UBLife Logo
Newsfeed

Зурхай | Үнэхээр дурласан ордууд ямар араншин гаргадаг вэ?

Зурхай | Үнэхээр дурласан ордууд ямар араншин гаргадаг вэ?

Үнэнийг л хэлье. Заримдаа би зурхайд үнэхээр итгэхгүй гэж бодож байлоаа ч өөрийн эрхгүй уншиж, сонирхож, хардаг юм л даа. Заримдаа гайхалтайгаар яг л таарч, гайхшруулах үеүд цөөнгүй бий. Бид төрсөн гараг эрхэс, од, цаг хугацаанаасаа хамааран яаж бие хүн болж, төлөвшиж, аливаад хариу үйлдэл үзүүлж болдог нь бас л гайхширмаар. Та зурхайд үнэхээр итгэдэггүй байлаа ч заримдаа уншаад үзэхийг зөвлөж байна. Юу буруудна гэж? Хэтэрхий автчихгүй л бол, бусдаар үнэхээр сонирхолтой шүү.

Illustration, Kiki Ljung.

Хонь

Нас, хүйсээс үл хамааран Хонины ордныхон танд сэтгэлтэй эсэхийг мэдэх гарцаагүй нэг арга бий. Тэр нь; Тэд таныг өдөж, маргаан өдөх болно. Шууд л хэрэлдээд эхэлнэ гэсэн үг биш л дээ. Харин сээтгэнэх болон үгэн тулаан өрнүүлэхийн дундуур гэж ойлгох хэрэгтэй. Таны ямар хариу үйлдэл үзүүлж, хэрхэн сөрөхийг харах гэж буй хэрэг л дээ. Хонины ордныхныг “Ares“ Грекийн домогт Дайны бурхан хэмээдэг. Тэд хайраас гадна өөртэй нь эн зэрэгцэх өрсөлдөгчийг мөн хүсдэг гэж ойлгож болно. Тэд хамтрагчаа хүчтэй, бие даасан, зоригтой байгаасай гэж хүсдэг. Мөн арыг нь даах, дэргэд нь зогсоод хамт аливааг туулах нэгнийг хүлээдэг. Эргүүлэн өдөж, тоглоом хийж, ухаалаг хариу барьж, тоглоом наадгай хийгээд үз. Мөн хамгийн гол нь өөрийнхөөрөө, бие даасан, хүчирхэг нэгэн гэдгээ харуулаарай.

Үхэр

Энэ ордныхон хайр сэтгэлээ бусад бүх зүйлээ яаж хийдэг, яг түүнтэйгээ ижил хийдэг буюу маш удаанаар мэдрүүлдэг. Зөв цаг нь ирлээ гэж бодох хүртлээ тэд таны хүсэн хүлээгээд буй сэтгэл уярам үгсийг хэлэхгүй л болов уу. Тэвчээртэй байх хэрэгтэй. Хэрэв үнэхээр танд сэтгэлтэй эсэхэд эргэлзэж эхэлбэл тэдний үйлдлийг сайн анзаарах хэрэгтэй. Дарс ууж суунгаа хамт юуны ч юм тухай хамаагүй чалчиж чадаж байвал, сайхан магтаалын үгс хэлж, итгэл дааж чадаж байвал… Аан бас бэлгүүд! Танд л гэж зориулж бяцхан бэлгүүд өгч байвал эргэлзэх юун. Яагаад өгч байгаа юм бэ гэж асуухад чинь харин “зүгээр л…“ гэж хариулж магадгүй. Чамайг санагдуулаад, чамд таалагдана гэж бодоод авсан бол тэр үнэхээр таны тухай боддог л гэсэн үг. Тэдний хайрын хэл нь хуваалцах бас өгөх байдаг.

