АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадаас ирэх бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 125 хувь хүртэл нэмэгдүүлсэнтэй холбогдуулан Хятадын зүүн өмнөд хэсгийн жижиг үйлдвэрүүдийн хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болов.
Гуанжоу хот орчмын экспортын чиглэлийн олон мянган жижиг үйлдвэрүүд тус улсын сүүлийн хагас зуун жилийн эдийн засгийн хурдацтай хөгжилд гол үүрэг гүйцэтгэсэн. Ямар ч бүтээгдэхүүнийг хямд төсөр зардлаар түргэн шуурхай нийлүүлдэг тэр жижиг үйлдвэрүүд Хятадын өнцөг булан бүрт сая сая цагаачдыг ажлын байраар хангадаг байна. Хятадын эдийн засгийн тулгын чулуу болдог эдгээр жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь Дональд Трампын гэнэтийн шийдвэрээс болж хүнд хэцүү цаг үеийг туулах болсон талаар The New York Times сайт мэдээллээ. Тухайлбал, хувцасны үйлдвэрүүдийн Америк брэндүүдээс авсан олон тооны захиалгууд эцсийн мөчид үй олноороо цуцлагдаж, их хэмжээний алдагдал хүлээж эхэлжээ. Жижиг үйлдвэрүүдийн ажилчид ажил орлогогүй болох нь цаг хугацааны асуудал болжээ.

АНУ-ын зах зээлд голчлон бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг оёдлын үйлдвэрүүдийн эзэд тарифын нөхцөл байдал тодорхой болох хүртэл аль хэдийн үйлдвэрээ хааж эхэлсэн байна. Хараахан хаалгаа бариагүй харзнаж үлдсэн хэд нь бусад улсаас боломжит худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг хайж байгаа ажээ. Зарагдахааргүй болсон асар их үйлдвэрлэлтээс гарч бэлэн болсон хувцас эдлэл, бараа бүтээгдэхүүнүүд эхнээсээ багтаж шингэх ч газаргүй болсон байна.

Оны эхэнд Дональд Трамп АНУ-ын зах зээлд Хятадаас импотлодог олон бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, хориг тавьж эхлэхээс өмнө Хятад улс үйлдвэрийн хүчин чадлын дутагдалтай тулгараад байсан билээ. Гуанжоу хотод жижиг оёдлын үйлдвэр ажиллуулдаг Линг Мейлан гэх эмэгтэй “Гэнэтийн татвар, тарифын өсөлт өөрчлөлтүүд бараг л худалдааны дайн өрнөх хэмжээний нөлөө үзүүлж байна. Экспортлох боломжгүй болвол хувцасны захиалга ч багасч, хийх ажилгүй, амь зогоох орлогогүй болно” гэж The New York Times сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Линг Мейланы үйлдвэрийн ажилчид бүгчим жижиг өрөөнд эгнүүлэн байрлуулсан жижиг ширээн дээрээ оёдлын машинынхаа өмнө бөхийн суусан харагдаж байсан гэв. Хэдий түүний үйлдвэр дотоодын зах зээлд гол төлөв анхаарлаа хандуулдаг ч хөрш зэргэлдээх АНУ-руу экспорт хийдэг ихэнх үйлдвэрүүд нь хаалгаа барьсан байна.

АНУ-ын импортлогчид Гуанжоу дахь эдгээр жижиг үйлдвэрүүдэд хувцас эдлэл үйлдвэрлүүлэх төлбөрийнхөө 25-50 хувийг л урьдчилж төлдөг ба ихэвчлэн үлдсэн төлбөрөө захиалгаа авсныхаа дараа төлдөг байжээ.
Дашрамд дурдахад АНУ дэлхийн 56 улс болон Европын Холбоонд ногдуулсан тариф хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллснээс 13 цагийн дараа Дональд Трамп мэдэгдэл хийж, өндөр тариф ногдуулсан улс орнуудын тарифын хэрэгжилтийг 90 хоногийн хугацаанд түр зогсооно гэдгээ зарлаад байгаа юм .
Эх сурвалж: The New York Times
Бэлтгэсэн: Б.Цагаандалай