UBLife Logo
Авторын булан
Авторын булан: Хамгийн энгийн, амархан зүйл л асуусан. Амаргүй болгосон нь хэн бэ?

Авторын булан: Хамгийн энгийн, амархан зүйл л асуусан. Амаргүй болгосон нь хэн бэ?

Ub.life
Ub.life

“Тосгоны галч”. “Данхан толгойт”. Ерөнхий сайд болсон цагаас нь түүнийг ийн хочилж байв. Жинхэнэ бүлли. Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь гарал угсаа, биеийн хэлбэрээр дарамталж байдагт тайлбар өгөөд байхад л бүллидэхээ зогсоогүй. Галч биш ээ, жижүүр шүү дээ гэж сүүлд мөн л албан ёсоор мэдэгдээд ч хүлээж аваагүй.

“Данх” зэргээр Оюун-Эрдэнийг хочлох анхны сэдлийг АН-ын зүгээс гаргасан байх магадлалтай. АН 2024 оны сонгуулийн дүн гарах хүртэл иймэрхүү л юм соошлд хаяхаас өөр хийж чадах ажил алба ч үгүй олон жил зовсон билээ. Бэрх хэмээх тосгон байдгийг улс төр сонирхох хаа ч байсан насны залууст залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн түүх сайн гэгч таниулжээ. Нам бус залуу хүмүүсийн Ерөнхий сайдын тухай санаа бодолд аль нэг улс төрийн намын хэн нэгнийг гарал угсаа, биеийн галбираар доромжилж хочилсон сөрөг пиар нийцэхгүй бол тэд хүлээн авах бүү хэл, эсрэгээр нь Л.Оюун-Эрдэнийг эерэг өнцгөөс харах орон зай үүсэж дэмжих байсан. Гэтэл бүлли иргэдийн харах өнцөг болж хувирсан нь түүний боловсролын түүхээ худал өгүүлснээс эхэлсэн. Түүний Харвард төгссөн гэх сурталчилгаа өндөр авсан юм. Яагаад гэвэл, хүмүүст ойлгуулахдаа Харвардад боловсролын зэрэг цол хамгаалсан мэтээр худал мэдээ өгсөн явдал. Бүлли ингэж л эхэлсэн.      

Хот, хөдөөгийн ялгааг арилгахын төлөөх тэмцэл зөвхөн хөдөөгийнхөнд байдаггүй. Бүх дэлхийн улс орнуудын Засгийн газарт байдаг нийгэм, эдийн засгийн нэн чухал асуудал нь энэ юм. Тухайн улс орны хөдөө тосгодод дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ хэр хүртээмжтэй, чанартай вэ, ажлын байр хангалттай юу, үгүй юү гэдгээс хөгжингүй ба буурайгаараа ялгарсаар л байна. Монголд тэр тусмаа. Хүн амынх нь талаас илүү хувь нийслэлдээ шавсан бидний улс шүү дээ. Тэр тусмаа алс хязгаараас ирээд Улаанбаатарыг тулах цэгээ болгон өндийж, од болон гялалзах хүсэлтэй хөдөөгийнхөн алийг тэр гэх вэ. Боломжгүйгээс боломжийг бий болгогсдыг түүх үргэлж урам зоригоор бадраан асаадаг шүү дээ. Магадгүй, Л.Оюун-Эрдэнийг Харвардын харъяа нэг жилийн сургалтад тэнцүүлсэн эсээний агуулга Бэрхийн галчаас эрх баригч намын залуу лидер болсон тухай нь байвал шалгарах илүү магадлалтай.  

МАН-ын дотоодоос авлигын эсрэг тэмцлээ эхлүүлж, эр зориг, шударга ёсны бэлгэ тэмдэг болон түүхэнд нэрээ үлдээж болох байсан, Л.Оюун-Эрдэнэ  

Татвар, түгжрэлдээ түүртсэн, байдаг л нэг ядруухан монгол өдрүүдэд гэнэт л нисдэг тэрэг, сүйн бөгж, цүнх савны тансаг дуулиан дэгдэв ээ. Ерөнхий сайд гэр бүлийн гишүүнийхээ өндөр зардалд ч, олон нийтийн эгдүүцэлд ч бодитой хариу өгөх алхам хийсэнгүй. Энэ нь эцэг хүний хүүгээ хамгаалсан хамгаалалт, тэвчээр гэхээсээ шударга ёсны эсрэг муухай харсан эгдүүцэл, тэнэглэлийн шинж байв. Тэр гэнэтийн мэдээлэлд гайхаж, эмзэглэж, иргэдийн дургүйцлийг ойлгож байгаагаа илэн далангүй хуваалцсан бол өнөөгийн их бухимдал, үл итгэлийн тал хувийг айл гэрийн амьдралд хэнд ч тохиож болох эрээн бараанд хувиргаж болох байсан. Гэвч эхний өдөр, түүний дараах өдрүүдэд ч иргэд төрийн өндөр албан тушаалтнаас хүсэн хүлээдэг харилцаа, хандлагын үлгэр жишээ дутагдлыг Ерөнхий сайд үзүүлж байлаа. Оюук үргэлж өөрийг нь бүллидэж байдагт эгдүүцэж шархалсан комплекстой лүүзэр шиг жижигхэн ааш гаргасан. Улаанбаатарт амьдардаг нэг сая таван зуун мянган хүн бүгд шоок. Ерөнхий сайдаас тайлбар хүссэн иргэдийн хүлээлт уур хилэн болон хувирав.

Залуусын жагсаал түүнээс тайлбар авах, орлогоо нотлох, чадахгүй бол огцрох зүй ёсны шаардлагаар өнөөдөр 9 дэх хоногтоо үргэлжилж байна. Цөөн хэвлэл дуудаж, захиалсан цөөн асуултдаа хариулахдаа хүмүүсийн хүссэн ёс зүйн хэмжүүрт торж чадсангүй. Л.Оюун-Эрдэнийн толгойд эрдэм боловсролын эзлэх хувь бага байдагт иргэд тийм ч их бухимддаггүй байлаа. Гэтэл түүнээс асуугаад байгаа асуултын, өөрөөс нь хүлээгээд байгаа хүлээлтийн агуулга, мөн чанарыг улстөржүүлэлгүй хүлээн авах чадвар, чадамж байсангүйд хамгийн их гонсойв.  

МАН-ын дотоодоос авлигын эсрэг тэмцлээ эхлүүлж, эр зориг, шударга ёсны бэлгэ тэмдэг болон түүхэнд нэрээ үлдээж болох байсан, Л.Оюун-Эрдэнэ. Түүнд олон хүн итгэсэн, бас тэвчээртэй хүлээсэн. Сонгогчдын нүдийг гурилаар хуурах богино зайны улс төрийг талбай дээр зэрэгцүүлэн дэглэж байгааг улс орон даяараа харж байна. Тайван жагсаж, үзэл бодлоо илэрхийлж буй залуу иргэдийг гутаах ахмадын, оюутнуудын цуглааныг ч төлбөртэй дэглэв. Мөнгө өгч амьжиргаагаар нь боолчилж чадахаа тооцоолно гэдэг улсын Ерөнхий сайдаас, Засгийн газраас гарсан гэхэд арай гомдмоор харгис санаа байлаа. Ирээдүйнхээ төлөө, татварт төлж байгаа мөнгөнийхөө төлөө гэрээсээ ажилдаа, ажлаасаа талбай руу гарч ирсэн залуусын эрч хүч эрх чөлөөний ундаргатай учраас төлбөр дуусахын, үүсмэл хиймлийн зовлонгүй. Тийм болохоор органик гээд байгаа юм.

Төр бол би хэмээн эндүүрч, люмпэн төрийн загвар бүтээжээ, Оюун-Эрдэнэ

Талбайд, соошлд өрнөж буй үйл явдлыг ашиглаж эхний асуултын хариуг булзааруулах, илүү том нүүдэл болгон хувиргахаар хичээж буй нь үүд хоймрын зайтай бас нэг богино улс төр. Булзааруулах, бужигнуулах аргыг сонгосон эсрэг тактикийн эцэст байн байсаар хүү нь эцгээ амаргүй ажлаас нь холдуулахын тулд дурласан, үүнд АН үүрэг гүйцэтгэсэн ч юм шиг хошин тоглолт болж дуусав.

Эхний асуулт яасан бэ? Уг нь хамгийн энгийн, амархан зүйл л асуусан даа. Амаргүй болгосон нь хэн бэ? Асуултад хариу өгдөггүй хаалттай улс төрийг орой дээрээ залдаг цаг үе өнгөрчээ. Гучин таван жилийн өмнө Сүхийн талбайд залуусын тэмцсэн ил тод, нээлттэй төр хаана байна вэ?

Төр бол би хэмээн эндүүрч, люмпэн төрийн загвар бүтээжээ, Оюун-Эрдэнэ. Төрийн нүүрэнд гялалзах учиртай нэрээ соошл угаалгаар савандсаар ирсэн ядмаг улс төр нь Оюукыг энд хүргээд зогсов. Цааш явах зам тодорхойгүй болов.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй: Төсвийн төгрөг бүр үр дүнд суурилсан байх ёстой

“Үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх нь” гэх ерөнхий нэртэй ч үр дүн нь Монголын хөгжлийн бодлогын эд эс, үүнд гар бие оролцох хүн нэг бүрт чухал хамаатай хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд болж өнгөрлөө