UBLife Logo
Ярилцлага

У.Бямбаням: Өөрийгөө олох гээд хайж явсан зам минь улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан

Ж.Хулан
Ж.Хулан
У.Бямбаням: Өөрийгөө олох гээд хайж явсан зам минь улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан

Ublife сайт Fat Cat жазз клубтэй хамтран явуулдаг “Poetry Night” арга хэмжээгээ зохиолч У.Бямбанямын шинэхэн бүтээл “Дурсамжийн газрын зураг” номоос сэдэвлэн их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн хүрээнд зохион байгуулсан билээ. Энэ үеэр номын зохиолчтой танхимд ярилцсанаа хүргэж байна.

У.Бямбаням утга зохиол судлаач мэргэжилтэй бөгөөд урьд нь “Цаг хугацаа хэлнэ” уран зохиолын эсээ түүвэр, “Анир гүм” яруу найргийн ном, “Хишиг: Монголчуудын “нүгэл төөрүүлэх” зан үйл” судалгааны бүтээл, “Музей” цуврал, “Домог” зэрэг хүүхдэд зориулсан 10 гаруй номын зохиолч төдийгүй 100 орчим номын редактораар ажилласан туршлагатай.

Мөн уран бүтээлчийн хувиар 2019 оноос “Найрагчийн мөрөөр” төслөө эхлүүлж цуврал нийтлэл, баримтат кино бүтээсний дараа “Дурсамжийн газрын зураг” зүймэл романаа гаргаад байгаа нь энэ. 

-Арга хэмжээний эхэнд “Цэнхэрлэн харагдана” дууны хөгжмийг эгшиглүүлэх болсны учир юу вэ?

 -Энэ маань бас л Д.Нацагдоржтой холбоотой л доо. Их зохиолч 1925 онд одоогийн Санкт Петербургбуюу тухайн үеийн Ленинградад сурахаар очсон байгаа юм. Тэнд очсон оюутнууд Ленинградын баруун хойд хэсгийн Буддийские храмы гэж ярьдаг буюу Гүнзэ-Чойнэй гэж буриадуудын барьсан хийдийн орчимд байрладаг байсан гэдэг. Харин Д.Нацагдорж арай төв рүүгээ буюу Эрмитажийн музейн ойролцоо сургуулиа дагаад тэндхийн дотуур байранд амьдардаг байж. Ленинградад манай бүхий л томчууд буюу Б.Ринчен, Д.Пагмадулам гээд олон хүн очиж сурсан байдаг. Тэд Гүнзэ-Чойнэй хийдийн хажууханд оюутны байранд очиж уулзалт, цуглаан хийж хоорондоо ярилцдаг байсан юм билээ. Тэндээсээ Д.Нацагдоржийг гаргаж өгөхөөр галт тэрэгний буудлын ойролцоох уушийн газарт очиж хар пиво уудаг бөгөөд жаахан халамцахаараа Д.Нацагдорж “Цэнхэрлэн харагдана” дууг дуулдаг байсан юм гэсэн.

Өөрийнх нь ярьснаар бол энэ дууг цаазаар авхуулах ялтай хүн баригдаад явж байхдаа цэнхэрлэн харагдах уулсыг хараад эрх чөлөөг үгүйлсэндээ зохиосон гэдэг. Намайг тавьчхаасай, би эрх чөлөөтэй ч болоосой, хэрэв тэгвэл хайртай хүнтэйгээ тэртээ цэнхэрлэн харагдах уулнаа очиж амьдрах юм сан гэсэн утгатай. Энэ дууг Д.Нацагдорж “Учиртай гурван толгой” жүжгээ бичихдээ оруулсан юм билээ. Яг энэ үе нь бол өөрийнх нь хувьд ч тэр баригдсан, байцаагдсан, эрх чөлөөний хувьд тун хүнд үе байсан. Тэгээд өнөөдрийн ярианыхаа эхэнд энэ дууг сонсгоё гэж бодсон юм.

-Би ном уншихдаа эхлээд өмнөтгөлийг нь уншиж ойлголт, баримжаа авахыг оролддог юм. Харин “Дурсамжийн газрын зураг”-т өмнөтгөл, оршил байсангүй. Ер нь энэ номыг юун тухай вэ гэдгийг нэг үг, өгүүлбэрээр багцаалах боломжгүй мэт санагдсан. Д.Нацагдоржийн тухай, хэлмэгдүүлэлтийн тухай, эсвэл зохиолч таны тэмдэглэл гээд олон талаас нь харж болохоор. Ямартай ч, зургаан жилийн өмнө ийм бүтээл хийе, “Нацагдоржийн мөрөөр” төслийг эхлүүлье гэх үүтгэл, санаа нь таны дотор юу байсан юм бэ? 

-Хамгийн анх бол Эрнест Хэмингуэйн тухай зохиогч амьдарч, сурч байсан газруудаар нь аялсан баримтат кино үзэж байсан. Тухайн үедээ бас ингэж явбал гоё юм байна даа гэж бодоод Монголын хувьд энэ хүн байж болох вэ гэхэд Д.Нацагдорж л санаанд орсон. Тэгээд бодож явж байгаад ажил, амьдрал гэсээр нэг л нөхцөл бүрдэж өгөхгүй байсаар таван жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сард аялалд гарч байгаа нь тэр л дээ. Ер нь бол анх тийм сүрхий бодсон юм байгаагүй. Харин хамгийн хүчтэй төрсөн сэтгэгдэл нь миний хувь хүний сэтгэл зүйн байдал байсан байх. Тэр үед би 20-иод насныхаа төгсгөлд ирчихсэн, 30 нас хаяанд ирчихжээ гэх бодол эргэлдээд. Энэ нь надад амьдралын нэг заагаас нөгөө зааг руу шилжих, анги дэвшдэг тоглоом шиг үсрэх гээд байгаа мэт, гэхдээ нэг хөл дээрээ үсрэх гэж байгаа мэт мэдрэмж төрүүлээд байсан. Би цаана буухдаа хоёр хөл дээрээ тэнцэж чадах юм уу гэсэн тээнэгэлзэл төрөөд ямар ч гэсэн амьдралын дараачийн шатанд орохын тулд эхлээд өөрийгөө цэгцлэх ёстой юм байна. Тэгэхийн тулд ямар ч гэсэн нэг аялалд гаръя гэж зорьсон. Тэгээд Токио ч юм уу, Сингапур ч юм уу аялж болно л доо. Гэхдээ нөгөө таван жилийн өмнө орж ирсэн санаа маань дотроос хатгаад болдоггүй. Тэгээд л энэ хоёр санаа, сэтгэлээ нэгтгэчихье гэж шийдээд гурван сар шахам хүмүүстэй и-мэйлээр харилцаж, очоод уулзах хүмүүс, судлаачид, орон байр нь хаана вэ, тэр байшин нь хаана юм гэж нэлээн судалчхаад аялалд гарсан.

