UBLife Logo
Humans of UB

Humans of UB | "Ногоон" Playtime-ийг бүтээгчид

Ub.life
Ub.life
Humans of UB | "Ногоон" Playtime-ийг бүтээгчид

Playtime хөгжмийн наадмын Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийнхан Ногоон хүрээлэн цогцлоохоор ажиллаж эхэлжээ. Тэд энэ онд 60 000 мод, ургамал тарих зэрэг олон ажил төлөвлөсөн байна. Залуусын Playtime-тай холбогдсон болон сайн дурын багт нэгдсэн түүхийг хуваалцъя.

Байгальд ээлтэй ногоон хөгжмийн наадмыг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархдаг

Playtime хөгжмийн наадмын Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн захирал Ц.Даариймаа (29 настай):

-Playtime хөгжмийн наадамтай холбогдоод аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Би багийнхаа захирлаар томилогдож, хоёр дахь жилдээ ажиллаж байна. Манай баг Playtime-ын бусад багуудаас хамгийн олон буюу 300-400 хүний бүрэлдэхүүнтэй, 21-60 хүртэлх насны хүмүүс ажилладгаараа онцлогтой том баг юм. Дуу хөгжмөөр хөглөгдсөн, нас насны, зан араншингийн хувьд өөр, янз бүрийн мэргэжилтэй хүмүүс анх уулздаг ч, баг болсны дараа нэг зорилгын төлөө үйл хэрэг нэгтэй найзууд болдог. Залуу хүмүүстэй хамт байх, орчин үеийн хөгжмийн хэмнэлийг мэдрэх, залуучуудад үлгэр дуурайл болох хүсэлтэй ахмад хүмүүс ч бидэнд бий. Иймээс Playtime хөгжмийн наадам зөвхөн залуучууд руу чиглэсэн бус, хүн бүрт тэгш хүртээмжтэй наадам гэдгийг харж болно.

Playtime ногоон тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд хийгдэж буй ажлуудаас дурдвал:

 Өнгөрсөн жил 21 төрлийн 56 000 ургамал, мод тарьсан. Энэ 2025 оны хавар, намарт гэсэн 2 улиралд багтаан 60 мянган мод, ургамал тарих бэлтгэл ажлаа хангаад Playtime ногоон хүрээлэнг цогцлоохоор ажиллаж байна.

 Мөн нар салхины эрчим хүчээр наадмын талбайн гэрэлтүүлэг, цахилгаан үүсгүүрээ шийдэж байна.

 Хэрэглээний усыг гүний худгаасаа хангахаар төлөвлөж байна.

 Наадмаас гарсан хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйл явцыг сайжруулна.

 Энэ жилийн наадамдаа цоо шинээр эмэгтэйчүүдэд зориулсан шээлтүүрийг оруулж ирж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь 100% дахин боловсруулсан материалаар хийгдсэн бөгөөд 100% дахин боловсруулах боломжтой.

Playtime нь залуучууд төдийгүй хүн бүрт маш их боломжийг олгодог. Энэ наадамд 19 настайгаасаа хойш ажиллаж, карьертай болох, өсч хөгжих боломжийг олгосонд би талархаж явдаг. Багийнхаа зарим хүний хувьд би ач зээгийнх нь, заримынх нь хүүхдийн насан дээр явж байгаа залуу хүн боловч Playtime-ынхан манай багийг “Даариймаагийн хүүхдүүд” гэж нэрлэдэг. Иймээс би маш олон “хүүхдүүдтэй” болсон. Наадмын үеэр нас, хүйс харгалзахгүйгээр би тэднийг “Миний хүүхдүүд” гээд л дуудчихдаг.

Эцэст нь хэлэхэд, байгальд ээлтэй ногоон хөгжмийн наадмыг бий болгоход хувь нэмрээ оруулж байгаагаараа бид маш их бахархдаг. Наадам дуусаад л дараагийн жилийн наадмын бэлтгэл ажил шууд эхэлдэг учраас арын албанд ажилладаг хүмүүсийн бүтэн жилийн хүч, хөдөлмөр, сэтгэл зүрх, оюун ухаан, хүчин чармайлт 4-хөн хоногт та бүхэнд үнэлэгддэг. Бидний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг, наадмаа тэсэн ядан хүлээдэг үзэгчдэд, биднийг дэмжин хамтран ажилладаг бүх хүмүүст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нар байхгүй бол наадам маань байхгүй. Бүх зүйлд талархаж байна.

Playtime ногоон наадам болохыг эрмэлзэн жил бүр олон шинэ санаачилгууд гаргадгийг залуус одоо мэдэх болсон. Үзэгчид өөрсдийнхөө аягыг авчирч нэг удаагийн цаасан аяганы хэрэглээг бууруулахыг зорих болсон нь миний хувьд онцгой дэвшил болсон гэж боддог. Аягагүй ирсэн ч аль болох дахин боловсруулах боломжтой аягыг наадмын талбайгаас сонгохыг хичээх нь ногоон тогтвортой хөгжлийн бодлогод хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.

Нэг удаагийн хэрэглээг халахаар зорьж буй нь Playtime наадмаас нийгэмдээ үзүүлж буй олон хувьслын нэг юм

Playtime наадмын Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн ахлах зохицуулагч А.Оюунболор (30 настай):

-Би анх 2018 онд найзаараа дамжуулан Playtime наадамд сайн дурын ажил хийсэн юм. Дуу хөгжмөөр дамжин бүрддэг гоё уур амьсгалд татагдан дурлаж 2019 онд үзэгчээр оролцсон. Тэгээд 2022 оноос хойш зохицуулагчаар ажиллаж байна. Амьд хөгжмийн наадамд “Ногоон тогтвортой хөгжил” гэдэг нэр томъёо хэрхэн хамаарах нь надад эхэндээ огтоос танил биш байсан. Гэтэл хотоос зайдуу гарах залуусын тав тух, эерэг хандлагыг бэхжүүлэхэд ногоон тогтвортой хөгжил ба сайн дурын ажилтнуудын хоршил тун чухал болдгийг би мэдэж авсан юм. Энэ ажлыг эрхлэх болсноор урьд өмнө нь хогоо ангилж хаях талаар бодож ч үзээгүй байсан би гэртээ хогоо ангилж хэвшиж байна. Орчин цагт хог хаях цэгүүд, био бие засах газруудыг шийдэхгүйгээр олон өдөр үргэлжлэх хөгжмийн том наадам зохион байгуулах боломжгүй гэдгийг манай Playtime хэвшүүлсэн шүү дээ. Зөвхөн үзэгчид төдийгүй, хоолны газрууд ч бас хогоо хуванцар, цаас, шил гэж ангилан хаях энгийн үйлдлээрээ хог хаягдлыг хүртэл эдийн засгийн эргэлтэд ордог үр ашигтай зүйл болгон хувиргаж байдаг. Ангилсан хог хүлээн авч дахин боловсруулах нь байгаль орчинд ээлтэй эдийн засгийн чухал үйлдвэрлэл бөгөөд манай улс ч энэ салбарт нэлээд ахиц гаргаж эхэлсэн.

2023 оны Playtime наадам дээр Reusable cup хэрэглээнд нэвтрүүлсэн нь нэг удаагийн аяганы хэрэглээг наадмын хэмжээнд халах анхны алхам болсон ба 2024 оны наадамд Reusable cup худалдаж авсан үзэгчид наадам дуусах үеэр Info center-т эргүүлэн өгөөд төлбөрөө буцаан авах боломжийг олгосон. Энэ бол маш шинэлэг ажил бөгөөд эдийн засагт төдийгүй хог хаягдлыг бууруулах, эх дэлхийгээ хайрлахад наадмын зүгээс, үзэгчдийн зүгээс үзүүлж буй том дэмжлэг юм. Наадмын хэмжээнд хог хаягдал сүүлийн жилүүдэд буурч, өнгөрсөн наадамд л гэхэд Playtime Field хуучин зохион байгуулагдаж байсан Монгол шилтгээнээс хэмжээний хувьд хэд дахин том талбайтай, оролцогчид, үзэгчдийн тоо нэмэгдсэн ч хог хаягдлын хэмжээ нэмэгдээгүй. Харин ч ангилан ялгасан дахиваруудын хэмжээ 2,9 тонн болж өссөн дүн гарсан. 

