Ижилдэн дассан дотнын хүмүүсээсээ холдох, шинэ газар руу нүүх, өөр ажил, сургуульд сурахаар явах зэрэг амьдралд тохиох томоохон өөрчлөлтүүдийн дараа хүн бүр ганцаардалтай нүүр тулдаг. Харин эргэн тойрон дахь таныг хүрээлэн буй бүхнээс хэтэрхий ангид болж, ганцаардлын мэдрэмжийг удаан хугацаанд тээх нь тархины бүтэц, тэдгээрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг ажээ.
Хааяа нэг ганцаардах нь хүн бүрийн мэдэрдэг хэвийн зүйл ч энэ нь хэт удаан үргэлжилснээр архаг хэлбэрийн ганцаардал болж, сэтгэл зүйн эрүүл мэндэд хор уршиг учруулж эхэлдэг. Сан Диегогийн Калифорнийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын дэд профессор, доктор Эллен Ли “Ганцаардал бол хүнд өөрийн мэдэлгүй үүсдэг, нэг наалдчихвал салдаггүй цавуу шиг зүйл. Архаг ганцаардалтай хүмүүсийн төрөлх араншин цаг хугацаа өнгөрөх хэрээр өөрчлөгдсөөр эцэстээ өөрийгөө ч танихын аргагүй байдалд хүрдэг” гэжээ. Энэ төрлийн ганцаардал нь хүний сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тархинд өөрчлөлт оруулснаар мэдрэлийн эсийн доройтлын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг нотолсон судалгаанууд улам бүр нэмэгдэж байна.
Ганцаардал хүний тархийг хэрхэн өөрчилдөг вэ?
Хүн төрөлхтөн үүссэн цагаас бидний өвөг дээдэс сүрэг омгийнхноосоо холдож ганцаараа явах нь амьд үлдэх магадлалыг бууруулдаг тул аюултай гэж үздэг байсан учраас хүн нийгмийн амьтан болж хөгжсөн гэдэг. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар ганцаардал нь стрессийн өвөрмөц хэлбэр болж, биднийг бусадтай харилцаж, нөхөрлөх дохиог сануулах түлхэц болдог.
Архаг ганцаардалд орсон хүмүүс энгийн хүмүүсээс илүү стресст өртөмтгий, сэтгэл зүйн байдал ч мөн тогтворгүй эмзэг байдаг байна. Висконсин-Мэдисоны Их Сургуулийн сэтгэл судлалын хүрээлэнгийн доктор Анна Финли 2024 оны 4-р сард хийсэн судалгааны тайландаа:
“Ганцаардлын эхэн үед байгаа хүмүүс нийгмийн харилцаанд орж ганцаардлаасаа гарах арга замыг эрэлхийлж байдаг. Гэвч архаг ганцаардалд орчихвол бусадтай харилцах оролдлого нь эргээд илүү сөрөг үр дагавартай болох нь бий. Учир нь хүмүүс нийгмээс өөрсдөд нь тавьж буй хүлээлт шаардлагад дасан зохицохын тулд хийж буй үйлдэл болгон нь дарамт шахалт, дааж давшгүй хүнд зүйл мэт мэдрэгддэг болдог. Ингэснээр хүмүүстэй харилцах, олны дунд орно гэдэг архаг ганцаардалтай хүний хувьд хар дарсан зүүд болж хувирснаар ганцаардлын тойргоосоо гарж чаддаггүй. Ганцаардсан хүмүүс хүмүүсийн муу муухай үгэнд амархан эмзэглэж, бусдын "дургүйцсэн" эсвэл "татгалзсан" гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх царайны хувиралд хэт мэдрэмтгий байдгийг тогтоосон” хэмээжээ.
Архаг ганцаардал нийгмийг болоод өөрийгөө танин мэдэх сэдлийг багасгах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс өмнө боловсруулах үйл явцууд өрнөдөг тархины хэсгүүдийг хэт хүчилж ачааллуулснаар гэмтээдэг. Стрессийн хариу урвал архаг ганцаардалтай хүмүүст илүү хүчтэй илэрснээр дархлааны систем ч бас мууддаг ажээ. Тархиа хэтэрхий ачааллах нь удаан хугацаанд мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоог гэмтээх магадлалтай байдаг байна.

Ганцаардал удаан хугацаанд эрүүл мэндэд ямар үр дагавартай вэ?
Сэтгэл судлалын салбарт хийгддэг судалгаануудын үр дүнд ганцаардал нь альцгеймер, паркинсоны синдром /мэдрэлийн эс алгуур алдагдах өвчин/ зэрэг өвчнүүдийн шалтгаануудын нэг болдог гэдэг нь тогтоогдсон. Харин 2023 онд хэвлэгдсэн судалгаагаар дементиа буюу ой санамж болоод бодож сэтгэх чадвараа алдах өвчинтэй ч бас ганцаардал холбоотой болохыг илрүүлсэн байна.
Бригхамийн Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ахмад настны сэтгэцийн эмгэг судлалын хэлтсийн захирал доктор Нэнси Донован “Ганцаардлын бага түвшин ч ирээдүйд алцгеймер, паркинсоны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байдаг” гэж The New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр ганцаардлын хэмжүүрээр өндөр оноо авсан судалгаанд оролцогчдын тархинд танин мэдэхүй бууралтын шинж тэмдэг илрэхээс өмнө альцгеймерийн өвчин тархинд үүсэх эхэн үеийн шинж тэмдэг болох амилоид болон тау уураг их байдгийг судалгаагаар харуулсан юм. Эрдэмтэд ганцаардлаас үүдэлтэй стресс, үрэвсэл нь ахмад настнуудад мэдрэлийн доройтлын өвчин үүсэх эсвэл түргэсэхэд нөлөөлдөг гэж үздэг. Ганцаардал нь зүрх судасны системд нөлөөлж, цусны даралт, зүрхний цохилтыг нэмэгдүүлж, тархинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мөн доктор Донован онцолсон байна.
Ганцаардал, мэдрэлийн доройтлын талаарх ихэнх судалгааг дунд болон ахимаг насны бүлгийн хүмүүсийн дунд хийсэн байдаг тул бага нас, залуу насандаа ганцаардах нь ижил эрсдэлтэй эсэхийг тогтоосон судалгаа одоогоор хараахан байхгүй байна. Харин Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор Вэнди Цю дунд насны хүмүүс ганцаардлыг архаг хэлбэрээр биш, түр зуурын хугацаанд мэдрэх нь элбэг тул оюуны хомсдолд өртөх эрсдэл нэмэгддэггүй болохыг тогтоожээ. Түр зуурын ганцаардлын үед тархи өөрийгөө "сэргээх чадвартай" байдаг аж.
Ганцаардал бол хүн бүрийн амьдралд үе үе тохиолддог мэдрэмж ч удаан үргэлжилбэл тархи, сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаанууд харуулж байна. Бусдыг сонсох, яриа өрнүүлэх, хэн нэгэнд анхаарал хандуулах зэрэг хамгийн энгийн зүйлс бидний тархийг эрүүл хэвийн ажиллахад туслах төдийгүй амьдралаас авах таашаалыг ч нэмэгдүүлэх тустай. Ганцаардлын хаалгыг нээж, өөрийгөө түүнээс чөлөөлөх түлхүүр бидний гарт бий.
Эх сурвалж: The New York Times
Бэлтгэсэн: Б.Цагаандалай