Ер нь чиний сая хэлсэн шиг номд олон шугам бий. Зохиогч өөрөө өөрийгөө хайх эрэлд явж байгаа юм шиг, эсвэл аяллын роман ч юм шиг. Нөгөө талдаа түүхэн уран зохиол ч юм шиг, Д.Нацагдоржийн тухай ч юм шиг, эсвэл бүр яг гол зорилго нь хэлмэгдүүлэлтийн талаар байсан ч юм шиг. Харин яг суурь нь бол би өөрөө амьдралынхаа дараачийн шатанд хөл тавихын тулд, хоёр хэл дээрээ буухын тулд өөрийгөө цэгцлэх шаардлагаас үүдсэн гэж болно.

-Тэгвэл үүнтэй холбоотой юм болов уу, номын төгсгөлд “Одоогийн би урьдын би байхаа больсон гэж итгэхийг хүслээ” гэж та өөрөө тэмдэглэсэн байсан. Төслөө эхлэх үеийн зохиогч зургаан жилийн дараа хэнээс хэн болсон юм бэ. Тэрхүү итгэхийг хүссэн зохиогчийн дүр, сэтгэл санаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Энэ аяллын дараа чухам өөрийгөө олоод л айхавтар гэгээрчихсэн юм байхгүй л дээ. Харин энэ номыг бичих явцад тэр олон хүний түүхийг хараад анзаарахад давтагдаж байсан нэг зүйл нь тэд ямар аймаар нөхцөл байдалд амьдарч байсан юм бэ, ямар ч, хаашаа ч гарах гарцгүй нөхцөл байдалд над шиг “Би амьдралынхаа дараагийн шатанд гарах гэж байна” гэж уужуу бодох зав чөлөө тэдэнд байсан уу, эсвэл маргааш цаазлуулах уу, 15 жилийн хорих ял авах уу, Германы тагнуул гэж гүтгэгдэх үү гэх хутганы ирэн дээр л хувь тавилан нь дэнжгэнэж байсан байгаа юм. Тэрийг хараад яг бичих явцад бол энэ түүхүүд надад илүү урам зориг өгсөн, ялангуяа ямарваа зүйлийн өмнө тулгараад ирэхэд өөрөө дотроо юмаа нуугаад, өөрөөсөө зугтаад, юмыг аргацаах биш зоригтойгоор шууд эгцээр нүүр тулах урам зориг өгсөн. Хэрэв өөрчлөгдсөн гэвэл тэгж л өөрчлөгдсөн.

-Уншсан надад ч бас тэгж санагдсан шүү. Яргалалд байцаагдаж, хилс хэрэгт гүтгэгдсэн залуусын тэмдэглэл, бичвэрийг уншихаар тэд дотроо огтхон ч мохсон шинжгүй, мохлоо ч бид ямар гэм хийсэн юм, шүүмжлэн сэтгэхэд ямар буруу байгаа юм гэсэн өөртөө итгэлтэй. Зөвийг, оюун санааг түгээж байгаадаа бардам, тэр хэрээр байцаагчдын өөдөөс асар зоригтой байгаа нь сэтгэгдэл төрүүлсэн. Өнөөдөр ч бас бидний нийгэмд ийм зориг, сэтгэл чухал юм байна ч гэж бодогдож байлаа. Та ч бас өөрт олж авсан сэтгэгдлээс гадна өнөөгийн нийгмээ эргэцүүлсэн байх.

-Тийм ээ, байцаагчийнх нь тэмдэглэл хүртэл байгаа. Эдэнтэй хамаагүй үг сольж болохгүй шүү, энгийн номхон ял хүлээдэг хүмүүсээс наадуул чинь шал өөр. Өөдөөс сөргөж асуулт тавиад байх нь аягүй. Тэгэхээр ял тулгаж байгаа байцаагчийг хүртэл буцаагаад өөрийг нь эвгүй нөхцөлд оруулах тийм оюун санааны зоригтой байж.

Ер нь намайг энэ сэдвээр ном бичихээр хүмүүс гайхаж хүлээж авч байх шиг. Ийм түүхэн сэдэвтэй номыг нэлээн нас нэмсэн хойноо бичдэг юм билээ шүү дээ. Ядаж 50 шүргээд ч юм уу түүхэн роман бичнэ. Гэхдээ би үүнийгээ түүхэн роман гэж нэрлэхгүй байгаа. Угаасаа хавтсан дээрээ ч бичсэнчлэн зүймэл роман юм.

Саяын асуултад хариулахад бид өнгөрсөн цаг хугацааны хүчтэй чанарыг дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Хувь хүн талаасаа ч, улс гүрний талаасаа ч өнгөрсөн бол өнгөрсөн. Тэгээд бодоод байхаар бүх л улсад түүх судлал бий, бүгд л дунд сургуульд түүхээ судалдаг хэр нь ирээдүй судлал гэж хичээл хаана, хэд байдаг юм бол. Яг үнэндээ бид өнгөрснөөс ямар нэг тодорхой чиг баримжаа авч ирээдүйн чигт алхаж байдаг. Хувь хүн ч тэр дурсамжийнхаа хүчээр, дурсамжаараа баримжаалж харанхуйд тэмтчин алхдаг.