Ихэр

Тэд үргэлж л инээдтэй, хөгжилтэй байдаг л даа. Гэхдээ зөвхөн чамайг инээлгэхийн тулд бүх чадлаа дайчилж байвал эргэлзэх зүйлгүй гэсэн үг. Тэд таны хажууд боломж гарах бүрийд л байхыг хүснэ. Жижиг сажиг зүйлсээр баярлуулж, зугаацуулахыг оролдоно, хамт ямар нэг үйл ажиллагаанд явах, ярилцаж суухыг хүснэ. Чамайг боль гэж хэлэх хүртэл тэр чамд маш их цагийг зориулж, гайхшруулахыг оролдсоор байх болно. Гэхдээ хэн тэдэнд үгүй гэж хэлж чадна гэж? Хэчнээн хүнд зөвхөн өөрийг нь гэж бүхнийг хийх, хүсвэл комидиан байж чадах, гайхшруулж чадах хүнтэй байх боломж гарна гэж?

Мэлхий

Таны хайрлаж, татагдаж буй Мэлхийн ордны нэгэн таныг эргүүлэн хайрлаж байна уу гэдгийг удаан гайхаж, эргэлзэх шаардлагагүй. Тэд их сонгодог байдлаар сэтгэлээ илэрхийлдэг бөгөөд үүнийг та маш сайн анзаарах хэрэгтэй. Тэд танд зориулж хоол хийж, ямар нэг нарийн нандин амттан бэлтгэж өгөх болно. Мэдээж хэрэг энэ ордныхон тийм зүйлдээ сайн болохоор таны хувьд хангалттай баталгаа болж чадахгүй байж мэднэ. Тэгвэл цэцэг, магтаалын үгс, чимээгүй боловч чиний төлөө хийж өгдөг жижиг үйлдлүүд бол эргэлзэх аргагүй. Магадгүй хамтдаа үзэсгэлэн үзэх, нэгнийдээ очоод юуны ч тухай хамаагүй ярилцан суух, чамайг танин мэдэхийг хүсэх… Тэдний чимээгүй үйлдлүүд, чамд гаргаж буй цаг зав, чиний хажууд байх хүслийг үл таах аргагүй.

Арслан

Тэд өрөөний булангаас анх удаа өөр байдлаар харах мөчид л тоглоом эхэлсэн болохыг чи ойлгоно. Өөдөөс нь харахад илүү нухацтайгаар чам руу ширтэх нь тэдний хайрын хэл байж мэдэх юм. Тэд бол зартай сээтгэнэгчид. Тэгэхээр чи үнэхээр түүний хувьд чухал хүн үү эсвэл хэсэг хугацааны үйл явдал болоод дуусах уу гэдгийг мэдэхэд их энгийн. Чамд бол тэр ямар ч чухал ажилтай байсан цаг гаргах болно. Нэг л мэдэхэд түүний ирэх долоо хоногийн хуваарь хоосон болж, чиний юу хийхийг сонирхоно. Өдрийн хоол, оройн зоог, хамтдаа гадуур явах, кино үзэх, бүр амралтын өдрүүд хүртэл чамд нээлттэй болно. Тэд чамд цаг гаргахыг хүсэж, хамтдаа ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэдэг нь хангалттай том шинж тэмдэг билээ. Тэгэхээр, амжилт хүсэх л үлдэх шив.

Охин

Тэгэхээр эдгээр нямбай боловч үл ойлгогдом санагдах нэгнийг өөрийнхөө гэж дуудмаар байна уу? Гайхалтай, гэхдээ эхлээд чи өөрийгөө хангалттай цэгцэлсэн нь дээр байх. Үгүй бол тэд цэгцэлж эхлэх болно. Танай гэрт ирсэн оройноо тэр аз жаргалтайгаар номын чинь тавиур дээрх бүх номыг томоос нь жижиг рүү нь өрж тавьж мэднэ. Бас өрөөг чинь чимэх сонин содон, гоё зүйл авчирч, үлдээхээ ч мартахгүй. Тэд хайртай хүмүүсээ тав тухтай байлгахыг хүсдэг. Учир нь тав тух, зөөлөн хайрыг чамайг хүртэх ёстой гэж боддог учраас тэд үүнийг мэдрүүлэхийн төлөө юуг ч хийхэд бэлэн байна. Тэд чамд дуртайяа тусалж, ямар ч үед хажууд чинь байх болно. Тиймээс санаа зоволгүй зүгээр л талархан хүлээн авч, тэднийг үнсэж, хийж байгаа зүйлээ асуудалгүй дуусахад нь орон зай, цаг хугацааг нь өг. Тэгээд л болоо.

