“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдтой маргааш болох Дэлхийн театрын өдрийг угтан ярилцлаа. “Өөрийгөө алах” гэдэг үгийг анх удаа ярилцагчаасаа сонсож үзлээ. Эхэндээ энэ үг илэрхий утгын алдаатай тул инээд хүргэсэн. Ярилцлагын төгсгөлд энэ үгэнд мэхийгээд салав. М.Батболд найруулагч “өөрийгөө алж” дахин төрж, хаана ч байдаггүй тэр төгс төгөлдөрт ойртон дөтлөхүйд амьдардаг аж.
-Монголоос анх удаа жүжгийн найруулгаа франчайзаар гадаадын театрт арилжсан найруулагч Та боллоо. Найруулгын ажлаа зарна гэдэг нь яг юуг хэлдэг юм, ямар үйл явц болдог юм?
-Юуны өмнө Тантай ярилцах завшааныг талархан хүлээж авснаа илэрхийлье. Франчайз бүх салбарын бизнест хэрэглэдэг гэрээний төрөл шүү дээ. Манай театрын амьдралд анхны тохиолдол энэ болсноос биш оюуны өмчөө худалдах үйл явц дэлхийн театрын урлагт нэлээд түгээмэл арилжаа юм. Бродвейн театруудад, мөн Англи, Герман, Азиас Хятадын гээд орчин үеийн олон театрт хөгжсөн, Орост ч хөгжиж эхэлж байгаа зүйл. Найруулагч жүжиг тавьсан шийдлээ худалдах энгийн ойлголт. Миний хувьд “Амьдрахуй” жүжгийнхээ найруулгын ажлаа ОХУ-ын Тувагийн Үндэсний их театрт франчайзын гэрээгээр худалдах болсон. Энэ жүжиг тоглож байх үед тус театрын утга зохиолын судалгааг хариуцдаг Эмилия Ховалыг Улаанбаатарт байж таараад үзэж сонирхсон юм билээ. Тэгээд хэсэг хугацааны дараа худалдаж авах асуудлаар Тувагийн театрын удирдлагатай хэдэн удаа уулзаж ярилцсаны эцэст наймаа тохирсон гэх үү дээ. 20 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Одоо Кызыл дэх Үндэсний их театрт Үй Хуагийн “Амьдрахуй” жүжиг миний найруулгаар тоглох эрхтэй болсон. Хувцас, хөгжим, тайзны зураг декорацаас эхлээд миний найруулга бүх шийдэлтэйгээ 100 хувь хуулбарлагдан тэр театрт тоглоно. Би жүжгээ нээхийнх нь өмнө очиж бүх шийдлээ тодорхой зураг, бичлэг материалаар нь хаалттай гэрээний дагуу хүлээлгэж өгнө, тэр дагуу үйлдвэрлэл тухайн театрт хийгдэх ёстой.
-Тувагийн Үндэсний их театр ОХУ-даа аль зиндаанд хэмжигддэг газар вэ?
-90 жилийн түүхтэй, цуутай найруулагчдын өлгий болсон театртай танилцаад ирсэн шүү. Миний хүндэтгэдэг Москвагийн театруудыг санагдуулсан. Олон улсад нэр алдраараа танигдсан найруулагчдын жүжгүүдийг франчайзаар тавьж ирсэн туршлагатай ч театр юм. Орчин үеийн мэргэжлийн театрын чиглэлийг барьж хөгждөгөөрөө, техник технологи нэвтрүүлснээрээ Оростоо өрсөлдөхүйц хэмжээнд явж байна шүү. Жүжигчид нь мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, театрын дотоод зохион байгуулалтын хувьд ч нягт үйл ажиллагаатай. Үзэгчид нь дүүрэн байхыг харах сайхан байлаа.
-Яг аль тал түрүүлж санал тавьсан нь сонин байна. Ажил мэргэжил нэгт тува эмэгтэй жүжиг үзээд баяр хүргэн уулзсаны дараа..?
-Тувагийн талын саналаар бид яриа хэлэлцээнд орсон. Тэд мэргэжлийн, орчин үеийн чиг хандлагатай найруулагчийг хайж байх үе нь таарсан. Захирлаар нь орчин цагийн театрын хөгжилд санаа тавьж яваа мундаг залуу ажилладаг юм байна. Гэрээ хэлэлцээр ч харилцан ойлгосон, мэргэжлийнхээ сайхныг хүндэтгэсэн ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн.
-Түрийвч рүү өнгийх зохимжгүй ч Монголоос анх удаа жүжгийн найруулгаа борлуулсан хүнтэй уулзаад асуулгүй өнгөрөмгүй нэг асуулт байна. Та тэнд тавигдаж байгаа жүжгийнхээ орлогоос 20 жилийн турш төлбөр авах уу, эсвэл тэд төлбөрөө бүрэн өгсөн үү?
-Шууд зарах тохиролцоо хийсэн. Шуудхан хэлэхэд, үнийн дүн тодорхой хэлэх зохимжгүй байдаг. Ер нь бол тува нөхөд өндөр гэж хэлж болох үнээр худалдан авсан.

-Цаг үе болгонд драмын театрын хүчтэй өрсөлдөгчид урган гарсаар л ирж. Кинотеатр, телевиз, интернэт гээд л... Одоо сошиалаар бүх урлаг нэвтэрч, хүмүүс сошиалд улам бүр завгүй болчихлоо. Ийм цаг үеийн театрын найруулагч байна гэдэг олон бэрхшээл, мухардал, за бас дажгүй франчайзинг гээд л юм юмтай л учирч байх шиг. Та Монголын театрын өнөөдрийн хөгжлийг хэрхэн дүгнэж, төлөвийг нь хэрхэн тодорхойлох вэ?