Тэгэхээр өнгөрснөөс юу сурч болох юм бэ гэвэл тухайн үед 30 гаруй мянган хүнээ хэлмэгдүүлсэн гэх тоо бий. Бид өнгөрсөн рүүгээ эргэж нэг хараад ирээдүйд дахин давтахгүйн тулд суралцаж, сургамж авах ёстой ч байж мэднэ.  

-Тийм шүү. Би гаднын оюутнуудтай суралцаж байхад Казахстан, Киргизстанаас ирсэн оюутнууд түүхээ танилцуулахдаа хэлмэгдүүлэлтийн гашуун үеэ тод томруун дурсаж, юу алдсан, яагаад давтаж болохгүй вэ гэдгээ их хуваалцдаг. Харин бид сургамж хэмээн тодоор мэдрэх зүйл багатай бөгөөд дурдаад өнгөрөх төдий дурсдаг юм байна даа гэх гэмшингүй бодол тэр үед төрдөг байлаа. Ялангуяа, энэ номд хэлмэгдэгсдийн хойч үеийн нэг хүү нь “Мартаж болохгүй, сорвижиж арилаагүй чин сэтгэлийн угаас үүнийг бичиж сууна” гэж тэмдэглэсэн нь орсон байна билээ. Ер нь энэ номыг уншихад сэхээрэх зүйл маш их байлаа. 

-Жишээ дурдаж байгаа тэр хүү бол аав нь баригдаад цаазаар авхуулаад явчихсан. Дараа нь аавтай нь холбогдуулаад ээжийг нь гэрийнх нь гадаа байцаагчид уулзъя гэж дуудахад нь дээлтэйгээ нөмгөн гартал тэр чигт нь бариад явчихсан. Тэгэхэд гэртээ ганцаараа хоёр настай үлдсэн охиноос нь гарсан хүү нь юм. Надтай ярилцахдаа энэ түүхээ ярьж өгч байв. Ээжийг нь олон хоног ганцаараа үлдээд харангадах гэж байхад нь хөдөөнөөс хамаатнууд нь ирж амь аварсан гэдэг юм билээ. Энэ бол тухайн үеийн бараг л байдаг нэг түүх шахам. Үүний цаана маш аймшигтай түүхүүд ч бий.

Хэлмэгдүүлэлтийн энэ түүхүүд, байцаагчдын тэмдэглэлийг уншихад нэг сэтгэгдэл төрсөн. Жишээ нь, миний гар дээрх сорвийг хүн яачихсан юм бэ гэж асуувал би юу болсон үйл явдлыг л ярина. Харин сонсож байгаа хүн тэрхүү хутгаар исгэчихсэн гэх өвдөлт, шархны хөндүүр, цусны үнэрийг мэдэрч чадахгүй. Бид хэлмэгдүүлэлтэд яг л ингэж ханддаг юм билээ. Хэлмэгдүүлэлт гэдэг үгийг ярианы хачир болгоод хаа нэгтээ дурдаад өнгөрдөг, тэр үед тэгдэг байсан юм билээ гэх төдий. Гэтэл энэ бол оюун санааны хувьд ч тэр, бие махбодын хувьд ч тэр дааж давшгүй, асар их шаналлыг туулсан нэг хүний үхэл төдийгүй хэдэн үеэрээ туулсан шаналал байгаа байхгүй юу. Дээр дурдсан жишээг бодоход л баригдаж явсан хүний хүүхэд том болоод сургуульд ороход нь эсэргүүгийн хүүхэд гэх маягаар шоовдорлодог, сургуулиас нь хөөдөг, эсвэл гудамжны хүүхдүүд барьж аваад чулуу нүүлгэдэг тийм цаг үеийг туулж ирсэн.

Тэгэхээр тэр олон мянган хүний амийг зольсон тэр өвдөлтийг дахин давтахгүйн тулд бид жаахан ч болов мэдэрч ойлгох сон гэх бодол төрсөн. Номоо анх бичих явцад ер нь хэлмэгдүүлэлтийн сэдэв арай бага, Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлд голдуу төвлөрсөн байсан. Гэтэл бичих явцдаа хэлмэгдүүлэлтийн түүхийг нэлээн дэлгэрүүлээд, бараг тал хувийг нь болгосон. Учир нь, энэ л миний гаргаж ирэх ёстой, хүмүүст хүргэх ёстой дуу хоолой юм байна гэдгийг тэгэхэд мэдэрсэн юм уу даа. Миний анх өөрийгөө олох гээд хайж явсан зам маань улс орны хөндүүр дурсамж руу гулгачихсан байхгүй юу. Тэгэхээр би илүү зоригтой, хүчирхэг болсон гэсний шалтгаан нь би хувь хүний гэхээс илүүтэй улс орон гэх өргөн утгын өмнөөс бодож, тунгааж, шаналж, тэр бүхнийг дүрслэхийг хичээсэн. 

-Энэ ном харахад 300 хуудас арай хүрэхгүй нь. Гэхдээ үүний ард 30 мянган хуудастай дүйх судалгаа хийгдсэн гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Зургаан жилийн хугацааны судалгаа, хөдөлмөрийг ёстой л хэрхэн “зүйж” бичээ вэ гэдэг маш гайхалтай санагдаж байна л даа. Үүнийг эмхэлж, учир зүйг тунгаана гэдэг зохиогчийн хувьд маш хүнд хөдөлмөр болов уу.

