UBLife Logo
Humans of UB

Humans of UB | Үгээ хэлэх “амархан”

Ub.life
Ub.life
Humans of UB | Үгээ хэлэх “амархан”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах тайван жагсаал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Бид жагсаалын халуун цэг дээр очиж, үзэл бодлоо илэрхийлэхээр зүрх сэтгэлээ даган ирсэн иргэдээс үнэ цэнтэй үг, бодлыг нь асууж, ярилцлаа. Энэ удаагийн “Humans of UB” булан жагсаалд оролцож буй иргэд, залуусын дуу хоолойг онцоллоо.

Д.Даваасүрэн (62 нас)

Би нүүдлийн соёл иргэншлийн талаарх судалгааны багт ажилладаг юм. Өвөрхангай аймгаас ажлаар ирээд залуучуудын жагсаал өндөр хэмжээнд яригдаж буйг сонсоод иргэний үзэл бодлоо илэрхийлэхээр зорьж ирлээ. Үг хэлэх боломж олдож байгаад баярлаж байна. Миний энэхүү жагсаалд ирсэн шалтгаануудын нэг бол монголчуудын амьжиргаа сайжрахгүй байсаар улам дордох тал руу явж байна. Цаашлаад бүх юмны үнэ гурав дахин өслөө. Цахилгаан, мах, сүү цагаан идээ, бензин тос гэх мэтчилэн энэ их үнийн өсөлтийн хажуугаар татварын дарамт ч маш өндөр байна. Бид бүгд тэтгэврийн,  цалингийн болон бусад зээлүүдийн хооронд амьдарч байна шүү дээ. Өдөр хоногийг аргацааж л амьдарч байна. 

Энэ бүгдийг тэртээ тэргүй энд цугларсан залуучууд бүгд сайн мэдэж байгаа, тоо баримттай нь ч хэлж байна. Тиймдээ ч би энэ залуучуудад итгэж байна. Төр засагт итгэх хэцүү боллоо шүү дээ. Худал амлалтаар биднийг хуурч, эцэст нь бид хууртагдсан ялаа болон үлдлээ. Одоо энэ бүх хууралт, худал, хулгай ард түмний алган дээр хүрээд ирсэн учир энд байгаа хүмүүс хэнээс ч хараат бус цуглаж тэмцэж байгаа гэж бодож байна. Тиймээс төр засаг залуучуудын шаардлагыг хүлээн авч, иргэдийнхээ амьжиргаа, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар үнэхээр хичээж ажиллаасай. Том том төслүүд ярьсан хүмүүс адаг сүүлд нь нүүрсний хулгай, ногоон автобус болоод дууссан. Энэ хэвээрээ байх юм бол ямар ч нэмэр алга байна шүү дээ.

Энэ их ачааллыг чинь даахгүй байна. 

Миний гол хэлэх гэж ирсэн юм бол ерөөсөө л одоо энэ сайхан боловсролтой залуучууд маань хуу хамаад шинэчлэлт хийгээсэй гэж хүсэж байна. Тэгэхгүй бол бидний амьдарч буй нийгэм бохирдсон байна. 


