UBLife Logo
Ярилцлага

Ц.Батгэрэл: Манай BestGER гэрчилгээ нь банканд ногоон зээлийн баталгаа болно

Ц.Батгэрэл: Манай BestGER гэрчилгээ нь банканд ногоон зээлийн баталгаа болно

Ногоон барилгын гэрчилгээг хэрхэн авах тухай болон манай улсын боловсруулсан ногоон барилгын үнэлгээний BestGER систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн талаар Ногоон барилгын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ц.Батгэрэлтэй ярилцлаа.

-Монголчууд ногоон барилгын тухай сонсоод чамгүй хугацаа өнгөрсөн. Гэхдээ энэ талаар хангалттай мэдээлэлтэй хүмүүс цөөн байх. Ногоон барилга гэж юу вэ? 

-Ногоон барилга бол цогц ойлголт юм. Зөвхөн байгальд, хүнд ээлтэй байхаас гадна хүрээлэн буй орчиндоо зохицсон, хийгдсэн материал нь ч чанартай, ээлтэй байх хэрэгтэй. 

Манай ногоон барилгын хүрээлэн анх 2014 онд байгуулагдсан. Үүнээс хойш 2021 онд Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Ундраа шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай санамж бичиг байгуулан ногоон барилгын үнэлгээний BestGER системийг боловсруулах ажил эрчимтэй эхэлсэн. 

-Тус системийн онцлог нь юу вэ. Дэлгэрэнгүй танилцуулна уу

-Манай хүрээлэн 2021 оноос эхлэн чамгүй ажил хийж гүйцэтгэсэн. Анх ногоон барилгын үнэлгээний системийг боловсруулах эсэх судалгаа хийхдээ олон улсад нийтлэг ашигладаг АНУ-ын LEED, Английн BREEAM, Германы DGNB болон Олон Улсын Санхүүгийн Корпорацийн EDGE зэрэг үнэлгээний системийг судалсан. Зах зээлийн зарчмаараа олон улсын стандартыг хэрэгжүүлж, тухайн гэрчилгээг авах нь нээлттэй хэдий ч манай иргэдэд нөлөөлөх санхүүгийн дарамт их юм билээ. Амины орон сууцанд EDGE-ийн гэрчилгээ авахад төлбөр нь 5 мянган ам.доллараас эхлэх жишээтэй. Тиймээс бид иргэд, олон нийтдээ санхүүгийн боломжтой байдлаар, Монголынхоо цаг уурт зохицсон өөрийн гэсэн үнэлгээний системийг боловсруулах нь зөв гэж үзсэн. Дээр дурдсан олон улсын үнэлгээний системд манай улсын цаг уур, нөхцөл байдалд тохирсон шалгуур үзүүлэлт хангалттай байгаагүй. Жишээлбэл, ихэнх үнэлгээнд хөргөлтийн системийг чухалчлан авч үзсэн байхад манай улсад халаалт, дулаалгын алдагдалгүй битүүмж сайтай байх, температурын хэлбэлзэл, үер усны аюул, газар хөдлөлтөд тэсвэртэй байх гэхчлэн барилгын тэсвэржилт чухал байсан. Дээрх судалгаанд суурилан Монголын нөхцөлд тохирсон ногоон барилгын үнэлгээний “BestGER” систем боловсруулах ажил эхэлж байлаа. 

Бид нэр сонгохдоо хүртэл маш сайн бодолцож, Монголдоо болон олон улсад тохиромжтой нэрийг сонгосон. Нэгдүгээрт, Монгол улсын үндэсний үнэлгээний систем ч гэлээ цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд дөхөм болгох зорилго агуулан Best буюу санхүүгийн болон барилгын хамгийн сайн систем байлгахыг илэрхийлэн, GER буюу Governance буюу барилгын зөв засаглал, менежментийг, Efficiency буюу байгалийн нөөцийг хамгийн үр ашигтай хэрэглэхийг, Resilience буюу гамшигт болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байхыг үсгийн товчлолоор агуулсан юм. Гол нь монгол гэрээ агуулгадаа тусгасан хэрэг. Монголчууд “манай гэр, гэртээ харина, гэрлүүгээ явлаа” гэдэг болохоос биш хэзээ ч “манай байр, байшиндаа харилаа” гэдэггүй шүү дээ. Ногоон барилгын үнэлгээний системийг боловсруулахын тулд манай хүрээлэнгийнхэн 3 жил орчим шаргуу ажиллаж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаалаар энэхүү барилгын дүрэм албажин батлагдсан. Энэ хүртэл манай багийнхан холбогдох яам тамгын газар, холбоод, мэргэжилтнүүд, зөвлөх инженер, иргэд зэрэг 1000 гаруй хүнтэй уулзаж, хэлэлцэж байж ард нь гарсан. Энэ ташрамд, гар бие оролцсон бүх хүнд талархал илэрхийлье.