-Би их сургуульд Утга зохиол судлалын чиглэлээр суралцсаны хувьд Д.Нацагдоржийн талаар ерөнхий ойлголт бол байсан л даа. Гэхдээ яг төсөлд зориулсан судалгаа бол 2019 оны намраас эхэлсэн. Үүнээс хойш архивын баримтуудтай л ноцолдож байгаа юм. Тэгээд яах вэ, уран зохиол гэдэг чинь фантааз шаардана, түүнээ дагаж хөвөрнө. Гэтэл нөгөө талд хөдөлшгүй баримтууд байгаад байдаг. Хамгийн хэцүү нь энэ хоёрын тэнцвэрийг олж, хадгалах байсан. Сэтгэл хөдлөл, төсөөлөлдөө автаж дүрслээд уран зохиол хийчих гээд, нөгөө талдаа баримтаа бариад явахаар түүхэн бичлэг болчих гээд байдаг. Тэгэхээр дийлэнх цаг хугацаагаа бичлэгийн энэ тэнцвэрийг тааруулахад л зарцуулсан байна билээ.

Номын эхний хувилбар нь 360 гаруй хуудас болсон. Харин номынхоо ерөнхий редактораар Ж.Тэгшжаргал найзыгаа ажиллаж өгөөч гэж хүссэн юм. Тийнхүү редактор маань 100 орчим хуудсыг хасаж танасан. Ерөнхий редакторт итгэж номоо өгсөн бол үгнээс нь гарах учиргүй шүү дээ.

Ер нь түүхийг түүх хэвээр нь бичих ажлыг мэргэжлийн хүмүүс нь хангалттай хийчихсэн. Миний хувьд хэдий түүхч биш боловч судалгаагаа өөрийн хэмжээнд, одоо боллоо гэх хүртлээ бүрэн хэмжээнд хийсэн. Харин өгүүлэх хэлээ уран зохиол, сэтгүүл зүйн хэлийг тэнцүүлж авч явъя гэсэн санаа байсан. Анх аялалд явж ирээд би 14 цуврал нийтлэл бичсэн шүү дээ. Түүндээ автахгүйн тулд бүгдийг нь устгаж байгаад цоо шинээр эхэлж, шинэ бүтцээр номоо бичсэн. Аль нэг тал руу сэтгэл хөөрөлд автахгүйн тулд уран зохиол, баримт хоёрын тэнцвэрийг хадгалахын тулд цаг зарцуулсан.

Ном маань орчин үе болон түүхэн гэсэн хоёр шугамаар зэрэгцээ өрнөж байгаа. Нэг нь аян замын тэмдэглэл мэт сэтгүүл зүйн бичлэгийн төрөлтэй бол нөгөө нь уран зохиолын буюу дүрүүдийн монологи хэлбэрээр бичигдсэн. 

-Зүймэл роман гэж сонсож байгаагүй болохоор их шинэлэг санагдсан шүү. Кино үзэж байгаа ч юм шиг, сонирхолтой уншигдсан. Ер нь зүймэл роман гэж уран зохиолын ямар төрөл вэ. Уншихдаа бид юуг анхаарах ёстой вэ? Бүр ном унших хөтөч гаргасан байна лээ шүү дээ.

-Номынхоо бичлэгийн хэлбэрийг тодорхойлоход олон сонголт байсан л даа. Зохиолчид аялсан тухайгаа, аяллынхаа үйл явдал, төрсөн сэтгэгдлээ бичдэг аяллын роман гэж алдартай төрөл бий. Миний номын хувьд тусдаа хөгжим зориулж бичсэн, түүнийг номдоо QR хэлбэрээр хавсаргасан гэхээр текст, медиа хосолчихсон. Медиа роман ч гэж хэлж болохоор.

Гэхдээ гүйцэт илэрхийлж чадах төрөл зүйл бол яах аргагүй зүймэл роман юм. Ихэнх зохиол нэг шугамд, түүнийгээ дагаад үйл явдал нь өрнөдөг шүү дээ. Кино ч бас эхнээсээ төгсгөл хүртэл нэг хүний бүтэн амьдрал, эсвэл үйл явдлын бүрэн эхлэл, төгсгөл ч юм уу. Харин зүймэл романы онцлог нь хэсэгчилж уншиж болдог. Та зөвхөн орчин үеийнх нь шугамыг уншаад явж болно, тэгвэл зөвхөн миний өгүүлэхийг уншина гэсэн үг. Зөвхөн түүхэн шугамыг нь дагаад уншсан ч болно, эсвэл бүлэг бүлгээр нь уншиж болно, нийлүүлээд нэг зохиол болгоод уншсан ч болно. Бичлэгийн хэлбэр талаасаа ч тэр баримтат,сэтгүүл зүйн бичлэгийн хэв маяг, эсээ бичлэг гээд бүгд нэг зохиолд багтсаныг зүймэл роман гэж хэлдэг. Зарим хүн баримтат уран зохиол биш байх гэж эргэлзэж мэднэ. Гэхдээ уран сайхны хэл, хэлбэрүүд явж байгаа учраас миний хувьд уран зохиолын бүтээл гэж үзэх нь илүү онох байх гэж бодож байгаа.

-Түүх, баримт руу эргээд ороход зохиолыг уншихад Д.Нацагдорж их мөрөөдөмтгий, дэврүүн гэмээр хүн байжээ гэж төсөөлөгдсөн. Мөн дэвшилтэт үзэлтэй сэхээтэн хүн байжээ гэдгийг үнэнхүү мэдэрсэн. Бид багаасаа л энэ үгсийг түүний тодорхойлолт болгож сонсож ирсэн ч, яг өөрөө уншиж, ойлгож мэдэрч байгаагүй юм байна. Нөгөөтээгүүр Д.Нацагдорж төдийгүй тухайн үеийн алс газарт сурахаар одсон тэдгээр залуусын түүхийг судлаад сэхээтэн хүн, дэвшилтэт үзэл санаа гэдгийг Та юу гэж олж харав?

