UBLife Logo
Дэлхий

Энэтхэг, Пакистаны армийн аль нь хүчтэй вэ?

Энэтхэг, Пакистаны армийн аль нь хүчтэй вэ?

Сүүлийн үед дэлхий дахинд бас нэгэн дайны голомт гарч ирсэн нь Ази тив. Энэтхэг, Пакистаны арми хилийн бүсэд байлдаж, энгийн иргэдийн амь нас хохироод байна. Хоёр орны харилцаа дөрөвдүгээр сарын 22-нд Кашмирт алан хядагчид энэтхэг жуулчдын амь насыг хөнөөсний дараа хурцадсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зуучлалаар гал зогсоохоор болсон ч хэзээ л бол хэзээ дахин байлдах аюул байсаар байгаа юм.

Хоёр улс хоёулаа цөмийн зэвсэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингээд эртний өс хонзонтой хоёр орны цэрэг, армийн хүчин чадлыг харьцуулж үзье.

Хоёр улс зүгээр нэг буудалцаагүй, орчин үеийн нисэх хүчний түүхэн дэх хамгийн том тулааны нэгийг хийсэн. Хоёр талаас 100 гаруй сөнөөгч онгоц агаарт хөөрч, бүтэн цаг байлдсан юм. Энэ тулаанаар Пакистаны арми Энэтхэгийн олон сөнөөгч онгоцыг сөнөөсөн гэдгээ зарлаж, гэрэл зургийг нь нийтэд цацсан. Хариуд нь Энэтхэгийн тал Пакистаны дрон, пуужинг нутагтаа оруулалгүй устгасан гэж мэдэгдээд байгаа.

Дрон

Орчин үеийн дайн дронгүй явагдахгүй гэдгийг анх Армен, Азербайжаны мөргөлдөөнд, дараа нь Украины дайн харуулаад байна. Талууд дроны импорт болон өөрийн технологи, үйлдвэрлэлээ хөгжүүлж, нисгэгчгүй төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэтхэг улс 2-4 жилийн дараа 5000 дронтой болох тооцоо бий. Энэтхэг улс өнгөрсөн жил АНУ-аас  31 ширхэг MQ-9B SkyGuardian нисгэгчгүй онгоц, MQ-9B SeaGuardian  (HALE) дрон худалдан авахаар тохиролцсон.

Пакистаны дрон, нисгэгчгүй онгоц тооны хувьд цөөхөн ч тагнуул, ажиглалт, оновчтой цохилт өгөх хүчин чадал маш өндөр. Тэдний дроны илүү тал нь байлдааны нөхцөлд ашиглагдсан туршлагатай. Пакистан 2015 оноос эхлэн Buraq нисгэгчгүй төхөөрөмжөө алан хядагчдын эсрэг амжилттай ашиглаж байгаа билээ. Пакистаны арми Турк, Хятадаас хамгийн сүүлийн үеийн дрон олноор авч байна.

Армийн зардал, цэргийн тоо

Хоёр орон хамгийн сүүлд 1999 онд байлдсан. Одоо ч дахин дайтах эрсдэл маш өндөр.

Энэтхэгийн арми 1,4 сая албан хаагчтай. “Global Firepower Index”-ийн чансаагаар дэлхийн хамгийн хүчирхэг армийн жагсаалтын дөрөвдүгээр байрт жагсаж байна. Харин Пакистаны арми 654 мянган албан хаагчтай.

Стокхолмын SIPRI судалгааны хүрээлэнгийн мэдээллээр Энэтхэгийн батлан хамгаалах салбарт зарцуулдаг хөрөнгө Пакистанаас 9 дахин их. Хуурай замын цэргийн хувьд Энэтхэг 4200 танк, 1,5 сая хуягт техниктэй бол Пакистан 2600 танк, 18000 хуягт техниктэй. Энэтхэгийн арми 513 сөнөөгч, 130 бөмбөгдөгч, нийт 2229 онгоцтой. Global Firepower Index-ийн чансаагаар Пакистан 830 онгоцоор цөөн гэнэ.

Энэтхэгийн тэнгисийн цэргийн мэдэлд 293 хөлөг онгоц байгаа нь Пакистаны флотоос хоёр дахин олон.

Пуужин, цөмийн зэвсэг

Пакистаны пуужингийн зэвсэглэл Энэтхэгээс бага зэрэг хоцорсон ч ойр, дунд, холын зайн пуужин, баллистик пуужинтай. Энэтхэгийн пуужин илүү олон төрөл. 250-600 км зайд бай устгах боломжтой Prithvi, 1200-8000 км нисэх чадвартай Agni болон Nirbhaya, Brahmos далавчит пуужинтай. Энэтхэг улс газар нутгийн маргаантай Хятадын армийг тогтоохын тулд пуужин зэвсэглэлээ тун сайн хөгжүүлсэн юм. Гэхдээ пуужин илүү гээд Энэтхэг ялалт байгуулна гэсэн үг биш. Учир нь хоёулаа цөмийн зэвсэгтэй.

Стокхолмын SIPRI судалгааны хүрээлэнгийн тоо баримтаар Энэтхэг 172, Пакистан 170 цөмийн хошуутай ажээ. Харин яг хэд нь байлдааны бэлэн байдалд байгаа нь тодорхой бус.

Ийм хоёр цөмийн гүрэн бидний хажууханд дайны бэлэн байдалд орчхоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.