UBLife Logo
Урлаг

“Мөнгөн мод” наадмын шилдэг киногоор “Хувь заяа”, шилдэг найруулагчаар Б.Тамир тодорлоо

Ub.life
Ub.life
“Мөнгөн мод” наадмын шилдэг киногоор “Хувь заяа”, шилдэг найруулагчаар Б.Тамир тодорлоо

Монголын соёл, урлагийн салбар дахь оны шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2024” ёслол 3-р сарын 27-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болж өндөрлөв.

Эл ёслолын үеэр 13 төрөлд шилдэг уран бүтээл, мөнхүү 12 гоц уран бүтээлчийг тодруулж “Мөнгөн мод” цомыг гардууллаа.

Үргэжлүүлэн “Мөнгөн мод-2024” ёслолын үеэр салбарынхнаа манлайлж, оны шилдгээр тодорсон 12 уран бүтээлч, 13 урлагийн бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэгч нартай танилцана уу.


Дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр: Б.Мөнхцэцэг “Хүн сүрэг” байгаль дахь өрөг урлал

“Хүн сүрэг” нь Монгол улс, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулж Герман улсад зохион байгуулсан “Нүүдэлчдийн дараах туршлага” үзэсгэлэн солилцооны хөтөлбөрийн хүрээнд бүтээгдсэн өрөг урлаг, эсгий төмөр, ланд арт бүтээл юм.


Шилдэг номоор: Академич С.Чулууны “Дэлхийд тархсан Монгол өв

Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг эрж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг академич С.Чулуун 2014 оноос хэрэгжүүлж буй. Энэхүү цувралаар 12 боть ном уншигчдын гарч хүрээд байна.


Соёлын өвийн шилдэг бүтээл: Чингис хаан үндэсний музейн (“Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн)

Франц улсын Үндэсний архив, Луврын музей, Севр Керамикийн музей, хувь цуглуулагч Самуэл Майэрс, Швейцарын холбооны Улсын Ритберг музей зэрэг дэлхийн олон газруудад хадгалагдаж байсан Их Монгол Улсын үед холбогдох “Өлзий хааны Монгол бичгээр бичсэн захидал” тэргүүтэй 77 дэсийн 129 ширхэг соёлын өвийг эхээр нь авч ирж дэлгэсэн гэдгээрээ онцлогтой үзэсгэлэн юм.


Дуу хөгжмийн шилдэг бүтээлээр: Г.Солонго (“Солонго” бүтээл)

Солонгын долоон өнгө, хөгжмийн долоон эгшгийг бэлгэдэн нэрлэсэн “Solongo” пянзаар ятгын солонго мэт эгшиг аялгууг сонсогчдодоо хүргэхээр зорьж байгаа юм, тэр.


Шилдэг киногоор: “Хувьсал” продакшны “Хувь заяа

“Хувь заяа” кинонд хүн чанар, ухамсар алдагдаж, төрүүлсэн үрээ өнчрүүлэн үлдээх хүмүүс олширч буй асуудлыг хөндөн, элэг бүтэн амьдрал ямар эрхэм болгохыг, Монгол хүний ухаан, бие биеэ хүндэтгэх хайр хүндлэлийг бий болгох, Монгол ахуй, говь нутгийн аж байдал, зан заншлыг харуулах ажээ.


Шилдэг жүжгээр: Монгол театр “Клеопатра

“Клеопатра” нь “Монгол театр”-ын анхны уран бүтээл бөгөөд одоогоор 42 удаа тоглогдоод буй аж. Энэхүү бүтээлийн эх зохиол нь Нобелийн болон Оскарын шагналт Английн зохиолч Бернард Шоугийн “Цезарь Клеопатра хоёр”, Уильям Шексприйн “Марк Антони Клеопатра хоёр” гэсэн жүжгийн зохиолуудыг нэгтгэсэн байдлаар бий болсон.


Дизайны шилдэг бүтээлээр: С.Чулуунбаатар “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл

Энэхүү бүтээл нь:

-Мөнх хааны зарлигаар эртний Хархорум хотод 1254 онд хийгдэж, “Түмэн амгалант” ордонд байрлаж байсан мөнгөн модны хэлбэрийг ерөнхий дүрслэлдээ агуулсан,

-5 багана нь Орхоны хөндийд хот хүрээгээ байгуулж байсан эртний төр улсуудын 5 хотыг бэлгэдсэн,

-Газар усыг аргадаж, урт удаан оршин тогтнохын бэлгэдэл яст мэлхий суурь,

-Баяр жаргал, эв нэгдэл, буян хишиг дэлгэрэхийн бэлгэдэл өлзий хээг дүрсэлсэн,

-Орой хэсэгт ширээтэй онги тамганы дугариг байршуулсан байна.


Архитектурын шилдэг бүтээлээр: Г.Нямцогт “Хүрээ майдар дуган

Тус дуган нь 5 давхар шилэн бүтээцтэй, давхар болгондоо олон нийтэд зориулсан соёл, зан үйл, хурал цуглаан, төрөл бүрийн сургалт, бясалгал явуулах танхимтай, үндэсний архитектур төлөвлөлтийн онцлогийг илэрхийлсэн, шашин соёлын гүн утга бэлгэдлийг агуулсан байхаар бүтээгдсэн.


Хувцас загварын шилдэг бүтээлээр: А.Түвшинзаяа “Цагаан зүрх” коллекц

“Цагаан зүрх” коллекцид зүрхэн хэлбэрийн зохиомжийг хувцасны загвар шийдэлтэй холбон утсан холбоогоор дүрсэлжээ.