-Хоёр асуулт нийлчихлээ, тийм ээ. Эхнийхэд нь хариулахад Д.Нацагдоржийн тухай дүрсэлсэн маш олон бүтээл бий. Ер нь судалгааны бүтээлүүдийг нь өрөөд тавихад надаас өндөр болчих байх аа. Түүний тухай маш их судалсан ч, уран зохиол судлалд “канончлах” гэж нэг юм бий. Д.Нацагдорж бол Монголд үүний тодорхой төгс дүр нь шүү дээ. Энэ нь улс төрийн эсвэл өөр ямар нэг зорилгоор нэг хүний хиймэл түүх бүтээгээд өөрийнх нь бодит байдлаас илүүтэйгээр дээш нь өргөж гаргаж ирэх. Би энэ үгээрээ Д.Нацагдоржийг тийм байгаагүй гэж үгүйсгэж байгаа юм биш. Бидний мэддэг түүх бол “Их зохиолч Д.Нацагдорж 1906 онд Төв аймгийн Гүн галуутай хэмээх газар ядуу хохь тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ” гээд цааш үргэлжилдэг. Энэ нь социалист, хувьсгалт уран зохиолын баатар болох гол эхлэл нь буюу тухайн үеийн нийгэм, улс төрийн гол зорилго нь байсан шиг байгаа юм. Тиймээс канончилж хувьсгалт уран зохиолын баатар болгож гаргаж ирсэн. Энэ нь Д.Нацагдорж маш их мандан бадраад байгаа юм шиг хэр нь уран зохиолын үүднээс түүний бодит, үнэ цэнтэй бүтээлүүд дарагдах шалтгаан болчихсон. Тийм учраас бид Д.Нацагдоржийн шүлэг, яруу найргийг ярихдаа хамгийн түрүүнд “Мөрөөдөл”, “Анхны цас” шүлгийг нь биш “Миний нутаг”-ийг эхэлж нэрлэдэг.

Тэгэхээр энд орхигдуулсан юм нь юу вэ гэхээр тухайн үед Д.Нацагдорж Германы тагнуул гэгдэж, ялих шалихгүй хэрэгт тулгагдаж, сурсан мэдсэн бүгдийг нь үгүйсгэх үед хувь хүнийхээ үүднээс дотроо юу мэдэрч, хэрхэн шаналж байсан бол. Байцаалт нэрээр яс хаяж хайртай бүсгүйгээс нь салгаж, сүүлд суусан эмэгтэйг нь Орос руу буцааж, хагацуулж, энэ бүхний эцэст төдөлгүй нас эцэслэсэн харамсалтай түүх бий. Энэ бүх цаг хугацаанд тэр юу мэдэрч, туулж вэ гэдгийг гаргах нь миний зорилго байсан. Ялангуяа, зөвхөн Д.Нацагдорж төдийгүй тухайн үеийн нүд нээгдсэн сэхээтнүүдийн түүхийг энэхүү дүрээр дамжуулсан хүүрнэхийг оролдсон.

Хоёр дахь асуултын тухайд би бараг ном гаргасныхаа дараа ч үргэлжлүүлэн бодсоор байна. Тухайн үед баруунд сургуульд явсан 35 хүүхэд 13-17 настай л байж. Д.Нацагдорж хамгийн ахмад нь буюу 20 настай. Буцаж ирэхдээ хамгийн бага нь 16, хамгийн том нь 20 дөнгөж гарч байж. Ирээд өөр өөрийн сурсан мэргэжлээр буюу хэвлэх үйлдвэрийн анхны ажилтнууд, номын сангийн ахлах ажилтан, геологи хайгуулын чиглэлээр гэхчлэн бүгд сурсан мэргэжлээрээ ажилласан. Д.Намдаг гуай театрын анхны найруулагч болсон бол Л.Намхайцэрэн гуайг Германд зургийн мэргэжлээр сурсан тул Туул голын гүүр барихыг даалгаж үхэр тэргэн дээр мод ачиж, мөнгө өгөөд явуулж байсан гэдэг. Ердөө арван хэдтэй хүүхэд гүүр барих гээд үхэр тэрэг хөтлөөд явж байна гээд төсөөл дөө. Тийм л боловсон хүчний нөөцтэйгөөр шинэ Монгол Улс бүрэлдэн бий болж байсан эгзэгтэй цаг үе байж. 

Гэтэл 1937 он гараад Монголд улс төрийн нөхцөл байдал эвгүйдсэн. Төрийн эрхэнд гарч ирсэн зүүнтнүүд баруунд сурсан буюу хөрөнгөтөн оронд сурсан хүүхдүүдийг барьж хорих, байцаах ажил эхэлжээ. Олон удаагийн байцаалт үргэлжилсээр 1940 он гарсны хойно хамгийн сүүлийн удаа хэрэг таслахад хамгийн их ял авсан хүн нь Берлин хэмээх гэрэл зурагчин Бат-Очир 25 жил, Н.Наваан-Юндэн гуай 20 жил, Д.Намдаг гуай 10 жилийн ял авч байсан. Үүнээс гадна 1, 2 жилээр, хэдэн сараар байцаасан, ялласан тохиолдол олон бий. Ингээд бодохоор тэр хүүхдүүд яагаад гомдож, цөхрөөгүй юм бол. Эсвэл бүхнээ хаяад зугтаж ч болно шүү дээ. Харин тэдний хувьд сэхээтэн байхын утга учир үүнд л байжээ гэж би ойлгосон. Тэд эрх чөлөө гэж юу байдгийг, хүний эрх чөлөө гэж ямар агуу болохыг, хэрэв эрх чөлөөтэй бол улс орноо хэрхэн урагшлуулж, сайхан нийгэм бүтээж болохыг харчихсан байж.   

 Тэднийг Европт очих үеийн буюу 1926-1929 он гэдэг бол Германы алтан үе гэж нэрлэгддэг. Ваймарын Бүгд Найрамдах Улс бүрэлдэн тогтсон, соёл, хөгжил цэцэглэж байсан, бүх л урлагийнхан Германыг зорьж байсан үе. Тийм урлаг, соёл, оюун санааны тэсрэлтийг үзчихсэн хүүхдүүд бол бид тэгж цөхөрч болохгүй, хэзээ нэгэн цагт үнэн ялна, хүний эрх чөлөө гэдэг бол бидний амь насаараа төлөөд ч хамаагүй хамгаалах ёстой эрхэм зүйл тул үүний өмнө бууж өгч болохгүй гэх бодлыг өөрсөндөө суулгачихсан байж гэж бодсон.