Жинлүүр

Хайр татам энэ ордныхон өөрт чинь сайн эсэхийг гайхаж суухын оронд бусадтай ямар байгааг нь анзаарах чухал. Тэд цаанаасаа л бусадтай яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн бөгөөд нээлттэй, уриалгахан байдаг. Хэрэв энэ байдал нь таныг хардаж, хэцүү байхад хүргэвэл өөр ордны нэгнийг сонгох нь дээр. Үнэхээр шүү. тэд байгалиасаа л ийм. Гол нь бусадтай ямар байгааг нь анзаарсны араас өөртэй чинь ямар байгааг харах хэрэгтэй. Тэд чамд илүү сайхан хандах болно. Тэд дурласан бол хэнээс ч илүү тэр хүнтэйгээ илүү сайхан харилцаж, зөөлөн байдаг. Мөн чамд хоч өгөх, өөрийн гэсэн өвөрмөц байдлаар чамайг дуудаж, илүү дотночлох болно. Тэр болгон бүтэн нэрээр чинь дуудаж, бусадтай адил харилцахгүй л болов уу. Мөн илүү уриалгахан байж, хамт олон зүйлийг туршиж үзэхийг хүсэх болно.

Хилэнц

Та төрөлхийн сайн анзаардаг, бага зэрэг зөн совинтой хүн бол анхны сэтгэгдлээсээ л тэднийг мэдрэх болно. Тэднийг өөртөө татагдсан хэвээр байлгахын тулд мөн л маш сайн анзаардаг байх ёстой болно. Тэд сонирхсон хүнээ маш удаан хугацаанд, ойроос анзаардаг. Гэлээ ч шууд өөрийг чинь байнга нэвт ширтээд сууна гэсэн үг биш л дээ. Тэгвэл хэтэрхий ойлгомжтой биш гэж үү? Төрөлхийн мөрдөгч шинжтэй ордны энэ хүмүүст мэдээж энэ нь бас сонирхолгүй. Тэд ямар нэг байдлаар таныг анзаарсан байх бөгөөд гүндээ нууж байгаа зүйлийг чинь ч гадарласан байх болно. Тэд үнэхээр дурласан үедээ тэр хүнээс харцаа салгадаггүй. Гэхдээ энэ нь шууд бус магадгүй толин тусгалд л баригдах болно. Анзаараагүй байхад чинь тэд таныг тасралтгүй ширтэж, өөрөө ч мэдэлгүй ямар нэг зүйлээ унагаачихсан байвал авч өгнө. Гэнэдүүлж байгаад нэг харахад тань харц тулгарах вий. Өөрийгөө огтхон ч мэдэгдүүлэлгүй хайрладаг нь тэдний нэг сэтгэл татам чанар бөгөөд бас сул тал юм. Хажууд чинь чимээгүйхэн боловч оршиж, анзаарч байгааг нь мэдрэх хэрэгтэй.

Нум

Аливаад нээлттэй хандаж чаддаг байдлыг чинь тэд ихээн үнэлэх болно. Тэд бараг л өдөр бүр чам руу залгаж эсвэл зурвас илгээж, байнга холбоотой байх болно. Мөн хамт зугаалах, аялах санал хүлээн авбал бүр ч баталгаатай. Нэг өдрийн ойрхон болзоо байлаа ч, гэнэт гадаад руу нисэх тасалбар захиалах байлаа ч ялгаагүй. Энэ бол гарцаагүй баталгаа юм. Гэхдээ энэ хүртэл их хугацаа орвол гайхах хэрэггүй. Энэ ордныхонд эрх чөлөө гэдэг нэн чухал. Зөв хүнээ сонгохдоо ч тэд маш чухалчлан үздэг бөгөөд нэг хайрласан хүнээ тэд байгаа бүхнээрээ хайрлаж чаддаг. Аялалд хамт гарах зөв хүнээ сонгох нь тэдэнд хамгийн хэцүү бөгөөд таныг хаа нэгтээ тийшээ цуг явъя гэж байгаа нь тэдний хувьд үзүүлж буй хамгийн том итгэл юм.