-Арван хэдэн жилийн өмнө сэтгэл судлалын шинжлэх ухаан ид сонирхож явахад надад багш маань сонин үг хэлсэн юм. Юу вэ гэхлээр, хүн аль нэг байгууллагын хаалга татаад ажиллаж эхэлсэн л бол таван жил юу ч битгий дуугар аа гэж. Чи зүгээр л ажил төрөлтэйгөө, байгууллага хамт олонтойгоо, салбартайгаа л танилц. Энэ 5 жилд чиний үг үнэ цэнгүй, харин дараа нь дуугарах, эсэхээ өөрөө мэдэж болно оо гэж. Анх сонсоод гайхдаг байсан энэ үгийг одоо бол ойлгож байна. Би театрын урлагт орж ирээд дөнгөж л одоо зургаа дахь жилээ дуусгаж яваа хүн. Дунд нь тохиолдсон ковидын үеийг хасвал тасралтгүй 5 жил ажиллажээ. Дөнгөж төгсөж ирээд би дуугүй байсан, ерөнхийдөө ажигласан, хийх юмаа хийсэн. Одоо бол юуг яах ёстойг харж байна. Театрын урлаг хүн төрөлхтний оюун санаа, ухамсар, сэтгэлгээний салбар болохын хувьд бид шударга, зарчимч хандах ёстойн үүднээс эрүүл шүүмжлэлийг хэлж, засаж сайжруулж явах нь зүй ёсны байр суурь юм. Театрын асуудал бол эцэст нь үзэгч буюу нийгэм хохирдог, эсвэл үзэгч буюу нийгэм хөгждөг ийм л асуудал. Монголын театрын урлаг өнөөдөр мэргэжлийн бус хандлага, чиглэлтэй болчихсон, шулуухан хэлэхэд унаж байна. Идээ бээрэндээ бугласан ялзралыг гар хугаравч бугуй дотроо, олгой хагаравч тогоон дотроо гээд чимээгүй өнгөрүүлээд сурчихаж. Монгол аймшигтай уналтын үедээ явж байгаа учраас үүнийг эсрэгцэн шинэлэг тод өнгө аясаар өөрийгөө цэнэглэн тэсрэх хүсэл бадарч, орчин цагийг өөрийнх нь онцлог мөн чанартай тээн урагшлуулсан гарц шийдлүүд нээгдэж байгааг хүмүүс анзаарч байгаа байх. Унаж байгаа үйл явц театрын урлагт оролдлогууд, туршилтууд, магадгүй амжилтуудыг авчрах нь цаг хугацааны л асуудал. Өнөөдөр олон театр үүсэн байгуулагдаж, залуучууд олон газар жүжиг тавьж, оролдож туршаад явж буй нь маш зөв, маш сайн хэрэг. Энэ үйл явц үзэгчдийг театрын урлаг тийш анхаарах, татагдах том нөхцөл яг мөн гэж би үздэг. Харин үүний дараагийн үе шат юу вэ гэхлээр, үзэгчид найруулагчийг, жүжгийн зохиолчийг сонирхож эхлэх ёстой. Үзэгчид жүжгийн агуулга яриад эхэлснээр сэтгэл зүйн задлалыг өөртөө хийж, ухамсрынхаа түвшинд өөрийн гэсэн дэвшилд хүрч, соён гэгээрэлд дөт очих учиртай. Бид яг үүний өмнөхөн тулаад ирсэн гэж бодож байна. Бидний өнөөгийн шат бол олон театрт залуучууд жүжгээ нээгээд, энэ олон үзэгч орж сонирхоод явж байгаагаар тодорхойлогдоно. Уналтаасаа босох, хөгжиж дэвжих том цөм бүрэлдэн бий болж байна гэж харж байна.
-Үзэгчид жүжгийг яг найруулагчийн тавьснаар нэг хүн шиг хүлээн авч ойлгохыг сайн театр, сайн үзэгч хэмээн үзэх “Найруулагчийн санааг чи яагаад ойлгоогүй юм” гэдэг асуулт ба үзэгч жүжиг үзээд дүрүүд, үйл явдалтай сэтгэл санаагаараа нэг шугаман дээр зогсож, толгой дотроо өөрийн хувилбараар найруулахыг оролдож, тайзтай шууд холбогдож бас зөрчилдөж үзэхийг жинхэнэ орчин үеийн театр юм гэх энэ хоёрын заагт бид явж байна гэж ойлгож болох уу?
-Жинхэнэ театр бол ямар нэгэн үзэл санааг хүнд тулган заах ёсгүй. Үзэгч өөртөө асуулт тавиад өөртэйгөө ярилцах боломжийг л жүжиг өгөх ёстой.
-Хоёулаа Таны “1984” жүжгийн тухай ярья. Жүжгийн олонлогоос өөрийгөө харж тавгүйрхсэн нь ч, Том ахыг шүтэн биширсэн нь ч бий л биз. УИХ-ын 2024 оны сонгуулийн өмнөхөн тавьсан жүжиг. Найруулагчаар жүжгийг нь тайлбарлуулахаар шахах шиг бүдүүлэг явдал байхгүй л дээ. Бид хөгжлийнхөө өмнөх шатанд яваа гэх тодорхойлолтыг танаас авсан учраас “1984” жүжгийг ер нь яагаад сонгосныг тань бас асууя. Энэ жүжиг Таныг хэрхэн өдөөсөн юм, энэ жүжгээр хүмүүсийг яагаад хатгамаар санагдсан юм?
