UBLife Logo
Авторын булан

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

Ub.life
Ub.life
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” гэх ерөнхий нэртэй ч үр дүн нь Монголын хөгжлийн бодлогын эд эс, үүнд гар бие оролцох хүн нэг бүрт чухал хамаатай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болж өнгөрлөө. Энэ арга хэмжээг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар,  Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулсан. 

Төсвийн зардлаар хийж хэрэгжүүлж буй ажил, санаачилгууд анхнаасаа зөв төлөвлөлт, төсөвлөлт, судалгаа шинжилгээтэй эхэлж, хэрэгжилтийг нь шат бүхэнд хянаж, үнэлгээ тайланг нь зохих ёсоор хийж цогц байдлаар, том зургаар нь харж явъя гэж байна. Төсвийн зардлаар хийж хэрэгжүүлж буй ажлууд гэдгийг “хөгжлийн бодлого” гэж орлуулбал ямар чухал сэдвийн тухай хэлэлцсэн бэ гэдэг нь харагдах болов уу. 

Жишээ нь, УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2024 оны гүйцэтгэл болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцжээ. Гэтэл 2024 оны гүйцэтгэл 34-67.7 хувиар үнэлэгдэж, цаашдаа эрчимжүүлэх шаардлагатай гэж үнэлэгдсэн болохыг УИХ-ын дарга Х.Булгантуяа хэлэлцүүлгийн эхэнд хэлэв. Энэ бол хангалтгүй хувь. Гэхдээ бид хэмжих оролдлого хийсэн учраас, эрчимжүүлэх шаардлагатай болохыг нь үнэлж чадсан байна. “Монгол төрийн бодлого, УИХ-аас гарч буй  шийдвэр хэрэгждэг байх ёстой. Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, хяналт-шинжилгээ үнэлгээ, аудит, дүн шинжилгээг нэгдмэл цогц байдлаар  хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ” гэдгийг Х.Булгантуяа онцлоод хууль тогтоомжийн биелэлт, хөгжлийн бодлогын хэрэгжилт болон захиргааны байгууллагын гүйцэтгэлийн 35 мянга гаруй арга хэмжээг тайлагнаж, үнэлж байгааг дуулгасан. 

Улмаар цаашид хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, тайлагналтын уялдаа, нийцэлд анхаарч, үндэсний түвшинд хөгжлийн бодлогын шалгуур үзүүлэлт боловсруулах, төлөвлөлтийн суурь түвшин, хүрэх түвшинг оновчтой тодорхойлох, хөгжлийн бодлогын үр дүн, үр нөлөөг хэмжиж, үнэлж, дүгнэдэг байх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндөв. 

Энэ өдөр УИХ-ын даргын 185 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Парламент судалгааны хүрээлэн, ЕХ санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-өөс төсөл хэрэгжүүлсэн бүрэлдэхүүн, Үндэсний Аудитын Газар, Үндэсний Статистикийн Хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Алсын Хараа 2050” салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын алба, Хяналт, үнэлгээний Үндэсний хороо тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнээр танхимыг дүүргэв. Нэг ойлголт, хөгжлийн нэг дүрэмээ тогтоё хэмээн тал талаас цуглалаа гэж харагдсан. 

Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат “Үнэлгээ, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал” сэдвээр илтгэл тавьж, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт хийх, шалгуур үзүүлэлтийг оновчтой боловсруулах, үндэсний хэмжээний шалгуур үзүүлэлтийн сантай болох хэрэгтэй байгааг онцолсон. Мөн "Алсын хараа-2050", Салбар дундын уялдааг хангах үндэсний хорооны ажлын албыг ахалж буй Ж.Тана "Алсын Хараа 2050: 2020-2025 оны хэрэгжилтийн тайлан"-г хэлэлцүүллээ. Тэрбээр “Алсын хараа 2050 хөгжлийн бодлогодоо бид 2050 он гэхэд өнөөдрийн ДНБ-ийхээ хэмжээг 7.6 дахин тэлсэн байх зорилт тавьсан. Энэ зорилгыг биелүүлэхэд богино, дунд хугацааны бодлогууд маань урт хугацааны бодлоготойгоо уялдаж байх ёстой. Бодлого нь төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, шинжилгээ үнэлгээ мониторингтойгоо бүрэн цогц уялдаж байж энэхүү үсрэнгүй хөгжилд хүрнэ. Өдгөө “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогыг эхлүүлээд 5 жил өнгөрсөн байна. 5 жилийн дараах хийсэн ажлуудаа үнэлэхэд бид одоогийн үр дүн, энэ хэв маягаараа цааш 25 жил явахад “Алсын хараа”-ндаа хүрч чадах уу гэдгийг тооцох хэрэгтэй болсон. Манай ажлын албанаас яг энэ дээр ажиллаж байгаа бөгөөд, эхний 5 жилийн тайлангийн ажил өдгөө боловрсуулагдах шатандаа яваа” гэж мэдээлэл өгсөн. 

Түүнчлэн Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт”, Европын Холбооны Төлөөлөгчийн газрын программ хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвтогтох"Европын Холбооны төсвийн дэмжлэг, үнэлгээ, мониторингийн тогтолцооны туршлага" сэдвээр мөн илтгэл хэлэлцүүллээ. Мөн “Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, төлөвлөлтийн уялдаа холбоо” сэдвээр панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй. Засгийн газар иргэд, аж ахуй нэгжийн төлсөн татварын төгрөг бүрийг үр дүнтэй зүйлд зарцуулж, нийгэм, эдийн засаг сайжрах ёстой. УИХ үүнд хяналт тавьж, хэрэгжилтийн тайлантай танилцаж, олон нийтэд мэдээллэх, ойлгуулах ажлыг хийх ёстой” хэмээн тодотгов. Тэрбээр мөн хэлэлцүүлэгт оролцогчдод Европын холбооны санхүүжилттэй, “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд гаргасан гурван гарын авлагатай сайтар танилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх хэрэгтэйг дахин сануулсан. Дээр дурдсан төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан төлөвлөлт”, “Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт”, “Төсвийн зарлагын шинжилгээний гарын авлага” гэсэн гурван гарын авлага гаргаад байгаа билээ.  

Үр дүнд суурилсан нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд Европын холбооны дэмжлэг маш их ашиг тусаа өгч буйг хэлэлцүүлгийн эхэнд дурдаж байсан. Харин энэ тухайд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Монгол Улс үр дүнд суурилсан орчин үеийн төсвийн удирдлагын тогтолцооны үндсийг тавьж эхэлж байна. 2024 оноос эхлэн төсвийн ерөнхийлөн захирагчид гүйцэтгэлийн болон зарлагын тайлан гаргаж эхэлсэн. Энэ жилээс эхлэн төсвийн ерөнхийлөн захирагч болон аймаг, орон нутгийн засаг, захиргаанууд үр дүнд суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Энэхүү техникийн туслалцааны гол үр дүн нь төсөв болон бодлогын хяналт, шинжилгээний уялдаа холбоог хангаж чадсан явдал юм. Эдийн засаг, хөгжлийн яам УИХ-ын баталсан аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг тусгаж, үндэсний болон салбарын зорилттой бүрэн уялдуулсан. Энэхүү баримт бичиг нь улсын болон орон нутгийн төсвийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосон. 

Европын Холбооноос үзүүлж буй тогтолцооны шинэчлэлийг Монгол Улс зөвхөн нэвтрүүлээд зогсохгүй, цаашид улсын болон орон нутгийн түвшинд хэвшүүлж, эзэн нь болж, тогтвортой хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт оролцогчид санал нэгдэж байв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.