Матар

Дүрэм журам, хуваарь, хийх ёстой зүйлийг хийх ёстой арга барилаар нь хийх… Энэ бол матрын ордныхны хувьд чухал зүйл. Хэрэв тэд танд татагдсан бол бүх зүйлд тань дуртайяа оролцоно. Тэд нэгэнт шийдсэн бол ухарч няцахгүй, бас чамайг төөрөгдүүлэхгүй. Түүний дэргэд байж чадах зөв хүн нь гэдгээ харуулахад танд бага зэрэг хугацаа орж мэднэ. Гэхдээ үүрд биш. Тэд чамайг бүрэн таньж чадсан, эсвэл ярилцаж мэдэж авсан бол тэд үйлдлээ бүрэн таниулах болно. Танаар таавар таалгуулахгүй, шууд л мэдэгдэнэ. Тэд шууд л нухацтай яриа өрнүүлж, тоглоогүй гэдгээ бүрэн мэдрүүлнэ. Хэрэв тэгж хэлсэн бол, та ч азтай юм аа.

Хумх

Тэд чиний мөр, нуруу эсвэл биеийн бусад хэсгийг анхааралтай ажиглаж, ямар төрлийн шивээс, зүүлт, бөгж, хувцас үнэхээр сайхан харагдахыг санал болгосноор хайраа харуулдаг. Мөн тэд чиний сайхан зүйлийг магтаж, сэтгэгдлээ илэрхийлнэ. Анхнаасаа чамайг хүлээж авах хүн гэж бодоогүй бол тэд энэ тухай ам нээх ч үгүй. Хамтдаа дэлгүүр хэсэж, шивээс, пирсинг хийдэг газар луу хөтлөөд орж ч мэднэ. Мөн тэд чиний хийсэн, бүтээж буй зүйлийг үнэхээр нухацтай үзэж, чин сэтгэлийн, үнэн зөвлөгөө сэтгэгдэл өгдөг. Өөрийн очих дуртай газраараа, хүрээлэл дундаа чамайг татан оруулж байвал, хажууд чинь өөрийнхөөрөө байвал тэр үнэхээр дурласан гэсэн үг. Өөрийнхөө л хийдэг инээдтэй, хөгжилтэй зүйлийг хуваалцаж, хачин содон зүйл хамт туршмаар байгаагаа хэлж байвал, тэгээд л гүйцээ. Тэр үнэхээр чамд сайн.

Загас

Дурласан Загас илүү илүү ичимхий талдаа байх хандлагатай. Зарим нь бүр бусдаасаа ч илүү дотогшоо болж хажууд чинь биеэ барьж, дуугаа хурааж мэднэ. Хэрэв тэднийг анхны алхмыг хийгээсэй гэж хүсэж байвал, ичимхий төрлийн Загасууд алхам хийж чадалгүй таныг асар удаан хүлээлгэх вий. Бусад бүх Усны ордныхонтой ижил, тэднийг үнэхээр анхаарч, хайрлаж буйг нь анзаарахын тулд та нэлээдгүй ажиглах хэрэгтэй болно. Чамд өгөх нэг л зөвлөгөө гэвэл; Загасны ордныхон чамд сайн болбол тэд хажууд чинь ярихад хэцүүхэн болж мэднэ. Гэхдээ аль аль нь нүүр хагарч, илүү их цагийг өнгөрөөж эхэлбэл тэд илүү дуу шуутай болж, өөрсдийн нуугдмал талыг харуулах болно. Тэд үнэндээ маш хөгжилтэй, тоглоомтой, чалчаа, бодсоноос чинь өөр нэгэн байх вий. Тэд зөвхөн итгэдэг хүмүүстээ л ийм талаа харуулдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.