Казахстаны Астана хотноо явагдаж буй Барыси Их дуулга тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд энэ цаг мөчид явагдаж байна. Энэ наадамд Монголын 22 бөх барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хүрэлтэй, Их дуулга ангиллаас хоёр түрүү, нийт найман медальтай Г.Наранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, Францын Урдиалес Манон, Испанийн Перез Солер Эва нарыг давснаар хагас шигшээд шалгарав.
Тэрбээр Перез Солертэй Их дуулгын татамид дөрөв таарч барилдахдаа гурав дахиа давсан нь энэ.
Г.Наранцэцэг хагас шигшээ шатнаа Оросын бөх, Европын АШТ-ий хошой хүрэлтэй, өнгөрсөн жил энэ наадамд үзүүрлэсэн Сабина Гилязовад уналаа. Тэд хоорондоо таван удаа барилдахад дөрөвт нь Гилязова дийллээ.
Г.Наранцэцэг хүрлийн төлөө Бразилийн Наташа Феррейратай барилдана. Тэд өнгөрсөн жил Антальягийн Их дуулгад мөн медалийн төлөө хүч сориход Г.Наранцэцэг ялж байв.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч сорьсон залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай Ө.Жанцандорж, Мароккогийн бөх, Африкийн АШТ-ий хошой мөнгө, хүрэлтэй Бушита Абдеррахмане, Киргизийн Саламат Уулу Байбол, Казахстаны Бауыржан Нарбаев нарыг буулган авч, хагас шигшээд хүрсэн юм.
Тэрбээр мөнгөн медалийн төлөөх барилдаанд Оросын тамирчин, Их дуулга ангиллын дөрвөн түрүү, мөнхүү тэмцээнээс есөн медальтай Рамадан Абдулаевт ялагдлаа.
Удахгүй тэр хүрлийн төлөө Болгарын 20 настай Ётов Бояантай барилдана.