3 хүүхдийн аав

Би тээвэр зуучлалын чиглэлээр ажилладаг. Өнөөдөр жагсахаар ирсэн гол шалтгаан бол ЭМД, НДШ-ийг хариуцлагатайгаар төлж ирсэн хүний хувьд эргээд авах ёстой үр шимээ зүй ёсоор авч чадахгүй байгаад юм. Мэдээж иргэний үүргээ биелүүлж албан татвараа төлнө, НӨАТ-аа төлнө, зам тээвэр ашигласан татвараа ч төлнө. Үүний үр дүнд амьдрал сайжраад, улс эх орон минь хөгжөөд болж бүтээд байгааг ажил хийж эхэлсэн үеэс буюу сүүлийн 12 жилийн хугацаанд харсангүй, мэдэрсэнгүй. Өнөөдөр улсын эмнэлэгт ч үйлчилгээ авахад бэрх байна. Дүүргийн эмнэлэгт үйлчлүүлэхээр дугаарлаж байхад миний урдуур 15 хүн орсны 10 нь эмнэлгийн ажилтны хүүхдүүд ба хамаарал бүхий хүмүүс байх жишээний. Өгснийхөө хэрээр төрийн үйлчилгээг авч чадаж байгаа иргэд хэд бол, үнэхээрийн хийх юмгүй зав цагтай, няцахгүй цуцахгүй хүлцэнгүй зогсож чадаж байж л энэ үйлчилгээг авах байх. Би тэгж зогсоод нэг өдрийнхөө ажлыг алдах юм бол маргааш миний хүүхэд өлсөнө. Нөгөө талд миний төлсөн татвар хэн нэгний хүүхдийн эргүүлж байгаа охины цүнх, ээмэг, бөгж унаж байгаа машин болж хувирна.

“Огцрох амархан” жагсаалд маш сайн тунгааж байж ирсэн. Энэ залуучуудыг мөнгөөр жагсдаг гэх харлуулалт их гарсан шүү дээ.

Би өмнөх хоёр жагсаал дээрээс ямар ч эмх замбараа олж хараагүй, надад итгэл найдвар төрүүлээгүй учир энэ удаагийн жагсаалаас хэн юу гэж хэлэх нь вэ, удирдан зохион байгуулж байгаа хүн нь хэн байна, нэг зүйлийн эсрэг яаж эмх замбараатай, баримттай эергээр эвлэлдэн нэгдэж байгааг өөрөө нүдээр харж биеэрээ үзэж, миний өмнөөс өөр хэн нэгэн хүн жагсчих биз гэж бодолгүй надаар дутчих вий! гэж ирсэн.

Би гурван хүүхдийн аав. Манай хүүхдүүд өвөл ханиаднаас салдаггүй. Яагаад гэвэл би чинь өөрөө энэ сайхан утаатай газраа хүүхдүүдээ амьдруулдаг хүн шүү дээ.


25 настай ээж

Би одоо 25 настай. 2020 онд их сургуулиа төгсөөд 3 жил ажилласан. Одоо декретээ аваад гэртээ хүүхдээ хараад сууж байгаа. Хүүхэдтэй болсны дараа маш олон зүйлийг нийгмээсээ харж шүүмжилж эхэлдэг юм байна. Нэгт, илүү дээр нийгмийг үр хүүхдэдээ зориулахын тулд охинтойгоо ирж жагсаалд оролцож байна. 

Хоёрт, дийлэнх залуучуудын хувьд эх орондоо үлдэх үү, аль эсвэл  харь оронд хар ажил хийж үр хүүхэд, эцэг эхээсээ хол ажиллаж амьдрах уу гэдэг том шийдвэрийн урд зогсож байна. Гэхдээ бид нар эх орондоо амьдрах эрхтэй шүү дээ. Ингэж амьдарч чадахгүй байгаагийн гол шалтгаан бол манай төр засаг, нийгмийн буруу тогтолцоо. Хэрвээ тогтолцоогоо зөв болгоод хариуцлага тооцдог системтэй болчихвол Монгол Улсад хангалттай тайван сайхан амьдрах боломжтой. Татварын асуудал мөн хүндээр нөлөөлж байгаа. Миний худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүн, бүх л зүйлс татвартай. Татвар өндөр хөгжилтэй улс орныхтой ижил хэмжээний хэр нь бидний орлого амьдралд хүрэлцэхгүй байна. Тэгж татвар авчхаад адаглаад хүүхдээ түрээд явах замгүй, ногоон байгууламжгүй, өвөлдөө утаатай, эмнэлэг нь хүрэлцэхгүй, төрийн тусламж үйлчилгээ авах гэж цөхрөнгөө барж байна. Бидний татвараар иргэдийн энэ мэт хэрэгцээг зохицуулах үүрэгтэй төрийн өндөр албан тушаалтнууд төсөв уйлахгүй гэдэг шиг хэнэггүй зарцуулж байна. Яах вэ, нэг охин 20 саяын цүнх үүрнэ үү, байна уу яг үнэндээ энд байгаа ямар ч залуу хүнд хамаагүй. Ажлаа хийгээд сайхан амьдарч байгаа бол алга ташаад явж болно. Гэхдээ улсын том албан тушаалтны хамаарал бүхий хүн учраас бид хардах, шаардах эрхтэй.