-Хувь уран бүтээлчийн хувьд надад эмзэглэл байдаг, миний өвдөлтөөс төрсөн бүтээл. Үнэндээ улс төрийн гэхээсээ миний эмзэглэл дэлхий хаашаа чиглэж байна вэ гэдэгт байсан. Хиймэл оюун ухаан эй ай технологи цаашид хүнийг удирддаг болох вий гэсэн асуулт байсан. Том гүрнүүд хүнийг кредитжүүлээд хэнд үйлчлэх, үйлчлэхгүйг шийдэж байна. Нэг ёсондоо хүний хандлага, сэтгэл зүйг оношлоод, нийгмийн харилцаанд оролцох, эсэхийг нь зохицуулдаг систем рүү орж эхэлсэн. Хүн төгс тогтолцооны гар хөл болж яваад органик эрх чөлөөгөө хаан боогдуулах эрсдэлийг өөрийн мэдэлгүй гааруулж байгааг олж харсан эмзэглэлээс үүдсэн бүтээл юм. Яагаад улс төрийн сонгууль дөхүүлээд тавив гээд хүмүүс олон янзаар харсан байх. Мөнгө төгрөг авсан, хэнээс авч тавьсан гээд л. Харамсалтай нь театрын урлагийг тоож мөнгө өгдөг улс төр, улстөрч ч гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл театрын урлаг ямар ч хэрэггүй утгагүй салбар гэж боддог аймшигтай цаг үед бид амьдарч байна.
-Театрын үзэгчдээс нийгмийн идэвхтэй хэсэг төрөн гарч, учир зүйг эргэцүүлдэг шүүмжлэлт сэтгэлгээ давамгайлах нь одоогийн улс төрд нэг их ашигтай зүйл биш байх?
-Улс оронд ашигтай шүү дээ, улс төрд ашигтай үгүйг л мэдэхгүй юм. Ер нь бол ирээдүйг би “тун удахгүй маргааш” л гэж ярих дуртай. Маргаашаас эхлээд театрын үзэгчдийн дундаас, сэтгэл зүрхний боловсролтой хүмүүс улс төр рүү ороосой гэдэг хүсэл мөрөөдөл надад байдаг.

-Мөнгө санхүү гэснээс "Орфей" театр хаанаас мөнгө босгож жүжгийн бэлтгэл болон шаардлагатай бусад санхүүгээ хангадаг юм бэ?
-Өөрсдөө л. Хувийн театр учраас улсаас өгдөг цалин, хангамж байхгүй, хувцсаа худалдаж авдаг, ширхэг гэрэлд ч түрээс төлдөг. Бид хамгийн өндөр үнээр жүжигчдээ бүрдүүлж уран бүтээлээ тавихад бэлэн явдаг хувийн театр шүү дээ. Тайз түрээслэх газрынхаа аманд багтаад ямар ч хүнд хэцүү нөхцөлд тогтож үдэхийн төлөө тэмцэж байгаа. Гэхдээ энэ олон залуу театрт ирээдүй байгаа шүү. Тэмцэж байгаа, хөдөлж урагшилж байгаад нь ирээдүй байдаг.
-Гэхдээ бид чинь 18 тэрбум төгрөгийг үзэгчдийн урлаг шимтэхэд нь төрөөс зориулахад бэлэн соёлтой төсөвтэй улс оронд амьдарч байна шүү дээ?
-Тэр нь бидэнд хүртээлгүй. Төрийн мэдлийн соёл урлагийн байгууллагуудын санхүүжилттэй холбоотой яригдсан мөнгө байх.
-Танд улсын театрт ажиллах боломж байсан шүү дээ. Түрээс, цалин яана аа гэж толгойгоо өвтгөхгүй, УДЭТ-таа зөвхөн уран бүтээлдээ төвлөрч болоогүй юм уу?
-Нэг жүжгээс дараагийн жүжиг рүүгээ эрх чөлөөтэй нисэх жигүүртэй байж гэмээнэ бүтээн туурвих аз жаргал нь тэр. Би ийм аз жаргалтайгаа үлдэхийг сонгосон. Найруулагч хүний заяагдмал мөн чанар нь эрх чөлөөний мэдрэмж юм. Юу хийх ёстойгоо ухамсарлах нь л түүний гол мөн чанар. Мэргэжлийн найруулагч хүн хаана ч театр байгуулж, нэг ертөнцийг нөгөөтэй холбож чадах ёстой. Театр бол оюун санааны эрх чөлөөний олонлог дээрх соён гэгээрлийн асар том тэсрэлт гэдэг утгаараа ямар нэгэн байшинд, платформд, юунд ч хүлэгдэхгүйгээр амилж байх цөм. Тэгэхээр би тэр тэсрэлтийн хүчийг атгаж байх ёстой хүн байтлаа мэргэжлийн эрх чөлөөгүй, аз жаргалгүй бол ажиллаж чадахгүй шүү дээ. Найруулагч л юм бол театр ба үзэгчийн эрх ашигт нийцүүлэн өөрийнхөө тав тух, давуу байдлыг золихоос аргагүй. Би сайн найз, сайн ах, сайн дүү, эсвэл сайн долоогч байх эрхгүй.
-Драмын эрдмийн театрт ажиллахаар таны эрх чөлөө, тэсрэлт, таны үзэгчид байхгүй болох гээд байжээ дээ?
-Шулуухан хэлье, тийм. УДЭТ-ын удирдлагаас хоёр, гурван жилийн өмнө надад санал тавьж би ч дуртай зөвшөөрч байлаа. “Орфей” театраа байгуулчихсан, жигүүрээ дэлгэчихсэн, өөрийн гэсэн цөмийг асаачихсан явж байж л давхар ажиллах гэж үзсэн. Яагаад гэвэл, аавын минь 50 жил ажилласан, мэдээ ороод л миний олж харсан, үнэрлэсэн олон сайхны доторх хамгийн сайхан газар УДЭТ учраас шүү дээ. Эндэхийн жижүүртээ, үе үеийн жүжигчдэдээ хайртайдаа өөрийн эрхгүй татагдаж орсон. Тэнд хаягтай болсон мөртлөө хувийнхаа театрт 2-3 жүжиг хийлээ. УДЭТ-т жүжиг хийж амжаагүй гарсан. “Орфей”-н инерц тэсрэлтээс тэсрэлтэд хүч аван урагшилж байгаа энэ үед УДЭТ-таа миний цаг ирэхэд эргэн очъё гэж шийдээд гарсан.
-УДЭТ-т Таны цаг ирээгүй юм байна гэдгийг Та яаж мэдсэн юм?
-УДЭТ нэг хүний театр болон хувирч байна. Тэнд тогтож ажиллавал хийх зүйл их бий. Нэгмөсөн хоёргүй сэтгэлээр 100 хувь хандаж байж асар их зүйлийг өөрчлөх хэрэгтэй юм билээ. Мэргэжлийн бус хандлага бүхий удирдлагатай газарт өөрчлөлт хийх нь асар хүндрэлтэй. Тиймээс цаг нь ирээгүй гэж хэлж байгаа юм.
-Н.Наранбаатар найруулагч театрт шинээр ирсэн Батболд, Ёндоншарав нараас академик тайзанд тохирох жүжиг хүлээсэн. Тэгтэл ерөөсөө болохгүй байж, түүнийхээр. Таны УДЭТ-аас гарсан шалтгаан нь Н.Наранбаатар найруулагч та хоёрын мэргэжлийн театрын талаарх зөрүүтэй байр суурь гэж ойлгосон?
-Манай улсын бүх салбарт аймшигтай бурангуй хандлага байдаг нь гар хугаравч бугуй дотроо, олгой хагаравч тогоон дотроо гэдэг ойлголт гүн бат суурьшсан явдал. Идээ бээрэндээ баригдаж ялзрах шалтгаан ердөө энэ. Ялангуяа нийгмийн соён гэгээрлийн салбар байнгын цэвэр агаар орж, судалгаа шинжилгээ, шүүмжийн эрүүл цэвэр урсгалд цэвэршиж хөгжиж байх ёстой. Гэтэл одоо нэг хүн явцуу эрх ашигтаа бүгдийг чиглүүлээд эхлэхээр юу болж хувирах вэ?
-Та бас УДЭТ-ын хэдэн үед гэрэлтэж чадсан од аавыгаа театрын удирдлагын өмнө өөрөөс тань болж бүлтгэнээд байхааргүй нөхцөл байдлыг бодсон байх л даа.
-Тэгж бодлоо гээд ч ... эвлэрч, дуугүй өнгөрч болохгүй л дээ. Хулчгар амьтан болж хувирахыг өөртөө зөвшөөрөхгүй. Би сайн дүү, сайн найз, сайн харилцаагаа золиосолж хэлж байгаагаа ойлгож байна. Өөрчлөгдөх ёстой гэдэг итгэл үнэмшилд найдаж л хэллээ.
-Би Таныг бусадтай муудалцуулах гэж энэ бүхнийг асуугаагүйгээ эртнээс хэлэх ёстой байх?
-Зүгээр ээ, би ойлгож байна. Наранбаатар найруулагч ч бас ойлгох байх. Түүнд ч бас урлаг гэдэг эрх ашиг байсаар л байгаа гэж найддаг л юм.

-Таныг сонгодог урлагийн өлгий, олон сэтгэгчдийг төрүүлсэн Орос оронд театрын найруулагчийн мэргэжил эзэмшиж ирээд Ф.Достоевскийн “Гэм зэм” жүжгээ тавихад Оросын соёл, шинжлэх ухааны төв тайзаа өгч байлаа. Жүжгээ РЦНК-д үргэлжлүүлэн тавих боломж байв уу?
-Дэлхийд хоёр гуравхан байдаг 150 жилийн түүхтэй мэргэжлийн урлагийн дээд сургуулийг би найруулагчаар амжилттай төгссөнөөрөө бахархдаг, Орос орны төрүүлсэн сонгодгуудад хайртай. Достоевскийн тэр агуу бүтээлийг хийх шалтгаан нь ч тэр. Орос орон намайг найруулагч болгосон гээд дандаа орос жүжиг тавихгүй. Би дэлхийн сонгодгуудыг үзэгчдэдээ хүргэх үүргээ туйлбартай гүйцэтгэнэ. Америкийн ч, Хятадын ч алдартай бүтээлийг хийх л болно. Гэтэл Оросын соёл шинжлэх ухааны төв маань өөрийн тодорхой байр суурьтай байгууллага учраас монгол найруулагчийн үзэл хандлагатай нийцүүлэн тайзаа хөнгөлөлттэй өгөх албагүй.
-“Орфей”-н 5 жилийн ойгоо тохиолдуулаад 5 жүжиг тавина гэж зарлажээ. “Амьдрахуй” жүжгээрээ нээх нь. Найруулгаа өөрчилсөн гэж дуулдлаа. Ер нь хүмүүст эхлээд ямар найруулга өгөх, дараа нь өөрчилж үзүүлэхэд чухам ямар шалтгаан нөхцөлдөж байдаг юм бэ?
-“Амьдрахуй” бол дэлхийн хэмжээний зохиолч Үй Хуагийн бүтээл шүү дээ. Монголд ирэхдээ жүжиг бүтээх гарын үсгээ манай “Орфей” театрт өгсөн нь туйлын азтай явдал юм. Мө. Батбаяр маань жүжгийн зохиолыг нь бичсэн. “Амьдрахуй”-г хүний тархинд хоёр цагийн дотор бүрэн ажиллуулахын тулд би үзэгчээ судлах, нийгмээ судлахад ямар агшинд аль агуулгыг ямар өнгө аясаар хэрхэн өгөх вэ гэдэгт шинийг эрэлхийлж, найруулгынхаа төлөвлөгөө, концепцыг боловсруулсан. Урлаг хаа ч байхгүй төгс төгөлдөрт байнга тэмүүлдэг хөдөлгөөнт шинжтэй юм. Төгс агшин руу тэмүүлдэг болохын хувьд би нэг удаа яг ийм туршилтын театр- лаборатори хийхийг зорьсон. “Амьдрахуй” бол судалгааны асар том талбар болсон. Жүжгийн нээлтийн хувилбарын дараа найруулгаа хоёр удаа өөрчилсөн. Одоо гурав дахь хувилбараа нээнэ.