Хэрэв тэд алс газар явж нүд тайлаагүй, Улаанбаатар хотын дунд сургуульд сурч байгаад баригдаж, байцаагдсан бол хэд нь цөхрөх байсан бол гэж харахад бас сонирхолтой л юм билээ. Тэд эрх чөлөөт улс орон байхын утга учрыг таньж мэдсэн учраас тэр хүнд давааг даваад, эцэст нь амьд үлдэж салбар бүрдээ гойд мэргэжилтнүүд болжээ. Д.Намдаг гуай шоронгоос гарч ирээд л уран бүтээлээ туурвиж, Л.Намхайцэрэн гуай Ардын зураач, Г.Батсүх гуай Монголын анхны Ардын багш болсон гэхчлэн тэр 35 хүүхэд дунд нэр нь мандаагүй хүн гэж ховор. Тэр хүртэлх бартаат замыг тэд тэвчээр, оюун санааны хүч, тэнхээгээр л даван гарчээ гэж би бодсон.

-Номд олонтоо дурдагдаж, багагүй дуртгалыг эзэлсэн Лайпциг хотын тухай ярьж өгөөч. Монголчуудын түүхэнд тодоор бичих учиртай газар шиг санагдсан шүү.

-Д.Нацагдоржийн тухай бичих гэж байгаа бол Лайпцигт очихоос аргагүй л дээ. Тэрбээр 1926 оны Берлинд очиж хэлний курст сурч байгаад 1927 оны зун Лайпцигт очсон. Тэнд Д.Пагмадуламтай хамт хоёр ч газар амьдарч байсан юм билээ. Би тэднээс нэг газарт нь хоёр ч удаа очсон. Анх 2019 онд аяллынхаа явцад очсон бол 2023 онд Монгол урлагийн зөвлөлөөс уран бүтээлийн тэтгэлэг авснаар Берлинд гурван сар байрлаж номоо бичсэн юм. Энэ үеэрээ Лайпцигт дахин очиж, номынхоо холбоотой хэсгийг бичсэн.

Надад заримдаа энэ түүхийн гол өгүүлэгч нь магадгүй хүн биш хот байх аа гэж бодогдох үе бий. Улаанбаатар, Санкт-Петербург, Лайпциг, Берлин гэсэн дөрвөн хот дамнан үйл явдал өрнөж байгаа л даа. Энэ дөрвөн хот өөр хоорондоо огт адилгүй, хотын уур амьсгал, дуу чимээ, хүмүүсийн харилцаа хандлага гэхчлэн өгч байгаа мэдрэмжүүд нь тэс өөр. Тиймээс номдоо хөгжим оруулсан нь ч бас ийм учиртай. Бидний найз Куш буюу З.Энхмөнхийн маань дүү З.Мөнх-Өлзий эдгээр хөгжмүүдийг хийсэн. Би зохиолоо бичгээр илэрхийлсэн бол хөгжмийн зохиолч маань номоо уншаад тэрхүү мэдрэмжээ хөгжмөөр илэрхийлж гаргаж байгаа юм.

Ингэх болсон шалтгаан нь би 2019 онд явахдаа аяллын турш дуу хураагчаа ер унтраагаагүй буюу дуу чимээ бүгдийг бичиж авсан юм. Гудамжны чимээ анир, хар яриа гээд л юуг ч орхигдуулаагүй. Үүнийгээ ямар нэг байдлаар хүмүүст сонгохыг хүссэн учраас саунд арт маягийн бүтээл болгож номдоо оруулсан. Мөн дөрвөн бүлэг тус бүрийн ард дөрвөн хотын газрын зураг байгаа. Тэнд би хаагуур явж, юу идэж, ууснаа хүртэл тэмдэглэчихсэн. Ингэхээр ядаж дараачийн хүмүүсийн судалгаанд арай дөхөм буюу над шиг гурван сарын турш хүмүүстэй и-мэйл шидэлцэх шаардлагагүй болно.

Сонирхуулахад, Лайпциг хот надад нэг өгөөмөр хандсан нь 2019 онд очихдоо Лайпцигийн их сургуулийн настай профессор эмэгтэйтэй уулзахаар мэйл илгээгээд байлаа. Гэтэл яг Берлинээс Лайпциг руу явж байхад нөхрөөс нь манай гэр бүлийн хүн алцхаймертай болсон тул уулзах ямар ч боломжгүй нь ээ гэсэн хариу ирдэг юм. Төлөвлөгөө нураад, үзэх газруудаа үзчихээд буцъя даа гээд судалгаагаа хийчхээд таарав. Харин яг Берлин рүү буцах өглөө дахиад мэйл ирээд манайд хүрээд ирж чадах уу гэсэн байв. Тэд бол хоёул алдартай монгол судлаачид бөгөөд ялангуяа эхнэр нь Д.Нацагдоржийг Германд яг хэрхэн аж төрж байв гэдгийг мэдэх, маш нарийн судалсан цор ганц хүн байсан юм. Д.Нацагдорж юу хийж амьдарч байсан, юу сурсан юм, тэнд хэнтэй харилцаж байсан юм гэхчлэн. Энэ бол дээр дурдсанчлан Д.Нацагдоржийг канончилсан хувилбараар харах бус үнэн бодит баримттайгаар харахын чухлыг ойлгуулсан уулзалт байсан. Тийм хэрэгтэй баримтуудыг хэлж өгсний хувьд үнэхээр тэр удаа Лайпциг хот надад өгөөмөр хандсан шүү.

Хожим 2023 онд Лайпцигийн их сургуульд очиход хоёр профессорын зураг хүндэтгэлийн самбарт өлгөөтэй, харамсалтай нь ард нь хоёр он бичигдсэн байсан даа. Биднийг очсоноос хойш удалгүй нас барсан юм байна лээ.

“Poetry Night” арга хэмжээний үеэр танхим дахь үзэгчдээс цөөн асуулт тавьсныг хүргэе.

