UBLife Logo
Авторын булан

Авторын булан | Чөлөөт хэвлэлийг ингэж дарангуйлдаг!

Ж.Хулан
Ж.Хулан
Авторын булан | Чөлөөт хэвлэлийг ингэж дарангуйлдаг!

Энэ хаврын УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Ийнхүү тов танилцуулснаас ердөө нэг л хоногийн дараа буюу өчигдөр “Ноорог медиа” гэх бие даасан редакцыг үндэслэлгүйгээр шалгаж, ажилтнуудыг нь шалгасан шуугиант асуудал дэгдэв. “Үндэсний эв нэгдэл”, “хувь хүний нууц” гэх зэрэг эмзэг үгсээр түрий барин шөнө дөлөөр редакцын ажилтнуудыг саатуулж, байцаасан нь хэвлэлийн эрх чөлөө чухам Монголд ямар зэрэг байгаагийн илрэл боллоо. 

Үүнийг тоо, статистикаар хэлбэл жил бүрийн гуравдугаар сард дэлхийн улс орнуудын ардчиллын индексийн тайланг гаргадаг V-Dem хүрээлэнгийн Ардчиллын тайлангийн дүгнэлтээс ч тодорхой харж болно. Өнгөрсөн онд Монгол Улс ардчилсан ангиллаас уруудаж “Сонгуульт автократ” ангилалд шилжсэн зургаан улсын нэгээр тэмдэглэгджээ. Энэ нь ардчилсан нийгэмд эрх мэдэл хуваарилах хамгийн гол үйл явц буюу сонгууль явуулдаг боловч чөлөөт, шударга зарчмын дор бус, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал хүрээнд, суурь эрх чөлөө хангагдаагүй нөхцөлд явагдаж байгааг хэлдэг. 

Ийнхүү автократ дэглэмд шилжихэд чөлөөт хэвлэлийн орон зайг хумих нь эрх мэдэлтэн, шийдвэр гаргагчдын эн тэргүүнд анхаардаг зүйл. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар өрнөж буй хол мэт санагддаг байсан ч дэндүү танил дүр зургууд үүнийг илтгэнэ. Тухайлбал, 

  • Хонг Конгийн бүс нутгийг Хятадын эрхэнд шилжүүлснээс хойш буюу 1997 оноос эхлэн тус нутаг дахь хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Бээжингийн зүгээс хумьж, хязгаарлах оролдлого ээлж дараалан явагдсаар 2020 онд “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль” гэх маргаантай баримт, бичгийг баталснаар хэвлэл, олон нийтийн чөлөөт үзэл бодлын орчныг хуулийн дагуу хязгаарласан. 

  • 2019 онд Сингапурт “Цахим орчин дахь хуурамч мэдээлэл, гаднын нөлөөт мэдээлэл”-тэй тэмцэх нэрийдлээр мөн л олон нийтийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан хууль батлав. Улмаар 2022 онд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын дурын сайд сошиал медиа орчин дахь постыг түдгэлзүүлэх эрхтэй болж төрийн цензур тогтов. 

  • 2018 онд Туркийн Эрүүгийн хуульд “Ерөнхийлөгчийг доромжлох” гэх 1-4 жилийн хорих ялтай заалт нэмэгдэв. Хуулийн өөр хэсэгт бусдыг доромжлох нь 3 сараас хоёр жил хүртэлх хорих ялтай гэсэн боловч ерөнхийлөгчийг бол 1-4 жил, тэр нь олны дунд бол 1-6 жил гэсэн ангилалтай. Энэ мэтчилэн Туркийн хууль, эрх зүйн орчинд төрийн албан тушаалтныг энгийн иргэнээс ялгаж, давуу байдал үүсгэсэн зохицуулалтууд бий болжээ. 

Эдгээр жишгийн адилаар Монгол Улсын “нам, засаг” ч бас иргэний эрх чөлөөг хангах, хамгаалах бус хорьж, цагдах зүгт бүхий л жишгийг дээд зэргээр дуурайн ашиглаж байна. Өнгөрсөн сонгуулийн үеэр хуулийн хүрээнд сонгуулийн үйл явцыг сурвалжлан харуулж, баримтат кино бүтээсэн гэх “Ноорог медиа”-г “үндэсний эв нэгдлийг бусниулах” болон бусад учир зүйгүй үндэслэл нэрээр шалтаг тоочин хойшлуулшгүй шалгаж байгаа нь үүний тод илрэл. 