-Үзэгчдийн реакцаас үүдэж өөрчилдөг гэсэн үг үү?
-Үзэгчийг илүү зөрчилд автуулах, бодож эрэгцүүлэх шинж чанартай холбож найруулгын технологийг шинээр боловсруулах ажлыг эрчимтэй хөгжүүлсэн гэсэн үг. Энэ нь өмнөх найруулгуудаа муу хийгээд араас нь сайжруулчихсан гэсэн үг биш. Найруулагч эрэл хайгуул хийсэн гэсэн үг. Өнөөдөр хүмүүс хүлээж авч байна, маш сайхан байна. Би ханах юм бол эрэл хайгуул зогсоно. Зүгээр таалагдсан гээд алга таших бол ерөнхий ойлголт шүү дээ. Ханаж л болохгүй. Задалъя аа, юу нь сайн байна, юу нь муу байна, яг энэ агшин үзэгчдэд таалагдсан байна гэдэг чинь яг яагаад, юу нь таалагдсан байж таарах вэ? Таалагдахын өмнө юу болов? Юу мэдэрсэн бэ? Сэтгэл зүйд нь хэрхэн нөлөөлсөн бэ? Театр дээд математик учраас үзэгчдийн дээд мэдрэмжийг задлан шинжилж оюун дүгнэлт гаргаж ирээд тухайн сцений найруулгыг төгс төгөлдөрт тэмүүлүүлэх нь л миний инженеринг болдог юм. Үзэгч болон агуулга хоёрын холбоосыг эрж хайснаас үүссэн найруулгууд гээд л ойлгочих. Одоо гурав дахь эрэл хайгуул дээр тавигдсан жүжиг маань хамгийн сүүлийн хувилбар буюу франчайзаар зарагдсан хувилбар.

-Дахиж өөрчлөх үү?
-Мэдэхгүй. Бүх жүжгийн зохиол, зохиолын агуулга мөнх. Түүнийг хэлбэржүүлэх найруулга бол мөнх бус. Өнөөдрийн үзэгчдийн хүлээж авч байгаа найруулгаар маргаашийн үзэгч хүлээж авахгүй. Ийм зүйлийг эрх ашгаа болгоно гэдэг өөрийгөө алахтай адил зүйл. Өчигдрийн агуулгыг маргаашид нийцүүлэхийн тулд үзэгчдээ ахин дахин судалж, найруулгаа шинэчлэн боловсруулна гэдэг бол уран бүтээлч өөрийгөө алж эцэс төгсгөлгүй төрөх боломж юм. Өөрийгөө байнга голж, хөгжиж байх ёстой.
-“Орфей”-н 2025 оны шинэ төлөвлөгөө юу байна?
-Театрчилсан кино хийхийг зорьж байна. Театрчилсан кино олон улсын театрын урлагт гарч ирж байгаа бас нэг том шинэ дэвшил. Ковидын үеэс Английн Үндэсний их театрын болон Бродвейн театрууд, Германы театрууд нэлээд туршлагажиж байна л даа. Театрын жүжгийг кино стилиэр боловсруулах лаборатори руу бид сонирхон орж байна.
-Батболд ба жүжигчид гэдэг харилцаа бас их сонирхолтой сэдэв байна л даа. Та жүжигт хэнийг тоглуулахаа өөрөө сонгодог уу. Ажиллахад хялбар байх мэргэшсэн түвшнээр нь үү, энэ жүжигчин яг тохирно гэдгийг Та яаж олдог юм. Ер нь жүжигчидтэй яаж ажилладаг вэ?
-Жүжигчдийг би сонгодоггүй, зохиол сонгодог юм аа гэж би хэлэх дуртай. Тухайн дүр болгон зохиолын агуулгадаа өөрийн гэсэн сэтгэл зүйн шинж чанартай онцлог ертөнц байдаг. Жүжигчид ч бас өөрийн гэсэн тусдаа ертөнц. Энэ хоёр ертөнцийн огтлолцлыг л олох чухал шиг байгаа юм. Жүжигчний хувь хүний өсөлт хөгжилтөд зохиолын дүр нөлөө үзүүлж жүжигчинд том дэвшил, заримдаа магадгүй сэтгэл зүйд нь ч эмчилгээ болдог гэж би боддог. Яагаад энэ жүжигчинд энэ дүр мэргэжлийнх нь хувьд нээх, хувь хүнийх нь хувьд задлан тэлэх аппарат болохгүй гэж? Жүжигчин бүтээж байгаа дүрээрээ дамжуулан хэнээс ч нууж явдаг сэтгэлийн гэмтэл, далд зөрчлөө бусдын нүдэн дээр нээж үзүүлэх суваг бүхий ертөнц байж болохгүй гэж. Тухайн жүжигчинд тухайн дүр ямар нэгэн гоё шинэ боломж байх ёстойгоос жүжгийн амжилт харагдахад би дуртай. Өөрийнх нь төлөө үнэнчээр зүтгэх, хоёргүй сэтгэлээр амиа ч золиослоод дайрахад бэлэн цэргийг зохиолын дүр хүсэн хүлээж байдаг. Харин би энэ хоёрыг их сайн уулзуулж өгдөг гэж өөрийгөө боддог.
-Та жүжигчинд ярьж ойлгуулдаг төрлийн найруулагч уу, шахаж шаарддаг нь уу? Батболд намайг магтсан гээд урамшин зоригжих, гүнээ итгэх хэмжээний үнэ цэнтэй найруулагч гэж та өөрийгөө боддог уу?
-Эрхэм жүжигчдээ би магтах дуртай. Өнөөдрийн хувьд дөнгөж сая тайзан дээр хийсэн зүйлд нь зориулан талархлаа илэрхийлдэг. Маргааш санаанд хүрэхгүй бол магтахгүй ч байж болно.
-Та С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг хоёрыг нэг биш жүжигтээ урьж гол дүрүүдээ өгсөн тухайд?