Нүднээс далд ч хогоо ангилж зориулалтын цэгт хаядаг догь нэгэн байгаарай

Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн зохицуулагч Г.Мөнхтамир (22 настай):

-Би Playtime-д ажиллахаасаа өмнө хамтлагуудын тоглолт, фестивалийн Green crew гэж хог хаягдлыг ангилах хэсэгт ажилладаг байсан юм. Надад дуу хөгжим сонсохоос гадна тоглолтын өмнөх бэлтгэл, тоглолтын үе, бас дараа нь юу болдог гээд энэ бүх үйл явц их сонирхолтой санагддаг. 2023 оноос Playtime-ын Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн. Миний хариуцсан багт 10-15 хүн ажилладаг бөгөөд энд анх удаа ирсэн хүмүүс ямар үүрэгтэйгээ мэдэхгүй учраас би зааж чиглүүлдэг.

Хог гэхээр түүх, цэвэрлэх тухай л ойлголт байдаг бол манай баг үзэгчдэд хогоо ил задгай хаяхгүй байх, хогийн цэгүүдэд ангилан хаяхыг зөвлөж, хогийн сав дүүрч гадуураа овоорсон, эсвэл энд тэнд ил задгай хаясан хог хаягдлыг бусдад түвэг удахгүйгээр цэвэрлэх ажлыг зохицуулдаг юм. Анх би яаж хүмүүсийг ажиллуулах, хуваарилахаа мэдэхгүй хэцүү байсан ч баг маань дорхноо л суралцаж туршлагажиж байсан учраас одоо бол дажгүй. Жил ирэх тусам хог хаях цэг нэмэгдэж, ангилж хаях савнууд олширч байна. Playtime-ын үзэгчийн тоо өссөөр байгаа ч улам л хоггүй наадах боломжтой болсон.  

Наадам эхлэхэд бэлэн болсон цэв цэвэрхэн талбай удалгүй л хүнээр дүүрч, яанз бүрийн хамтлаг дуучид тоглохыг үзнэ. Наадам өндөрлөж, бүх хүн явсны дараа ширхэг ч хоггүй цэвэрхэн талбайгаа үлдээгээд бидний ажил дуусдаг. Тэгээд л дараагийн наадам ямар шинэ стандарт, сайхан санаагаар цэнэглэгдэхийг хүлээх ч бас гоё. Эцэст нь залуустаа хандаж хэлэхэд, зөвхөн хүмүүсийн нүдэн дээр ч биш, ганцаараа байхдаа ч хогоо хогийн цэгт хаядаг, тэгэхдээ бүр хаягдал тус бүрээ ангилж ялгадаг догь байгаарай.  

Сайн дурын ажилтнуудаас гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцсан залуус ч бий

Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн зохицуулагч Б.Энхбилэг (21 настай):

-Playtime хөгжмийн наадамтай холбогдсон миний түүх гэвэл, дотны эгчийнхээ санал болгосноор сайн дурын ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр эхэлсэн. Сайн дурын ажилтнуудыг бид наадам эхлэхээс 1-2 сарын өмнө форм бөглүүлэн сонгон авдаг. Playtime-д ажиллахыг үнэхээр хүсэж байгаа залуусыг нэгтгэх нь л шалгаруулалтын зорилго болохоос, энэ бол шалгалт биш юм шүү.     

