Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён саяхан нас барсан жүжигчин Ким Сае Ронтой 15 настайгаас нь үерхэж байсан, санхүүгийн хүндрэлд ороод байхад нь дарамтад оруулсан зэрэг мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Энэ бол түүний замналын хамгийн том хямрал юм.
Хувцас, загвар, гоо сайхан, хүнсний хэд хэдэн том компани, брэнд зар сурталчилгааны гэрээгээ цуцалсан. Хёны дүрс хэдийн хэвлэгдэн гарсан тохиолдолд буруу харуулах, эсвэл далд хийх зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Гадаад орнуудад, ялангуяа Хятад, Тайланд зэрэг оронд фэнүүд нь түүний картон цаасан дүрс, зар сурталчилгааны плакатыг хог дээр хаяж байна.

“My Love from the Star” киноны дараа Хятадад Ким Сү Хёны маш олон фэн клуб байгуулагдсан. Харин одоо бүгд хаагдаж, олон нийтийн сүлжээгээр Кимээс харилцаагаа таслахыг уриалж байна. Хятадын зах зээл Кимийн орлогын ихэнх хувийг эзэлдэг байсан тул хэрэв Хятадыг алдах юм бол тэрээр маш их хохирол хүлээх болно.
Ким Сү Хён энэ хавар Тайваньд хэд хэдэн том ажилд оролцохоор уригдаад байлаа. Seven Eleven-ээс Гаосюнд зохион байгуулдаг Сакүра цэцгийн баяр, олон хотод Фэнүүдтэй хийх уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтын тасалбар бүгд зарагдаад дуусчихсан гэж байгаа. Тайванийн хэвлэлийн мэдээлснээр шуугианаас болоод биеийн байдал нь муудсан Ким Тайваньд ирэхгүй, цуцлахаар хэлэлцээр хийж байгаа гэнэ. Энэ тохиолдолд тэр гэрээ зөрчсөн хэргээр 1,3 тэрбум воны торгууль төлөх болно.
Зар сурталчилгаанаас гадна тогтмол орлого болж байсан телевизийн нэвтрүүлгүүдээ ч алдаж байна. Good Day (MBC) шоу үзэгчдийн шаардлагаар түүний дүрсийг хасаж, монтаж хийжээ. Шоунаас хассан албан мэдээ байхгүй ч дахин гарахгүй нь тодорхой.

Хэдэн зуун сая воны төсөвтэй Knock-Off (Disney+) драмын зураг авалт хэдийн эхэлсэн. Хэрэв Кимийг энэ төслөөс хасвал студи маш их хохирол хүлээнэ. Учир нь түүний тоглосон хэсгийг дахин авах, өөр жүжигчин хайх шаардлага гарна.
Ким Сү Хёны “Gold Medalist” агентлаг одоо цуцлах гэрээ, төлөх торгуулийн ажилд живээд байгаа гэнэ. Ямар ч гэсэн нийт торгуулийн хэмжээ хэдэн арван тэрбумд хүрээд байгаа ажээ. Цаашдын замналын талаар хэлэх үг ч алга. Хууль зүйн үүднээс хариуцлага хүлээхгүй байж болох ч алдсан нэр төр, ивээн тэтгэгч, фэнүүдээ хэзээ ч буцаан авч чадахгүй билээ.
Аврах ганц зүйл нь Ким Сү Хён өөрийн биеэр камерын өмнө гарч ирэн, өвдөг сөгдөн буруугаа хүлээх явдал. Харин тэр нуугдсан хэвээр л байна.