-Хэн аль нь мэргэжлийн өндөр түвшинд өөрсдийгөө бэлтгэсэн жүжигчид. Хамтарч ажиллаж буй шинэ жүжигчдэдээ сургууль болж өгдөг. Дүрээ ойлгох, илэрхийлэх арга ажиллагааны технологи нь мэргэжлийн түвшнийг нотолж чадсан уран бүтээлчид шүү дээ. Зөвхөн авьяастай хүн дүр хийдэггүй. Авьяас, хар мэдрэмжээрээ, өнгөц ойлголтоор бүтэн жүжгийг авч гарна гэж байдаггүй. Эцсийн эцэст хоёр цагийн хугацаанд төгс агшин бүтээх гэж зорьж байгаагаа мэддэг, уусдаг. Тэгээд жүжиг тарлаа, эргээд амьдралынхаа цикл рүү орж бие сэтгэлээрээ чөлөөлөгддөг. Энд ухаан байна, тактик байна. Эцсийн бүлэгтээ математикийнх шиг загварчлалыг биедээ суулгаж байж хийдэг ажил шүү дээ.

-Таны жүжгүүдэд ажиллах нь залуу жүжигчдийн хувьд суралцах завшаан, мастер класс болдог байх нь..?
-Би одоо бас нэг хүсэл мөрөөдөлтэй болсон нь 2026 оноос жүжигчний мэргэжил дээшлүүлэх сургалт курс хичээллүүлье гэж. Мэргэжлийн сургуулийн 3 дугаар курсийн оюутнуудаас эхлээд жүжигчдэд дүр дээр ажиллах орчин үеийн чиг хандлагыг академик түвшинд боловсруулах сургалт. Өнөөдрийн Болд-Эрдэнэ шиг, Ганцэцэг шиг жүжигчнийг төрүүлэх ажлыг эхлүүлэхээр зорьж байна. СУИС-ийг авьяаслаг оюутнууд төгсдөг өө, гэвч тэднийг орчин үеийн театрын чиг хандлагад нийцүүлэн ажиллах шаардлагатай юм байна гэдгийг би одоо ойлгочхоод байгаа. Орчин үеийн чиг хандлага гэдэг маань дүр дээр ажиллах академик ажиллагаа л юм шүү дээ. Академик ажиллагаа гэхлээр буруу ойлголттой, сургалт нь ч байдаггүйг би шүүмжлэхээс аргагүй байна. Интонац дээр яаж ажиллах ёстойгоос эхлээд дүрийн далд ухамсрыг хэрхэн боловсруулах, өөрийн далд ухамсрыг хэрхэн задалж, дүрдээ нийцүүлэх юм гэдгээс л ажиллагаа эхэлдэг. Жишээ нь найруулагч нь зохиолоо өгөөд та нар унш, эрж хай гээд хаяад яваад өгдөг. Бэлэн болсон жүжигчидтэй тэгж ажиллаж болох байх. СУИС жүжигчнийг найруулагчтай ажиллахын яг өмнөх шатанд бэлдэж байгаа. Шинэ залуу жүжигчин өөрийнхөөрөө эрж хайж ирээд л тайзан дээр жүжиг угсрагддаг. Цээжилсэн үгээ яаж тоглохоо ч мэдэхгүй, хувцсаа өмсчихсөн жүжигчдийг л өрчихдөг. Цагаан цаас шиг жүжигчинтэй найруулагч ажиллана гэдэг нарийн технологи байдаг. Ер нь бол амжилттай тоглосон дүрүүдийн цаана найруулагч жүжигчин хоёр ойлголцох мэргэжлийн, академик сургалтын хэл их үгүйлэгдэж байна л даа. Би сургалтаа үүнд л чиглүүлэх гээд байгаа юм. Жүжгийн зохиолын анхны уншлагаас тактик боловсрогдож дуусаад тайз руу гарах хүртэлх тэр бүх шатлалыг мэргэжлийн бус найруулагч нар мэдэхгүйгээс театр, жүжигчин, нийгэмд нөлөөлөх урлаг хохирч байна. Би Германы театр судлаач Ханс-Тис Леманы бичсэн “Постдрам” гэж номыг орчуулж эхэлсэн нь найруулагч нарын хувьд маш сайн сурах бичиг болно доо. Урьд өмнө манайд хэвлэгдээгүй судалгааны ажил юм. 2026 оны босгон дээр би хэвлүүлээд амжчих байх. Орчин үеийн мэргэжлийн театрын урлаг хаашаа явах вэ гэдэг асуултад хариулсан, өнөөгийн дэлхийн театрын хөгжлийн суурь болсон төдийгүй Холливудын киноны өсөлт хөгжилтөд нөлөөлсөн ном л доо. Постдрам гэдэг нь орчин үеийн академик театрын нэршил бөгөөд академик онолын театр мөнөөсөө мөн. Орчин үеийн театрын онолд найруулга зүйг хэрхэн ойлгох вэ гэдэг үндэслэлийг тавьж өгсөн сурах бичиг юм. Энэ номонд Брехтийн дараах театр гэдэг асуудал гарч ирж орчин цагийн академик театрыг авч үзсэн. Энэ номыг бушуухан орчуулж оюутнууддаа, залуучууддаа, одоо найруулагч нартаа, судлаач, шүүмжлэгч нартаа түгээх нь миний бас үүрэг юм.
-Шүүмжлэгч гэснээс театрын хөгжлийн нэг том хөшүүрэг нь мэргэжлийн шүүмж шүү дээ. Өнөөдөр сэтгэгдлүүдийг шүүмж гэж нийтээрээ ойлгож байгаа нь өрөөсгөл болохыг бас ярьж эхэллээ?