-Таны хийсэн бүх ажилд баярлалаа. Датагаа цуглуулахад хэр хэцүү байсан бэ? Цуглуулсан баримт, өгөгдөлдөө хэр сэтгэл хангалуун байгаа бол?

-Монгол Улсын Төв архивт байгаа баримтуудыг үзсэн. Судлаачдын ном, бүтээлийг ч тэр бүгдийг нь хамруулсан. Мөн Д.Нацагдоржоор дагнаж, эсвэл энэ хүүхдүүдээр дагнан судалж байгаа хүмүүсийн олонхтой нүүр тулж уулзсан. Уулзана гэдэг бол миний хувьд маш чухал байсан. Яагаад гэвэл зүгээр унших биш сэтгэл хөдлөл, мэдрэмж, тэр хүний эргэлзэж байгаа зүйлийг олж сонсох нь чухал байсан. Номыг бол хүн хаанаас ч уншчихаж болно шүү дээ. Тэгэхээр тэр герман профессортой заавал уулзах гэдэг нь тэр хүн Д.Нацагдоржийн талаар яг юу мэдэрсэн юм, эргэлзээтэй нь юу байв гэдгийг өөрийнх нь амнаас, өөрийнх нь царайг харж байгаад нүүр тулаад царайных нь хувирлыг харж байгаад асуух нь чухал.

Архивын баримтын хувьд бүгд монгол бичгээр тул эх бичгийн талын судалгаа гэхчлэн нарийн юмнууд харах хэрэгтэй болсон. Мөн тэрхүү баримтууд нь намайг хөтөлж өгсөн. Жишээ нь, Бозеш гудамжны 4 дүгээр байшинд сууж байжээ гэдгийг нь би Д.Нацагдоржоос Ж.Цэвээнд илгээсэн захидлаас нь олсон. Тэнд хаягаа бичсэнийх нь дагуу амьдран суусан газарт нь хүрч чадсан.

Баримт, судалгаа, аман ярилцлагуудаа тэмдэглэж, эмхлэх ер нь их чухал ажил байсан шүү. Баримтууд бол байсан газраа, товч бөгөөд тодорхой, хар дээр цагаанаар бичээтэй бий. Харин тэр хүмүүсийг хэрхэн олж, хэзээ хэнтэй уулзах вэ, ямар асуулт тавьж, юуг нь яриулах вэ гэдэг хэцүү ажил байсан. Ялангуяа, аав, ээжийнх нь гунигт түүхийг хүүхдүүдээр нь яриулна гэдэг амаргүй. 

-“Найрагчийн мөрөөр” төслийг эхлүүлсэн цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд хэлмэгдэгсэдтэй холбоотой баримт, материалууд судалж, ярилцаад өөрөө үүндээ бие, оюун санаагаараа орчихоор ямар ч хүний сэтгэлд шаналах, шархирах мэдрэмж төрөх байх. Чиний хувьд энэ хугацаанд уйлсан уу? Зүрх сэтгэлдээ мэдэрсэн харуусал, шаналлыг яаж эмчилж, эдгээж өдий зэрэгтэй сууж байна вэ?

-Энэ их чухал асуулт байна л даа. Дээр дурдсанчлан миний ном эхэндээ Д.Нацагдоржийн мөрөөр аялаад л явж байгаа байдалтай хөнгөн хувилбараар гараас гарсан л даа. Товчхондоо нэг эморсон залуу л байгаа байхгүй юу. Тэгээд номоо бүр өөрчлөөд уран зохиолын хэсгийг нь нэмээд, хоёр шугамтай болгоод, хэлмэгдүүлэлтийн хэсгийг бичиж эхлэхэд бол яг таны хэлсэнчлэн маш хүнд байсан. Цаанаасаа л нэг явж өгөхгүй, эсвэл ганц хоёр хуудас биччихээд л маш их ядарчихсан байдаг. Магадгүй асар олон хүнд түүх, нөхцөл байдлыг уншиж, харж улмаар тэднийгээ буулгахын тулд өөрөө тэр бүхнийг төсөөлж байснаас болсон байх. 

Хэдий бие махбод, оюун санааны хувьд хэцүү байсан ч гэлээ бичиж чадсан нь л эдгэрэл болсон байх. Хэрэв бичиж дуусгалгүй орхисон бол шаналаад л явж байх байсан. Одоо харин бичиж дуусчхаад эдгэх гээд л ингээд сууж байна шүү дээ (инээв).

-Энэ номд хангалттай хувь эзлээгүй ч, тэр хүний дүр бол өөрөө уран зохиол юм аа гэх хүн эдгээр 35 хүнээс хэн байх вэ?

-Түүхийн хувьд бол энэ 35, багш нартайгаа нийлбэл 50 орчим хүний түүх болж байгаа. Тэдний амьдрал бүгдээрээ л кино мэт. Бидний мэддэг нь Д.Нацагдорж болохоос биш Төмөрийн Нацагдорж гэж Монголын ууган кино найруулагч хүн байна. Яг кино зурагт авалтынхаа талбай дээрээс баригдаад Зүүнхараагийн үйлдвэрт жижүүр хийж байсан. Түүнийг хоригдох хугацаанд нь ямар олон аймшигт зүйл хувийн амьдралд нь тохиож вэ. Д.Намдаг гуайг л гэхэд хоригдоод гарч ирэхэд эхнэр нь өөд болчихсон байдаг гэдэг. Л.Намхайцэрэн гуай нэг гүүр барьсных нь дараа хүлээж авахдаа аман гэрээ хийсэн байдаг юм. Хэрэв энэ гүүр 20 жилийн дотор нурах юм бол тэр өдөр нь чамайг цаазаар авна шүү гэсэн аман гэрээ. Ингээд бодохоор 20 жил тэр хүний сэтгэл зүйн байдал ямар гээч там шиг өнгөрөө вэ. Хожим хүү нь надад ярьж байсан. Аав нь нэг өдөр найзуудтайгаа нэлээд уухад нь юу болоо вэ гэхэд аав нь 20 жилийнхээ ялаас гарсан юм аа гэж байж. Хаалаа гэж Өвөр Монголоос ирсэн ноёны охин Германд сурсан 35 сурагчийн нэг байсан. Герман хэл сургах зорилгоор тэднийг айлуудад хуваарилж суулгахад Хаалаа шоколадны үйлдвэртэй айлд очсон юм билээ. Тэгсэн айлын үе тэнгийн хөвгүүн түүнд сэтгэл алдраад үйлдвэртээ Хаалаа нэрийн шоколад хийж, тосгондоо зардаг байсан гэдэг. Энэ мэтчилэн тэдний дунд хайр дурлалын гэгээн түүхүүд, аймшигтай хар бараан дурсамжууд ч бий. Тэдний түүхээр 40 хэдэн ангитай цуврал кино хийхүйц, эсвэл 40 боть ном болгосон ч болно. Энэ бүхнийг нийтэд нь судалж байгаа хүн бол манай төслийн зөвлөх, сэтгүүлч Чимэд-Осорын Болд шүү дээ.