Ийм асуудал үүсэхэд бусад улсын жишгээр тухайн улстөрч хурцадмал байдал үүсэхээс өмнө ямар нэг залруулга хийх боломж байсан. Өөрөө хэлэхгүй юм аа гэхэд хэвлэлийн төлөөлөгч гэх хүн байгаа. Үнэхээр засаж залруулж чадахгүй бол тэр хүн уучлалт гуйгаад огцрох хэрэгтэй. Энэ их эрх мэдэл, албан тушаалд очихоосоо өмнө “Юуны тулд ингэж улайраад байгаа юм бэ?” гэж өөр нэгнээс шаардаж байсан атлаа бидний тавьсан томоос том асуултын тэмдэгт одоо хүртэл тайлбар хэлж чадахгүй 7, 8 дахь хоног өнгөрлөө. Өөрийнх нь тавьж байсан асуултыг эргүүлээд өөрөөс нь асуумаар байна. 


А.Анударь (23 нас)

Намайг Анарын Анударь гэдэг. Би одоо 23 настай. Философи, улс төр, эдийн засгийн мэргэжлээр суралцан төгсөж, одоо Youth LEAD Mongolia НҮТББ-д Хүний эрхийн активистаар ажиллаж байна. Юуны өмнө би энд эрхээ эдлэх гэж ирсэн. ЗГ-аас ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа үр дагаврыг бодолгүй иргэдийн амьдралд хохирол учруулж байгаа учраас тэр. Хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргадаг болтол нь ЗГ-ыг огцруулна, өөрчилнө, шинэчилнэ гэх зорилготой жагсаалд нэгдэж байгаа. ЭМД-ын сан гэхэд л одоо дампуураад байгаа шүү дээ. Үүнээс болоод би татвар, ЭМД-аа төлдөг ч эргээд төрөөс үйлчилгээ авах гэхэд асуудлууд ар араасаа үүсдэг. Яг одоогийн ЗГ-т итгэл алдарсан ч “Огцрох амархан” хөдөлгөөнийг үүсгэснээр нийгмийг сэрээж, цаашид гаргах шийдвэр бүр нь сайжраад явах болов уу гэсэн итгэл найдвар маш их байна. Гадаадад сургуулиа төгсөөд ирэхэд надад тэндээ үлдэх сонголт байсан ч би эргээд ирэхээр шийдсэн. Яагаад гэвэл Монгол улс ердөө 3,5 сая хүн амтай. Хэрвээ би үг хэлж шаардлагаа тавьж чадахгүй бол энэ улс эзэнгүй болоод л дуусна. Миний авдаг цалингийн 3/1 нь татварт явж байгаа. Энэ 3/1 хувь миний хувьд үнэт зүйл. Тэр үнэт зүйлээ алдаад удаж байна. Хэрвээ Ерөнхий сайдтай уулзах боломж олдвол хамгийн түрүүнд англиар ярилцъя гэж бодож байна. Мөн “Та их сургуульд сурахдаа юу сурсан бэ?”, “Сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?”, “Бичиг цаастай зууралдаж чадах уу?” гэж асуумаар байна. Байгууллагад нь ажилладаг хүний хувьд Монголд иргэний нийгмийн байгууллагууд ус, агаар шиг хэрэгтэй. Энэ жагсаалд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, нийтэд түгээхэд маш том түлхэц болж байгаад баяртай байна.

Нийтлэлийг бэлтгэсэн: Г.Болор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.