-Мэргэжлийн шүүмж гэж тэр жүжгийн тэр сцен нь сонирхолтой, сонирхолгүй, уйллаа, инээлээ, эсвэл утга уран зохиолын гаргалгаагаар зохиолтой нь холбож шүлэг бичихийг хэлэхгүй л дээ. Мэргэжлийн шүүмж гэдэг бол зохиолын агуулга, найруулагч, жүжигчин гурвын холбооноос үндэслэж ургасан агуулга хэлбэр хоёрын нийцэл үзэгчдийн ухамсарт шүүгдсэнийг субъектив өнцгөөс хүчтэй тавих нарийн ажиллагаа юм. Үүний тулд тухайн жүжгийг судлах ёстой. Жишээ нь, дэлхийн аль театруудад ямар цаг үед хэрхэн тавигдсан болох, энэ цаг үед тавигдаж байгаа нь өнөөдрийн үзэгчдийн ухамсарт болон шүүмжлэгч миний ухамсарт ингэж хүрлээ гэх байдлаар. Шүүмж өөрийн гэсэн онол, аргазүйн алгоритмтай. Шүүмж бас зоригтой байх ёстой. Шүүмжүүд хэр шударга бичигдсэнээрээ өрсөлддөг байх ёстой. Хэн нэгнийг алдаршуулах, дэвслэхийн тулд биш, эсвэл бичигч шүүмжээрээ дөрөөлж нийгмийн алдар хүнд, байр суурь, хувийн амбицаа товойлгох суртахууны үртэсгүй, мэргэжлийн байх ёстой. Би шүүмжлүүлмээр байна. Бидэнд үнэхээр их хэрэгтэй байна. Манайд магтах, эсвэл муулах болчхоод байгаа юм. Мэргэжлийн шүүмж байхгүй газар ийм үзэгдэл хавтгайрдаг. Шүүмж судлал гэдэг чинь уран бүтээлд мэргэжлийнхний асар том амбиц бүхий субъектив оюун дүгнэлт хийх чадвар нь байдаг. Ийм том салбар хов хоосон байна.
-Танд одоо ажиллаж байгаа шинэ жүжиг бий юү?
-2026 онд тавигдах шинэ жүжиг монгол зохиолчийн бүтээл. Удахгүй зарлах байх.
-Таны найруулагчийн гараа их амжилттай, бас түргэн өсөж байна. Та харин орчин цагийн завгүй хүмүүс, ойлгомжгүй болсоор буй энэ их хурдан харилцаа, хамаарал дотор өөртөө итгэх итгэлээ алдчихгүй байх хувь хүний сэтгэл зүйтэйгээ хэрхэн ажилладаг вэ?
-Мэргэжлийн театрын найруулга зүй дээр ажиллах цөм нь судалгаа л байдаг. Найруулагч мөнхийн судлаач байх ёстой. Амьдрал, нийгэм, хүн өөрөө зөрчлийн модуль дээр хувирсаар буй асар том судлагдахуун. Өнөөдөр хүн төрөлхтөн, манай улс, манай нийгэм, манай гудамж, манай хөрш ч судлагдахуун. Бид маргааш юу болохыг мэдэхгүй.

-Найруулагчийн гэр бүлийн хүн байх, түүний нүдэнд нь өртөх хөрш нь байх ч таагүй хувь тавилан юм байна даа?
-Яагаад?
-Байнга судлуулаад байж баймааргүй л байна шүү дээ.
-Аан, хүн өөрөө бүгд бие биеэ ухамсартай, ухамсаргүйгээр судалж л оршдог амьтан шүү дээ угаасаа.
-Та хамт ажиллаж байгаа хүндээ, хамт амьдарч байгаа хүндээ, тантай харилцаатай байх шаардлагатай хүмүүсийнхээ хувьд ер нь хэр онцгүй этгээд вэ?
-Хэр онцгүй этгээд вэ гэж үү?
-Тийм, жишээлбэл харагддаг шигээ эелдэг, зөөлөн хүн мөн үү?
-Найруулагч хүн сайн хүн байж чаддаггүй. Тийм боломж олддоггүй. Сайн найз, сайн нөхөр, сайн ах байх боломжгүй. Яагаад гэвэл найруулагч тэр хүмүүсийн төлөө өөрийгөө зориулах цаг байдаггүй. Уран бүтээлийнхээ боол. Хувийн амьдрал дээр, гэр орондоо амиа хичээсэн ч юм шиг... Гэтэл өөрөө өөртөө бүр ч муу хүн. Эрүүл мэндээ бодож дэгтэй, арчаатай байх наад захын чадваргүй. Анагаахын бакалавр байгаад ч нэмэр алга. Агуулга судалж, нийгэмд хэрхэн бодуулах вэ гэдэгт төвлөрч ажилладаг төдийгүй амьдарна гэдэг бол өөрийгөө болон гэр бүлээ, хамт олноо урлагийн эрх ашигт нийцүүлэхийн нэр. Тэгэхээр энэ энэ золиосыг хүлээж авч байж л найруулагч гэж бусдад тоогдох нэг шалтгаан болдог юм болов уу. Жүжигчид надад хайртай байдаг нь би өөрийгөө зольчихсоныг тэд ч бас ойлгодгийнх биз. Баг хамт олон маань уран бүтээлд хайртай, театрт хайртай, бид үүгээрээ өөрсдийгөө зольсон ижил улс.
-Хайр хайрын дотор бас гэр бүлийн хайр гэж байдаг талаар асуумаар байна. Та гэр бүлтэй биз дээ. Эхнэр, хүүхдийн тухай яагаад хаана ч ярьдаггүй юм бэ?
-Хүмүүст сонин сэдэв биш байх гэж би боддог.
-Таны л бодол шүү дээ.
-Би чинь гэр бүл эхнэр хүүхэдтэй хүн. Манай эхнэр эмч. Сэтгэцийн эмч хүн байдаг.
-Таныг дотроос чинь харах мэргэжилтэй ч юм?
-Тийм, манай эхнэр сэтгэцийн эмч тулдаа л намайг ойлгодог байх.
-Таныг үе үе эмчлэх гэж дайрах юм уу? Танд ямар онош тавьдаг бол?