-Ногоон барилга мөн эсэхийг яаж мэдэх вэ. Ямар шалгууртай вэ? 

-Манай сайт дээр ногоон барилгын шалгуурууд ил тод, тодорхой байгаа. Ногоон барилгын үнэлгээний систем хялбаршуулсан болон дэлгэрэнгүй гэсэн хоёр шатлалтай. Хэрвээ амины орон сууц барих бол хялбаршуулсан үнэлгээний аргачлалаар үнэлгээ хийлгэнэ. Энэ нь хоёр бүлгийн 12 шалгуур үзүүлэлттэй. Харин дэлгэрэнгүйд нь амины орон сууцнаас бусад буюу орон сууц, хороолол, сургууль, цэцэрлэг, үйлдвэрийн барилга байгууламж багтана. Энэ үнэлгээний системийг 6 бүлгийн 31 шалгуураар баталгаажуулна. Ногоон барилга бол гадаад, дотоод бүхий л асуудлыг цогцоор нь шийдэж буй тул зургаан бүлэгт нь эрчим хүч, усны хэмнэлт, материал, гал ус, газар хөдлөлтөд тэсвэртэй байдал, дотоод агаарын чанар, хүрээлэн буй орчин буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байдал, гэрэлтүүлэг, ногоон орчин зэрэг үзүүлэлтийг бүгдийг нь үнэлэхээр тусгасан. 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг систем. Ингээд ногоон байшин гэж юу вэ, ямар шалгуур хангасан барилга байх вэ гэсэн аргачлал нь тодорхой болонгуут үүнийг хэн баталж, гэрчилгээг нь хэрхэн олгох вэ гэсэн асуудал тавигдана. Энэ хүрээнд манай байгууллага Барилга Хөгжлийн Төвтэй хамтарч ногоон барилгын аудиторуудыг бэлтгэсэн. Эхний ээлжинд 16 аудитор бэлтгэгдсэн байна. Одоогийн байдлаар дэлгэрэнгүй дээр “Go to market” худалдааны төв BestGER-ийн B+ гэрчилгээ авсан. Амины орон сууцны хувьд үнэлгээ хийж буй 10-аад байшин бий. Тал хувь нь гэрчилгээ авах хэмжээний үнэлгээтэй гарчихсан байна.    

-Ногоон барилгын хүрээлэн өнгөрсөн долоодугаар сард Дэлхийн ногоон барилгын зөвлөлд гишүүнээр элссэн. Гишүүнээр элсэх хүртэлх явц амаргүй байсан байх. 

-Бид өнгөрсөн 12-р сард яамны сайдын тушаалаар баталгаажуулсан BestGER үнэлгээний системээ банкны удирдлагуудад танилцуулж, ногоон зээл олгохдоо энэ үнэлгээгээр батлах боломжтойг дуулгасан. Банкууд ногоон зээлийн санхүүжилтээ олон улсаас авдаг болохоор нэг шалгуур үзүүлэлт нь тухайн барилга олон улсын стандартыг хангасан байх ёстой юм билээ. Тэр ч утгаараа манай үнэлгээний системийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эсэхийг банкуудын зүгээс асуудаг байсан. Тухайн үед манай хүрээлэн шат дараатайгаар шалгуур үзүүлэлтүүдээ хангаад Дэлхий ногоон барилгын зөвлөлд гишүүн болох хүсэлтээ илгээсэн байсан. Ингээд 2 жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шимээ хүртэж, долоодугаар сард албан ёсоор Дэлхийн ногоон барилгын зөвлөлд манай Ногоон барилгын хүрээлэн гишүүнээр элслээ. Энгийнээр, манай BestGER үнэлгээний систем олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт бид хамтран ажилласан түншүүдээ урьж, хамт олноороо баяраа тэмдэглэсэн. Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн Европ, Төв азийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ричард Тейхманн баяр хүргэхээр зорьж ирсэн нь бидэнд урамтай байлаа. Тэрбээр Монгол улс ази тивд харьяалагддаг боловч байгаль цаг уурын онцлогоосоо хамаараад Европын бүсийн багт давхар харьяалагдахаар болсныг онцолж байсан. Тиймээс олон улсын холбоо харилцаагаа бататгах, ази болон европ тивийн аль алинаас нь сайн туршлага хуваалцаж, тэднээс суралцаж, санал солилцож ажиллах нөхцөл бүрдсэн. Аливаа салбарын амжилт санхүүжилттэй салшгүй холбоотой. Иймээс манайх банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, санамж бичиг байгуулж эхэлж байна. 