-Сүүлийн асуулт маань жаахан хийрхүү сонсогдож мэднэ шүү. Гэхдээ надад номыг уншаад дуусахад 100 жилийн дараа бид өнгөрсөн түүхээ ийнхүү бодитоор уншихад маш их сургамжтай санагдсан. Олон хүн уншаасай, тэр дундаа олон монгол хүн уншаасай гэх ухаарал бас төрсөн. Басхүү өнөөгийн манай нийгэмд их чухал, цаг үеэ олсон бүтээл боллоо гэж бодож байна. Гэхдээ надад яагаад ингэж санагдсан гэхээс илүүтэйгээр зохиолчийн хувьд Та өөрөө яагаад олон монгол хүн энэ номыг уншаасай гэж хэлэх вэ?

-Энд нэг явдал санаанд орж байна. Би 2020 билүү 2021 онд Тайваньд уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөрт очсон юм. Тэр үед Зүүн Азийн медиа арт фестиваль болж таарав. Түүнийг үзээд алхаж байтал нэг өрөөнд дөрвөн хүний түүхэн зураг байхаар нь сонирхтол Японы уран бүтээлчийн үзэсгэлэн байв. Японоос хамгийн анх Англи руу явуулсан дөрвөн оюутны тухай байсан. Маш сонин, яг миний хийж байгаа ажилтай давхацсан байсан. Яг л дөрвөн оюутан Европ руу сурахаар явсан, эргэж ирээд төрийн сайд, өндөр албан тушаалтнууд болж илүү олон оюутныг гадаадад илгээснээр Японы эрс шинэчлэлийн үеийг эхлүүлсэн юм билээ. Үүнийг хараад би ч бас буруу юм хийгээгүй юм байна даа гэж бодож байв.

Ер нь гол зорилго маань ном гаргая, ямар нэг бүтээл гаргаад олонд танигдъя гэх юм байгаагүй. Харин энэ түүхийг л ямар нэг хэлбэрээр олон хүнд, ялангуяа залуу хүмүүст хүргэх нь миний гол зорилго байсан. Эхэндээ бол түрүүн хэлсэн дээ, их хөнгөнөөр бодож байжээ гэж. Зөвхөн өөр дээрээ төвлөрөөд, амьдралдаа ямар нэг шийдвэр гаргаад, өөрчлөгдмөөр байна гэсэн санаагаар аялалд гарсан бол ирэхдээ ёстой чиний хэлдгээр хийрхүү ч сонсогдож мэднэ, гэхдээ би улс орныхоо өмнөөс өөрийгөө тавьж үзэх болсон. Би энэ улс орны нэг эд эс нь. Улс орны энэ шаналал, туулсан түүх, хэлмэгдүүлэлт надтай ч бас ямар нэг сэжмээр холбоотой. Тэгэхээр өнгөрсөнд болсон энэ аймшигт дууг би илүү тод хашхирч хүнд хүргэх ёстой юм байна гэх санаа илүүтэй бүрэлдэж, энэ номыг бичих явцад төрсөн.

Өнөөгийн нөхцөл байдалд цаг үеэ олжээ гэж чи хэллээ. Би нэг их тэр талаас нь бодоод, энэ түүхийг, яг өдийд дахиж гаргаж ирье гэх улс төрийн учир, шалтгаан ерөөсөө байгаагүй. Цэвэр уран бүтээлчийн л дэврүүн санаагаар эхэлж байгаа шүү дээ. Харин тэр түүхүүдийг судлаад, ар гэртэй нь уулзаад, уншаад эхэлмэгц хүнийхээ үүднээс бодохгүй байх аргагүй юм билээ. Судлаачдын хүрээнд л эргэлддэг энэ түүхийг нийтэд, залууст хүргэе гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.

Түүнчлэн эх оронч үзэл гэдэг миний өмнө боддог байсан шиг уриа лоозон бариад, цогтой тэмцэх байж болох ч, энэ хүүхдүүдийн түүхийг үзэхээр чин шударгаар, хүсэл эрмэлзлээрээ, өөр өөрийн мэргэжил, албан тушаал дээрээ чин сэтгэлээсээ ажиллах чинь ямар хүчтэй эх оронч үзэл юм бэ гэж бодогдсон. Тэгэхээр энэ түүхийг залууст хүргэх нь л одоо миний зорилго болж. Түүнээс биш ямар нэг тайлбар хийх надад шалтгаан, шаардлага байхгүй. Би түүхч биш, түүхийн өмнөөс дуугарахгүй, харин чаддаг юм маань, сурсан зүйл маань уран зохиол. Сайн, муу ч бай уран зохиолын хэлээр буюу чаддаг юмаараа дамжуулаад тэр түүхийг гаргаад өгчихвөл л гэдэг санаа. Тиймээс л ном, нийтлэл бичээд, саунд арт хүртэл хийж үзээд, баримтат кино ч нэг хийгээд аль болох л хэлбэрийг нь янз бүрээр олон хүнд хүргэе гэж бодоод байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.