-Театрт донтох дон, урлагаар өвчилсөн донгийн хүнд хэлбэрийг надаас хардаг байх. Энэ дон минь гүнзгийрээд гэр бүлээ хайхрахгүй л явж байгаа юм уу даа, би. Тэгэхээр намайг ямар ч байсан донтон гэдгийг бол ойлгосон гэж боддог.
-Жүжгийн нээлт болон тоглолтын төгсгөлд найруулагчаа тайзан дээр урихад Та үзүүрт нь цухуйчихаад ордог чинь анзаарагдам байдаг. Яагаад тэгдэг юм?
-Би жаахан ичимхий талдаа хүн байгаа юм. Олон хүний өмнө гарч үг хэлэхээр ичдэг хүн байдаг шүү дээ. Тийм л хүн. Тайзан дээр бүгдийн төв болж бардам сайхан ёслох ч нэг л биш. Сандарна, бодсон санасан үг мүг орж ирдэггүй. Сүртэй ёслол энэ тэрийг бас нэг их хүсдэггүй. Ер нь бол би зүгээр л боол, энэ уран бүтээлийн эзэн нь биш байхгүй юу. Уран бүтээлийн эзэн нь энэ зохиол, энэ дүрүүд нь байдагт би итгэдэг. Би зүгээр л холбогч, одоо өөр юү ч гэмээр юм.
-Та их л судалгаа шинжилгээ, оюун дүгнэлт уншдаг хүн. Ингэхэд өөрийнхөө тухай нийгмийн төсөөллийг уншдаг уу. Таныг, хийсэн ажлыг тань, өнцгийг тань сонирхож ирэх хүмүүст Таны тухай мэдээлэл дуудлага болох талыг хэр тооцоолдог вэ?
-Батболдод зарлал тараах хүсэл, тийм заль байдаггүй. Өөрийгөө рекламдаад, нэрээ худалдаад явах нь асар их стресс хурааж таарна. Харин уран бүтээл өөрөө прожект, маркетинг, соронз байгаасай л гэж хүсдэг. Нийгэм өнөөдөр ном уншдаг болж байна шүү дээ. Үй Хуаг, Достоевскийг, Толстойг, Жон Патрикийг. Миний найруулсан жүжиг нөлөөлсөн байгаасай гэх далд шунал бол харин надад байна.

-Таны ажлуудыг харахад та геометр, шугам зургийн хичээлээ их үзсэн сурагч юм болов уу гэмээр. Орон зайд агуулгыг шоо, бөмбөлөг гэх мэт дүрсээр илэрхийлэх ойлголтоо хаанаас авсан бэ?
-Гоё асуулт байна. Театр бол амьдрал. Гэхдээ үзэгч бидний нийгмийн амьдралаас өөр хэмжигдэхүүн. Жүжиг амьдрал болохынхоо хувьд үзэгчдэд амьдралыг өөр хэмжигдэхүүнээр үзүүлж байгаа хоёр амьдралын уулзвар шүү дээ. Нэгэн хэмжигдэхүүний амьдралыг бидний ахуйд өөр хэмжигдэхүүнээр хүүрнэх цэг нь төгс агшин байхын тулд тэр өөр хэмжигдэхүүнүүдийн зохион байгуулалт өөрөө төгс байх ёстой болж ирдэг. Төгс агшныг би хэрхэн бүтээх вэ гэж таван жил явахад кубизмд тулсан. За одоо зургаа дахь жилээс би өөртөө өөр хэмжигдэхүүн суулгах гэж эрэл хайгуул хийж байгаа юм. Одоо өөрийн сурсан кубизмыг би эвдэж дахин төрүүлэх зааг дээр ирэхэд үүнээс хойших шинэ бүтээл маань өөр хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэх судалгаандаа би орчихсон яваа. Анх Малеевичийн “Чёрный квадрат” гэж зохиол, тэр зураг бол миний хувьд гайхалтай мэдээлэл байсан. Хөөрсөн сэтгэлийн хүчээрээ Москвагийн театр урлагийн академийн оюутан байхдаа кубизмээр дамжуулан би “Мастер Маргаритта”-г тавьж, 3 дугаар курсээ амжилттай төгсөж байлаа. Кубизм бол асар том философи. Гэхдээ одоо хангалттай. Одоо би бөмбөлөг сонирхож байгаа. Кубизмийн дараагийн хэмжигдэхүүн бөмбөлөг. Бөмбөг бас л философи, агуулга, бас мэдрэмж шүү дээ. Энэ хэмжигдэхүүнээр үзэгчдийн ухамсартай харилцах эрэл хайгуулыг би одоо ч хийж байгаа. Тэгэхээр “Амьдрахуй” бол кубизмээс өөр хэмжигдэхүүн рүү шилжих хүсэл. Найруулагчийн өөрийгөө алахыг хүссэн асар их оролдлого. Тийм ч учраас “Амьдрахуй”-г дөрвөн удаа эвдэж тавьсан. Би өөрийгөө эвдэж, дахин төрөхийг хүсэж байна. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрөөсөө уйдсан байхыг ч би үгүйсгэхгүй.
-Таны тавьсан жүжгүүдийн олон дүр дотор өөрийгөө ёгтоор үзүүлсэн дүр байдаг уу?
-Яг өөрийгөө харуулсан нь байхгүй. Гэхдээ гол, туслах ер бүх дүр ямар нэгэн байдлаар миний далд ухамсрын хаа нэгтээ гацсан асуултууд байдаг. Тайзан дээр амжилттай амилдаг ч гэлээ үл ойлголцлын анхны ахуй нь миний дотор гацаад, зарим нь одоо ч асуулттайгаа гайхагдаад байж л байгаа.
-За Танд таван жилийн ойн баяр хүргэе. Ярилцлага өгөхөөр зөвшөөрсөнд, бас илэн далангүй байсанд тань баярлалаа.