Йорданы Амман хотноо явагдаж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эхний өдрийн медальтнууд энэ цаг мөчид тодорч байна.
Эмэгтэйчүүдийн 50 кг-д зодоглосон Монгол улсын аварга Б.Мөнхнар эхний тойрогтоо Хятадын бөх, U20 насныхны дэлхийн аварга Юү Жанд цэвэр ялагдсан. Хятадын бөх финалдсан учир Б.Мөнхнар дагаж барилдаад Шри-Ланкагийн Хева Педиге, залуучуудын ДАШТ-ий үзүүр бөх Светлана Анкичева нарыг ялж хүрэл медаль атгалаа.

Түүнчлэн 55 кг-д зодоглосон 23 хүртэлх насныхны Азийн хошой аварга Б.Отгонтуяа, Өмнөд Солонгосын И Хю Рим, Казахстаны Зульфия Яхарова нарыг цэвэр ялснаар хагас шигшээд шалгарсан юм.
Тэрбээр Хятадын 18 настай Ли Юухуанд унаж, Энэтхэгийн Нишу Нишуг давснаар ийн хүрэл медаль зүүлээ.
59 кг-д хүч сорьж буй Монгол улсын аварга Т.Алтжин, 68 кг-д барилдсан ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөн өнөө орой хүрлийн төлөө барилдана.