Сүүлийн 5 жилд Монгол Улсад гарч буй хог хаягдал 3.5 сая тоннд хүрч, 30 орчим хувиар нэмэгдсэн. Үүнээс дийлэнхийг нь буюу 73.1 хувийг газарт булшилж, 6.1 хувийг шатаадаг. Харин хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр 70 гаруй байгаа ч нийт хог хаягдлын ердөө 4 орчим хувийг дахин боловсруулдаг. Гэтэл хог хаягдлыг газарт булшилж, шатааж байгаа нь хөрс, ус болон агаарын бохирдлыг нэмэгдүүлэх, байгаль орчны тэнцвэрийг алдагдуулах гээд олон эрсдэл дагуулсаар байна. Мөн түүнчлэн дахин боловсруулах боломжтой хог хаягдлын маш бага хувь ашиглагдаж байгаа нь нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг илтгэж, эргээд энэ хог хаягдал уур амьсгалын өөрчлөлтөд төдий хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Монгол Улсад тулгамдаад буй энэхүү хог хаягдлын асуудлыг дахин боловсруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулдаг бизнесийг дэмжих, дараагийн шатанд хөгжүүлэх, байгаль орчинд эергээр нөлөөлөх, санхүүгийн өгөөж өгөх зорилготой “Ри Сайкл” нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг 2023 онд Рио Тинто Монгол өөрийн санхүүжилтээр Инвескор санхүүгийн групптэй хамтран байгуулжээ. Өдгөө хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус “Ри Сайкл” сан нь нийгэм болоод байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх олон төсөлд хөрөнгө оруулалт хийгээд байна.

Тэгвэл нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан гэдгийг ойлгохын тулд эхлээд энгийн хөрөнгө оруулалтын санг ойлгох хэрэгтэй болно. Энгийн хөрөнгө оруулалтын сан гэдэг нь урьдчилан сайтар судалсны үндсэн дээр ашигтай гэж үзэж байгаа санхүүгийн хэрэгслүүд болоод ирээдүйд ашиг нь өснө гэж үзэж буй компаниудад хөрөнгө оруулж, ашиг олох зорилготой сан юм. Товчхондоо гол зорилго нь ашиг олох. Харин нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан нь үүнээс нэг алхмын урдах нүүдлийг хардаг. Тодруулбал, нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан нь байгаль болон нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар ашиг олдог санг хэлээд байгаа юм. Жишээ нь, нарны эрчим хүч үйлдвэрлэдэг компанид хөрөнгө оруулбал, сангийн хувьд ашиг олно, харин нийгмийн хувьд олон айл гэр цэвэр эрчим хүч ашиглаж, нүүрс түлэх нь багасаж, байгаль орчин болон тухайн өрхийн санхүүд ч ашигтай. Нэг ёсондоо байгаль орчин, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг хамтад нь бий болгох боломжийг бүрдүүлж байгаа хэлбэр.
Хамгийн анх 2007 онд Английн Bridges Fund Management болон та бидний сайн мэдэх Америкийн Rockefeller сангууд тус сангийн үндэс суурийг тавьж анхны нөлөөллийн хөрөнгө оруулалтын санг байгуулж байв. Удалгүй 2009 онд нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангуудыг холбосон Global Impact Investing Network (GIIN) платформ үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл дэлхийн 60 гаруй улсаас бүрдсэн гишүүн хөрөнгө оруулалтын сангийн тоо 470-д хүрээд байна. Өнгөрсөн 2024 оны байдлаар, GIIN-д бүртгэлтэй нөлөөллийн сангуудын удирдаж буй хөрөнгө 1.57 их наяд ам.доллар хүрч, сүүлийн 5 жилд жилд дунджаар 21% өсөлт үзүүлжээ.

• Олон нийтэд сайн танигдсан Bill & Melinda Gates Foundation Trust нь нөлөөллийн хөрөнгө оруулалтын сангийн томоохон жишээ юм. Тус сан нь байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 4 тивд, ойролцоогоор 100 төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Эдгээр төслүүдээс жишээ авбал, Beyond Meat компани нь ургамлын гаралтай махан бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан брэнд бөгөөд Bill & Melinda Gates Foundation Trust сангаас 4-4.7 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь Beyond Meat компанийн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, компанийн бүтээгдэхүүнүүд дэлхийн 38,000 гаруй хоолны газрууд, 27,000 орчим жижиглэнгийн худалдааны цэгүүдэд борлуулагддаг болсон байна. Мөн Beyond Meat нь олон улсын томоохон сүлжээ ресторануудтай хамтран ажиллаж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх боломжийг нэмэгдүүлсэн нь бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлжээ. Том зургаар Beyond Meat бол хөрөнгө оруулагчдад ашиг өгч байгаа хэрнээ, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрүүл мэндийг дэмжих, шинэ эдийн засгийн салбарыг бий болгох гурван талын эерэг нөлөөллийг зэрэг авчирч байгаа төсөл юм.
“Ри Сайкл” нөлөөллийн хөрөнгө оруулалтын сан нь хог хаягдлыг дахин боловсруулах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нийгэм байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байна. Ингэхдээ бонд болон хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулж, компанитай хамтран ажиллах замаар менежментэд нь оролцож, тухайн компанийг хөгжлийнх нь дараагийн шатанд гаргахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ процесс нь цаашид нэмэлт санхүүжилт татах, олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх суурийг тавьж өгдгөөрөө давуу талтай. Хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүдэд “Ри Сайкл” сангаас дараах шалгуурыг тавьдаг. Үүнд хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх, тодорхой хэмжээнд санхүүгийн болон үйл ажиллагааны түүхтэй байх, хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлтэй, санхүүжилтийн зарцуулалтыг тодорхойлсон байх зэрэг багтаж байна.

Одоогоор “Ри Сайкл” сангаас хөрөнгө оруулалт хийсэн төслүүдийн дундаас онцолбол, агаарын бохирдлын эсрэг байгальд ээлтэй материал ашиглан агаар цэвэршүүлэгч төхөөрөмж бүтээж буй Airee (Гарааны Эйрий Фэлт ХХК), хар тугалган батарейг дахин боловсруулж буй Электрокем Монгол ХХК, хаягдал хуванцар дахин боловсруулах Монпласт Индастри ХХК, мөн хайбрид автомашины батарей дахин цэнэглэгч Билгүүн Автомарт ХХК гэсэн компаниуд байгаа юм. Эдгээр компаниуд нь байгаль орчны бохирдлыг бууруулахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж, нийгэмд хүртээмжтэй шийдэл болж байна.