“Ноорог” хэзээнээс л албаны эх сурвалжгүй болсон энэ Засгийн газрын сошиалаар дамжуулж, тарааж дамжуулсан үнэн, худал нь ялгагдахгүй мэдээллүүдийг нягталж, “залруулж” ирсэн. Засгийн газраа төлөөлөөд хэвлэлд ярих хүнгүй, албан ёсны мэдээлэл гэх юмгүй авч “гоёж, хачирласан” мэдээлэл нь сошиалд албан бус хаягуудаар хөвөрч, телевизийн дэлгэцэнд бэлэн пропаганда л цацагдах болсон орчинд тэд эрүүл дуу хоолой болж байна. Үүнийхээ ч хэрээр зөвхөн 18-ны шөнө төдийгүй он солигдох өдөр ч цагдаад дуудагдаж байснаа хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Шөнө дөлөөр үндэслэлгүй саатуулж, өмгөөлөгчгүй нэгжиж, харилцаа холбоог нь хязгаарлана гэдэг айлгах, мохоох оролдлого төдий бөгөөд тэд үүнд нугарахгүй гэдгээ Монголын хэвлэлийн хэдэн арван камерыг урдаа зогсоож байгаад “Ноорог медиа”-гийн Гүйцэтгэх захирал О.Уламсайхан хэллээ. 

“Ноорог медиа”-г саатуулж байгаа үүн шиг оролдлогыг бид сүүлийн жилүүдэд хэдэнтээ харсан. Ерөнхийлөгчийн тухай мийм хийсэн залуу хариуцлага хүлээж, дараачийнх нь учир битүүлгээр хаягаа хааж алга болж байв. Энэ мэтчилэн үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн хэчнээн хүнийг айлгаж, саатуулж, мохоосон бэ гэдгийг тэр бүр мэдэх боломжгүй. Энэ бол дээр дурдсан гадаад оронд автократ дэглэм тогтоохдоо ашигладаг хуулиар “зэвсэг” хийх арга. Үндэсний эв нэгдэл, төрийн нууц, төрийн албаны нэр хүнд, үндэсний аюулгүй байдал гэсэн маш өргөн хүрээтэй, юуг ч холбож болох мэт хийсвэр хэдий ч энгийн хүнд маш ноцтой сонсогдох эмзэг үгсээр халхавч хийн үгээ хэлсэн болгоныг цензурдэж байна. Хамгийн тод жишээ нь бид сэтгүүлч Н.Өнөрцэцэг яг ямар үндэслэлээр эрх чөлөөгөө хязгаарлуулсныг тов тодорхой мэдэхгүй байсаар гурван сарын 8-ны баглаа цэцэгсийн дунд хүлээн авсан. Хүний эрх чөлөөг учир нь үл мэдэг шалтгаанаар хорьчхоод эргээд “бэлэг” мэт чөлөөлсөн төрийн энэ үйлдэл одоо жишиг болох уу? 

Ийм жишиг, удаа дараагийн алхмын дараа Монгол Улсын парламент Засгийн газраас өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний шинэ хуулийг хэлэлцэх гэж байна. Одоо байгаа төсөлд мөн л үндэсний аюулгүй байдал гэсэн өөр хуульд бэлхнээ бий хариуцлагын хэсгүүдийг оруулж, ёс зүйн зарчмыг хуулиар тогтоосны гадна өгүүлбэр бүр нь шахам “болно” гэж төгссөнөөрөө онцлог. Энэ бол эрх чөлөөт талбарт маань тоглох орон зайн хүрээ, хязгаарыг төрөөс зурж өгч, “Ингэвэл та нар болно оо” хэмээн ихэд болгоож буй хэлбэр.

Ийм үзэл санааны дор шинээр хэлэлцэх хууль Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөний баталгаа болох нь даанч эргэлзээтэй. Тэд гартаа жад бариад олон жил тал бүрээс бага багаар чичилж үзүүлэв. Одоо тэрхүү жадаа бэхэнд дүрээд хууль бичиж буй нь хуулиар “зэвсэг” хийсэн дарангуйлал ирж буйн дохио биш үү?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.49.151
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа