UBLife Logo
Нийгэм

Европын Холбооны төсвийн дэмжлэгийн талаар таны мэдэх ёстой 8 чухал зүйл 

Европын Холбооны төсвийн дэмжлэгийн талаар таны мэдэх ёстой 8 чухал зүйл 

Европын Холбоо 1989 оноос хойш Монгол Улсын гуравдагч хөрш, хөгжлийн түншээр үр дүнтэй хамтран ажиллаж байна. Энэ удаа бид одоо үргэлжлэн хэрэгжиж буй Төсвийн дэмжлэг хөтөлбөрийнх нь тухай таны заавал мэдэх ёстой баримтуудыг хүргэж байна. 

Төсвийн дэмжлэг гэж юу вэ? 

2020 онд Европын Холбоо Монгол Улсын Засгийн газартай Төсвийн дэмжлэгийн хөдөлмөр эрхлэлтийн салбарын шинэчлэлийг дэмжих 51 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгуулсан билээ. Энэхүү гэрээний хүрээнд Монгол Улс үр дүнд суурилсан 7 шалгуур үзүүлэлтийг биелүүлэн төсвийн дэмжлэгийг авч байна. Энэ нөхцлөөр улсын төсөвт 43 сая евро 2021-2026 онд хуваарилагдах бол техникийн туслалцааны “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөр тус хөтөлбөрт хамрагдсан яамд, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 2021-2024 онд ажиллажээ. 

90 гаруй оронд хэрэгждэг 

Европын Холбоо дэлхийн 90 гаруй улсад төсвийн дэмжлэг үзүүлж буйн нэг нь Монгол Улс юм. Эдгээр орнууд төсвийн дэмжлэг авснаар төсөвт нэмэлт орон зай бий болж салбарын шинэчлэл хийх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих, ардчилсан засаглалыг бэхжүүлэх боломжтой болдог. 

50,8 сая евро 

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбооны гэрээний нийт дүн 50,8 сая евро бөгөөд үүнээс 43 сая евро нь төсвийн шууд дэмжлэг болон улсын төсөвт шууд орж байгаа ба үлдсэн 7.8 сая евро нь техник туслалцааны төсөл болон хэрэгжжээ. 2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 40,2 сая еврогийн төсвийн дэмжлэгийн санхүүжилтийг Сангийн яамны төрийн сангийн данс руу шилжүүлжээ. 

Онцгой практик 

Энэхүү хөтөлбөрт зориулж ямар нэг төсөл хэрэгжүүлэх зардал гараагүй (жишээ нь төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулаагүй, гаднаас ирсэн мэргэжилтнүүдийн цалингийн зардал зэрэгт санхүүжилт зарцуулагдаагүй). Энэ бол бусад буцалтгүй тусламжийн хөтөлбөрүүдээс онцгойрох туршлага бөгөөд санхүүжилтийн мөнгөн дүн шууд улсын төсөвт буюу Сангийн яам руу 100 хувь шилжиж байгаа. 

Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдэд заавал шаардагдах, улсын төсвийн хязгаарлагдмал нөөцөөр шууд санхүүжүүлэх боломжгүй зардлуудаг ЕХ-ны төсвийн дэмжлэгээр санхүүжүүлэх боломж бий болж байна гэж бид ойлгож болох нь. Эдгээр нь хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, улсын төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлүүд юм. 

Төсөл хэрэгжүүлэх зардлыг хэмнэсэн туршлага 

Дээр дурдсанчлан энэхүү төслийн хэрэгжүүлэхдээ нэмэлт алба нэгж, ажлын байр гаргаагүй. Төсвийн дэмжлэгийг Засгийн газар бие даан хариуцаж, тодорхой үр дүнгүүдэд чиглэсэн, салбарын бодлогын шинэчлэлийг дэмжин хэрэгжүүлдэг. Ингэснээр уламжлалт “донор-хэрэгжүүлэгч” гэсэн хэвшмэл сэтгэлгээнээс гарч, илүү итгэлцэлд суурилсан, тэгш эрхтэй харилцааг бий болгох боломжтой болсон. 

Төсвийн дэмжлэгийн үр дүнг хамтрагч талууд эхнээс нь дуустал маш нарийн төлөвлөж, хэрэгжүүлж, хөндлөнгийн үнэлгээгээр үнэлж, үүний үндсэн дээр гүйцэтгэлд суурилсан байдлаар санхүүжүүлдэг. Энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын өөрийн тодорхойлсон салбар, тэргүүлэх чиглэлийн асуудлыг бие даан хөгжүүлэх, институцийг чадавхжуулах, улмаар илүү үр ашигтай, тогтвортой хөгжилд хүрэх зорилготой юм. 

Үр дүн юу байв?

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните

Төслийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн бодлого, төсвийн уялдааг хангахад дэмжлэг үзүүлж, улмаар зургаан төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг орон нутгийн түвшинд 2025 оны төсвийн төслийг үр дүнд суурилан боловсруулж, 2023 жилийн эцэс болон 2024 оны төсвийн эхний хагас жилийн хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүнгийн тайланг боловсруулан, нийтэлжээ. Мөн холбогдох төсвийн хөтөлбөрийн систем, санхүү, төсвийн тайлагналын системийг хөгжүүлсэн нь томоохон үр дүнгүүдийн нэгээхэн хэсэг болов. Түүнчлэн, төсвийн ил тод байдлыг дээшлүүлэхэд олон нийт болон Улсын Их Хурлын төсвийн хяналтыг сайжруулах, холбогдох бодлого арга хэмжээний үр дүнтэй байдалд дүн шинжилгээ хийх, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийх, төсвийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог дэмжих чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлжээ.  

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Төсвийн дэмжлэгийн хүрээнд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн салбарын хууль эрх зүйн орчин олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээтэй илүү нийцэлтэй болсноос гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн засаглал сайжирч, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлал үндэсний хэмжээнд хэрэгжсэнд баяртай байна” хэмээн онцолж байсан. 

Энэ бол буцалтгүй тусламж 

Нийт 51 сая еврогийн санхүүгийн дэмжлэг нь буцалтгүй тусламж буюу эргэн төлөгдөхгүй, төслийн үр дүнгээр л хэмжигдэх тусламж юм. Европын Холбоо нь дэлхийн олон оронд хөгжлийн тусламжийг олон хэлбэрээр хүргэдэг бөгөөд буцалтгүй тусламжийг хүргэх хамгийн үр дүнтэй хэрэгсэл бол Төсвийн дэмжлэг гэдгийг онцолдог. 

2026 он дуустал үргэлжилнэ 

2020 онд эхэлсэн энэхүү төсөл нь 60 сарын хугацаанд хэрэгжиж, энэ оны тавдугаар сард дуусах анхны товтой байсан ч цар тахлаас үүдэлтэйгээр 2026 оны дуустал сунгагдахаар болжээ. 

Та төслийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.sdgbeproject.mn/ сайтаар зочлоорой. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.