Цахим шилдэг бүтээлээр: “М Мюзик” ХХК (М дижитал Караоке)

“М Мюзик” ХХК-ий зүгээс 800 гаруй хамтлаг дуучид, уран бүтээлчидтэй гэрээ байгуулж, 3,100 орчим дууг чанарын өндөр түвшинд караоке контент болгон хэрэглэгчдэдээ хүргээд байна.


Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээлээр: “Монголын баялаг өв соёл” ХХК (Монголын баялаг 330)

Энэхүү бүтээл нь байгаль орчин, түүх соёлын дурсгалуудад хүндэтгэлтэй хандах, хайрлан хамгаалах асуудлыг хөндсөн бөгөөд 14 аймгийн 210 сумын нутаг дэвсгэрт зураг авалтаа хийжээ.


Зар сурталчилгааны шилдэг бүтээлээр: ЦЕГ ("Соёл танаас эхэлнэ” цахим нөлөөллийн аян)

Тус аяны хүрээнд 246 контентыг цахим платформд байршуулснаар 65,278,302 хүнд мэдээлэл хүргэжээ.


Шилдэг судлаачаар: Ц.Батсайхан “Монгол үндэстний эсгий ширмэл урлал

Дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан “Монгол үндэстний эсгий ширмэл урлал” нэг сэдэвт бүтээлээрээ 2024 оны шилдэг судлаачаар тодорлоо.


Шилдэг найруулагчаар: Б.Тамир

Фантастик продакшны найруулагч Б.Тамир “ЗУРА III: ЦЭВЭРЛЭГЭЭ” кино бүтээлээрээ энэхүү шагналыг хүртэв.


Шилдэг жүжигчнээр: МУГЖ Д.Цэрэндарьзав

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав “Ижийдээ очих намар” киноны ээжийн дүрээр энэхүү шагналыг атгалаа.


Шилдэг продюсерээр: МУСГЗ Х.Дамдинсүрэн

Венецийн Биенналийн Монгол Улсын павильон, Эрхүү хотын “Алтан орд” галерейд дэлгэгдсэн “Монголын нэг өдөр” үзэсгэлэнгийн зохион байгуулагч, Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол тангараг” жүжгийн продюсер төдийгүй 2024 онд Монгол улсад болсон олон улсын төрийн айлчлал ёслолын арга хэмжээний продюсер, зохион байгуулагчаар ажиллажээ, тэр.


Шилдэг хөгжмийн зохиолчоор: О.Чинбат

Түүний хувьд “Хувьсал” продакшны “Хувь заяа” киноны хөгжмийн бүтээлээрээ энэхүү шагналыг атгасан.


Шилдэг хөгжимчнөөр: Т.Өлзийжаргал

Тэрбээр 2024 онд “WINTER CLASS” нэртэй бие даасан тоглолтоо Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулсан.


Шилдэг удирдаачаар: Д.Нямдаш

Д.Нямдаш нь Монгол Улсын Филармонийн Симфони оркестрын есөн концертод ерөнхий удирдаачаар ажилласан.


Шилдэг дуучнаар: А.Отгонболд

“Оросын дуурь” Олон улсын дуурийн дуулаачийн анхдугаар уралдааны Тэргүүн байр, Рейнгольд Морицевич Глиэрийн нэрэмжит Олон Улсын уралдааны Тэргүүн байр, СССР-ын Ардын жүжигчин Сергей Якова Лемешевийн нэрэмжит залуу дуурийн дуулаачийн Олон улсын III уралдааны Тусгай байр, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, ХХ зууны Манлай дуучин Цэвэгжавын Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын Олон улсын VI уралдааны Дэд байрын шагналтай дуучин юм, тэр.


Тайз, дэлгэцийн шилдэг зураачаар: Ч.Батболд (Клеопатра)

“Монгол театр”-ын уран бүтээлч Ч.Батболд “Клеопатра” жүжгийн ерөнхий зураачийн ажлаараа энэ төрөлд манлайллаа. Тэрбээр тайзны 11 жүжиг, концертын ерөнхий зураачаар, 15 жүжиг, концертын гүйцэтгэх зураачаар ажилласан туршлагатай юм.


Тайз дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолчоор: Г.Бямбасүрэн

Тэрбээр 2024 онд “Хувь заяа” уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагчаар ажиллаж, уг бүтээлээрээ “Улаанбаатар” Олон улсын кино наадмаас “Шонхор” цом хүртжээ.


Шилдэг бүжиг дэглээчээр: Э.Эрдэнэжаргал

Тэрбээр 2024 онд “КАРМЕН” контемпорари балетийг шинэчлэн найруулжээ.


Шилдэг бүжигчнээр: А.Түвшинбаяр

А.Түвшинбаярын тухайд “Тэнгэрийн хутаг”, “Нарны домог” бүжгэн жүжиг, “Наадий” бүжгийн гол дүрд тоглосон.

Тэрбээр Азийн “Seoul international dance competition” А зэрэглэлийн тэмцээний Тэргүүн байр, Махмуда Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн Олон улсын бүжигчдийн тэмцээний Тэргүүн байр, “Virtuoso 2024” -ийн оны шилдэг уран бүтээлч цом хүртсэн байна. Мөн “Чимээгүй хотын жолооч” кинонд гол дүр бүтээн “Tallinn black nifhts film festival”-аас Гран При шагнал хүртсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.