Ногоон тогтвортой хөгжил бол хүн бүр өдөр тутмын үйлдлээрээ эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах энгийн хэв маяг бөгөөд хүмүүс бид л хэрэгжүүлэхгүй бол амьдралын үндэс болдог байгаль орчинд аюултай, халтай шүү дээ. Тиймээс би өөрийн чаддаг зүйлээрээ, хайртай дуу хөгжмөөрөө дамжуулан ногоон хөгжилд хувь нэмрээ оруулан ажилладагтаа баяртай байдаг. Сайн дурын ажилтан цагийн уян хатан хуваарьтай ажилладаг нь ч надад их таалагддаг. Playtime хөгжмийн наадмын нэг эд эс болж, халуун дулаан уур амьсгалтай арын албаныхантайгаа хамтран ажиллах нь сайхан байдаг учраас жил бүр догдлон хүлээдэг болжээ.

Сайн дурын ажилтнууд үзэгчдийг угтах, туслах, мэдээлэл өгөхөөс гадна тайзны туслах, гадаад хамтлаг дуучдын хөтөчөөр ажиллах, маркетинг гэх мэт хэд хэдэн багт хуваагддаг. Фестивалийн арын албанд ажиллаж, хайртай хөгжмийн наадамдаа илүү ойр оролцонгоо хүмүүстэй танилцаж, шинэ туршлагуудыг хуримтлуулаад багаар ажиллах чадвараа хөгжүүлээд авна шүү дээ. Наадмын дараа бид сайн дурын ажилтнуудаа урамшуулж, англи болон монгол хэл дээр сертификат олгодог. Манай багуудаас гадаадын их дээд сургуульд урлагийн мэргэжлээр тэтгэлэгтэй суралцсан залуус ч бий. 

Олон улсын жишгийг Playtime-аас мэдрэх нь миний хамгийн том таашаал, бас урам зориг

Ногоон тогтвортой хөгжил, сайн дурын багийн зохицуулагч Э.Баттүшиг (23 настай):

-Ах эгч нар маань Playtime-д явдаг байлаа. Тэр үед би дөнгөж л өсвөр насны хүүхэд байсан учраас тэд намайг дагуулж явахгүй шүү дээ. Би амьд дуу хөгжимд их дурлана. Том болоод Playtime-д явахыг мөрөөддөг тийм л хүүхэд байсан. Хоёрдугаар курсын хавар гэдэг чинь 2022 онд Playtime-ын сайн дурын ажилтны бүртгэл бөглөөд хүлээж байтал сонгогдсон. Сайн дурын ажилтны сургалтад суух үед захирал нь миний байдал, хандлагаас ч болсон уу, шууд л зохицуулагчаар ажиллуулахаар шийдсэн юм. 2022 онд Playtime-ын 20 жилийн ой байсан учраас наадмын зохион байгуулалт, уур амьсгалыг илүү орчин үеийн, шинэлэг болгох олон санаачилгыг хэрэгжүүлж ажиллах үе таарсан нь зохицуулагч бидэнд ч сорилт байсан. Багаасаа скаутад явж, багаар ажиллах, баг удирдах туршлагатай байсан болохоор надад хүмүүстэй харилцах, хамтрах, зааж сургах эв дүй байдаг шиг билээ. Эхний наадмаа амжилттай өндөрлүүлсэн ч жижиг гэлтгүй алдаа дутагдлаа дараа дараагийн жилд засаж залруулж ажилласан. Хог хаягдалд хандах залуусын хандлага ч мөн жилээс жилд өөрчлөгдөж, цэвэрхэн наадах соёл нэлээд түгсэн нь Playtime-ын ногоон тогтвортой хөгжил бодлогын нөлөөлөл, сайн дурын багийн хичээл зүтгэлийн хүч, миний ажлын үр дүн гэж боддог. 

Би Playtime-ын арын албанд ажилладаг, дуу хөгжмийн хорхойтой залуу хүн учраас дэлхийн хэмжээний амьд хөгжмийн фестиваль ямар байдаг, арын алба хэрхэн ажилладгийг судалдаг. Олон улсын жишгийг Playtime-аас мэдрэх нь миний хамгийн том таашаал, бас урам зориг. Playtime жилээс жилд өргөжин тэлж, шинэ уриа, шинэ соёл түгээн дэлгэрүүлдэг нь надад их таалагддаг.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.