-Ногоон барилгын ямар шалгуурт тэнцэж байж иргэд болон аж ахуйн нэгжүүд банкнаас ногоон зээл гаргуулах боломжтой вэ? 

-Мэдээж иргэн барилга барихынхаа өмнө тодорхой хэмжээний зээлээ авна шүү дээ. Тухайн барилгыг “ногооноор” барина гэдгийг банканд батлах гэрчилгээг манайхаас гаргуулах боломжтой гэсэн үг. Хэрвээ та ногоон барилгын зээл авахаар төлөвлөж байвал хамгийн эхэнд зураг төслөө гаргуулаад манай Ногоон барилгын хүрээлэнд хандаж, урьдчилсан гэрчилгээ авах боломжтой. Манай аудиторууд зураг төслийг шалгаж “BestGER”-ийн B, A эсвэл суурь шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулж гэрчилгээ олгоно. Үүнийг банк үндэслэж үзээд эрсдлээ тооцоод зээл олгох юм. Ингээд барилга баригдаж дуусах хүртэлх явцад аудитор маань үе шаттай үнэлгээ гаргаад BestGER гэрчилгээг олгож, баталгаажуулна. 

-Зураг төсөл гаргуулна гэхээр хувь хүмүүст чирэгдэл ихтэй байх уу. Манайхан амины орон сууцаа ихэнхдээ хувиараа барьдаг шүү дээ.

-Барилгын тухай хуульд зааснаар 600 ам.метр, 9 метрээс доош нэг айлын амины орон сууц барихад зураг төсөл шаардахгүй гэж заасны дагуу манайхан байшингаа зураг төсөл гаргалгүй, өөрсдөө барьчихдаг. Мэргэжлийн бус, стандартгүй барьсан барилга бол банканд барьцаа болж чадахгүй, эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа гол шалтгаан энэ. Иргэдийн хэвшмэл ойлголтыг халахын тулд бид хичээн ажиллаж, үнэлгээний системийг боловсруулсан. Үнэ цэнтэй барилга байшин босоход төлөвлөгөө чухал. Сайн төлөвлөсөн ажил чанартай, зөв хийгддэг шүү дээ. Тэгэхээр төлөвлөлт бол үр дүнгийн хамгийн чухал хэсэг. Тэр утгаараа ногоон барилга барихад төлөвлөлт буюу зураг төсөл хэрэгтэй. Та яг ямар байшинг, хэрхэн зохион байгуулж, ямар материалаар барих вэ гэдгээ зураг төсөлдөө л тусгана. Айл болгон зураг төслийн компанид хандаж ногоон барилгын зураг төслөө гаргуулахад чирэгдэлтэй байж магадгүй. Тийм болохоор иргэдэд хүртээмжтэй, санхүүгийн хувьд дарамт болгохгүйн тулд Ногоон барилгын хүрээлэнгээс зураг төслүүд гаргаж хүмүүст хямд үнээр санал болгох ажил эхэлсэн байгаа. Ирэх жилээс жигдэрчих байх. Яамны зүгээс ч мөн энэ төрлийн ажлыг төлөвлөсөн байна билээ. 

-Ярилцсанд баярлалаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Б.Нинжин: Үр дүнд суурилсан удирдлагын тогтолцоог Засгийн газрын бүх түвшинд бүтэц, үйл ажиллагаандаа бүрэн шингээх хэрэгтэй

Европын холбооны Төсвийн дэмжлэгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол  Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэтгэлийг дэмжих нь” төслийн менежер Б.Нинжинтэй ярилцлаа.

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Б.Баярмаа: Хэвлэл мэдээллийн эрх зүйн зохицуулалтаар хэвлэлд хэтэрхий их үүрэг, хариуцлага оноосон

Харанхуйгаар олонхыг дагах юм бол сенсац хөөсөн, төлбөртэй мэдээллийн асуудал үүснэ, харин үүнийг сэтгүүлч, редакц өөрөө нийгмийн өмнө хариуцлагатай байх замаар шийдэж болно.