэдэрч байна. Бид өдийг хүртэлх хугацаанд ямар хүнд бэрхийг даван туулснаа хэзээ ч мартах учиргүй. Харин одоо бол энэ түвшинд хүрснийхээ төлөө магтаал хүртэх эрхтэй цаг хугацаа гэж боддог. Би замналынхаа туршид зөвхөн дараагийн тоглолтын тухайд л бодож байна. Өмнөх тоглолт ямар үр дүнгээр өндөрлөсөн, хэрхэн өрнөсөн нь надад чухал биш.

Шүтэн бишрэгчид маань биднийг тууштайгаар дэмждэг учир бид ч мөн тэдний урмыг хугалахыг хүсдэггүй. Миний үүрэг бол гоолын боломжууд үүсгэх, ончтой шийдвэр гаргаж, багийнхнаа гоол оруулахад нь туслах юм.

Өдийг хүртэл шигшээ багтаа тогтвортой, сайн тоглоход маань тусалсан хүмүүсийн ачийг үргэлж санадаг юм. Би тэдний хайр, дэмжлэгийг чадах чинээгээрээ буцааж өгөх үүрэгтэй гэж боддог. Энэ зорилго маань миний л хувьд дээд амжилт тогтоохоос илүү чухал санагддаг.

Шигшээ багийнхаа төлөө анхны тоглолтодоо оролцохоор бэлдэж байгаа залуусийн тухайд тэд надад анх шигшээдээ дуудагдаж байсан үеийг маань санагдуулдаг. Тэдэнд хандан зөвлөхөд, хэтэрхий биеэ барьж, эсвэл санаа зоволттой байгаад өөрийн нөөц чадавхиа шавхан тоглож чадахгүй аваас энэ бүхэн багаа ч, бусад тоглогчдыг ч хохироож байна гэсэн үг. Шигшээ баг гэдэг нэг зорилгын төлөө хамтдаа хичээж буй тухайн улсын шилдэг тоглогчдын цуглуулгыг л хэлнэ. Би тэдэнд ийм чухал боломжийг бүү алдаарай гэж хэлсэн” хэмээн Сон ярьжээ.

Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ий Азийн бүс дэх урьдчилсан шатны “В” хэсгийг 14 оноотой тэргүүлж байна. Тэд энэ шатнаа дөрөв хожиж, хоёр тэнцсэн бөгөөд одоогоор хожигдолгүй байгаа юм.

Харин Сон Хён Миний тухайд, Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тамирчнаар тодроход таван тоглолт дутуу, шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч болоход долоон гоол дутуу байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.