Шинэ ажилтны анхны алхам, туршлага, сорилтыг ажлын байрны орчин, хамт олны дэмжлэгтэй хэрхэн даван туулж байгааг ажилтан болон ажил олгогчийн түүхээр танд сонирхуулах гэж байна. Залуусын суралцах хүсэл, тууштай зан чанар, багаар ажиллах чадвар, мөн ажил олгогчдын хариуцлага, харилцаа, дэмжлэг нь ажлын амжилтын үндэс гэдгийг тэдний туршлагаас та харах биз ээ.
Энэ удаагийн нийтлэлээр ажил олгогч нарын өнцгөөс бид түүхийг өгүүлье.
Зориг сангийн хэрэгжүүлж буй “Залуучуудын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” болон МУИС-ийн Карьер хөгжлийн үйлчилгээ, Лоринэт сангийн хамтын ажиллагааны хүрээнд залуусын ажил мэргэжлийн замналд итгэлтэй алхахад нь зориулсан хэрэгцээтэй, бодит мэдээлэл, урам зориг өгөх дуу хоолойг хүргэх АЛХАМ 2.0 аяны хүрээнд энэхүү нийтлэлийг бэлтгэв.
Pixel Pulse студийг үүсгэн байгуулагч З.Заяа

Би СУИС-ийн Медиа анимэйшн, график дизайны ангийг төгссөн. “Pixel Pulse” контент студийг анх найзуудынхаа хамтаар 2019 онд үүсгэн байгуулж байсан. Манай багийн гол онцлог бол “вайб” нийлсэн хүмүүс нэг багт орж ирдэг. Бид авьяас, туршлагаасаа илүү тухайн хүний сэтгэл хандлага, энерги, багт хэр нийцэх вэ гэдгийг илүү чухалчилдаг. Ямар ч туршлага, чадваргүй хүн байсан ч гэсэн, багтайгаа нийцэж, цаашид ажиллахыг хүсэж байвал бид хамтдаа сурч, хөгжиж чаддаг гэж үздэг. Манай багт ороход нь бид “энэ хүн заавал сургууль төгссөн байх ёстой” гэж хардаггүй. Зарим нь дунд сургууль ч төгсөөгүй байж болно. Гол нь сэтгэлтэй, багийн соёлыг ойлгодог, сурах хүсэлтэй байх нь л чухал.
Би өмнө нь өөр ажлууд хийж байсан л даа. Тэр үед нэг томоохон компанид орох үед эхний өдөр шууд л бүгдээрээ бөөнөөрөө цайндаа орж байсан юм. Асар олуулаа хамт хооллоод, надад их гоё санагдаад, “Дандаа ингэж хамт хоолонд ордог юм уу“ гэж асуухад харин “Чамайг орж ирж байгаа эхний өдөр болохоор“ гэж хэлсэн нь их таалагдсан. Ер нь ямар нэг ажилд залуу хүмүүс орохдоо өөрийгөө тэндхийн нэг хэсэг гэж мэдрэх нь их чухал. Ажлыг бол сурч болно, гол нь хандлага хамгийн чухал.
Анзаарахад залуу төгсөгч нар маань нэг бол их дуугүй, бүрэг эсвэл эсрэгээрээ хэтэрхий өөртөө итгэлтэй байж, өөртөө ханачихсан байгаа мэт харагдах үеүд бий. Үнэхээр хийж чаддаг ч үзүүлэхгүй, харуулж ойлгуулж чадахгүй байгаа нэг хэсэг байхад, сурах зүйл маш их байгаа ч хэдийнээ өөрийгөө хамгийн шилдэг нь гэж бодсон хүмүүс байдаг. Ажлын байранд гарахад бүх зүйл төсөөллөөс тэс ондоо болж хувирдаг. Тиймээс бүрэг, даруухан залуусыг илүү нээлттэй байж, өөрийгөө илэрхийлж, итгэлтэй байж сураасай гэж хүсдэг бол нөгөө хэсэг залуусыг би илүү сурч мэдэх, аливаад хүлээцтэй хандаж, хэт хөөрүү биш байгаасай гэж хүсдэг юм. Ажил дээр хамт байгаа хүмүүст чиний зан байдал мөн л тодорхой хэмжээгээр нөлөөлж, хүрч байдаг. Маш олон газрууд зөвхөн чадвар, туршлага, хүсэл зорилго гэхгүй мөн хандлагыг харж ажилд авдгийг ойлгох хэрэгтэй.
Бас залуустаа хандаж хэлэхэд, юу хиймээр байна, зүгээр л эхлэ. Бүтэлгүйтэл бол өсөлт, хөгжих боломж шүү дээ. Мэдэхгүй зүйл байвал шууд асууж байх хэрэгтэй. Хэн нэгнээс асуух нь өөрөө маш том алхам. Харин ямар ч ажил дээр, ямар ч багт орсон байсан, хамт олныхо уур амьсгалыг мэдэрч сурах хэрэгтэй. Хүний мэдрэмж хамгийн үнэ цэнтэй зүйл байдаг.
“АэрМаркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунчимэг

Анх 2006 онд дээд сургуулиа төгсөөд, яг тэр жилдээ “АэрМаркет” компанид ажилд орж байсан. Уг нь би сэтгүүлч, зураглаач мэргэжилтэй. Гэхдээ тасралтгүй 18 жил энэ байгууллагын соёл, үнэт зүйлсийг хамтдаа бүтээлцэж буй мэдрэмж намайг одоо хүртэл ажлаа байнга хайрлаж хийхэд хөтөлсөн юм.
Энэ хугацаанд би хэчнээн хүнтэй ажлын ярилцлага хийж байснаа тоолж барахгүй байх. Тэр бүх уулзалт, шинэ ажилтнуудаас харахад, хэд хэдэн чухал өнцөг харагддаг. Цагтаа ирсэн хүн, хоцорч ирсэн хүн хоёрын ярилцлага өөр эхэлдэг. Анхны сэтгэгдэл гэдэг үнэхээр чухал. Гэхдээ хамгийн гол нь тухайн хүн өөрийгөө ойлгосон эсэх, тухайн байгууллага, соёлыг судалсан эсэх нь мэдэгддэг. Өнөөгийн залуус өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, юунд дуртай юунд дургүй гэдгээ нээлттэй ярьж чаддаг болжээ. Гэхдээ нөгөө талдаа, ажилд орох гэж яарахдаа өөрийгөө хаана гэрэлтүүлж чадах вэ гэдгээ бүрэн дүүрэн тунгаахгүй байх нь элбэг.
Манай байгууллагын хувьд шинэ ажилтныг тухайн салбар хүлээн авмагц “ментор” буюу зөвлөгч багш томилдог. Хүн шинэ орчинд ганцаардаж, ажлаа бүрэн гардаж авч чадахгүй байж мэднэ. Тиймээс бид аль болох эхний гурван сарын дотор тэр мэдрэмжийг арилгахыг зорьдог. Манай салбарын бас нэг онцлог бол мэргэжил харгалзахгүй шинэ ажилтнуудаа авдаг. Бид шинэ ажилтандаа агаарын тээврийн салбарын суурь мэдлэгийг бүр эхнээс нь зааж сургадаг.
Шинэхэн төгсөгч нартаа хандан хэлэхэд, зүгээр л ажлын байр хайх биш, өөрийгөө хаана гэрэлтүүлж чадах вэ гэдгээ олж мэдээрэй. Борлуулалтын салбар уу, үйлчилгээний салбар уу, технологи уу, яг аль нь чиний зан араншин, чанарт тохирч байна вэ? Эмпати өндөр хүн борлуулалтад, логик сэтгэлгээтэй хүн технологид илүү тохирдог гэх мэтээр өөрийгөө тодорхойлж чадвал салбараа ч зөв сонгоно гэсэн үг.
Өнөөгийн залуусын хамгийн сайхан чанар бол зорилготой байдал. Тэд таван жилийн дараа би хаана байна вэ гэж өөрөөсөө асууж чаддаг болсон. Зарим нь гурван жилийн дараа сургуульд явна, энэ хугацаанд ийм байгууллагад туршлага хуримтлуулна гэх зэргээр маш нарийн төлөвлөгөө гаргаж буй нь ажилд авахад ч илүү итгэлтэй, амар болгож өгдөг. Нэгэнт зорилго нь тодорхой бол ажил олгогчийн хувьд ч түүнийг дэмжихэд хялбар байдаг. Тэр байгууллага чамд ямар үнэ цэн өгч байна, мөн чи тэр байгууллагад ямар үнэ цэн өгч чадах вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал.
Тера Экспресс компанийн Ерөнхий захирал Ш.Алтанбагана

Манай Тера Экспресс компани уул уурхайн томоохон төслүүдэд тээвэр ложистикийн иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний компани юм. 2011 онд бид компанийнхаа үндэс суурийг тавьсан. Өнөөдөр 1300 орчим ажилтантай, томоохон уурхайнуудад зориулсан тээвэр, агуулах, гаалийн бүрдүүлэлт гээд бүх шат дамжлагыг хамарсан үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Манайд ажилд орохоор шинэ төгсөгчид ихээр ирдэг. Гэхдээ ажиглаад байхад манай боловсролын тогтолцооны сул талаас үүдээд нарийн мэргэжлийн боловсон хүчин ховор байдаг. Сургуулиуд ихэвчлэн ерөнхий нийгмийн чиглэлийн мэргэжлээр бэлтгэдэг. Харин манай ажил бол инженерчлэл, аюулгүй ажиллагаа, тээврийн менежмент зэрэг нарийн ур чадвар шаардсан чиглэлтэй. Тиймээс дипломтой төгссөн ч бодит ажилд шууд ороход бэлэн биш байдаг. Жишээ нь манай компани шинээр ажилд орохоор ирсэн залууст хоёр үндсэн шалгуурыг тавьдаг гэж хэлж болно. Нэгд, тухайн хүний ур чадвар. Мэдээж тодорхой туршлагатай, эсвэл хурдан суралцдаг, ажлыг чанартай хийдэг байх нь гол зүйл. Хоёрт, байгууллагын соёлд нийцэх байдал. Гэхдээ бид хүний зан чанарыг хэтэрхий их шахаж тулгахыг хүсдэггүй. Харин хүний өөрийнх нь онцлогийг хүндэтгэх, тэр хүнийг ажиллах орчиндоо өөрөөрөө байж, чөлөөтэй гүйцэтгэл гаргах боломжийг олгохыг хичээдэг.
Ихэнх залуусын гаргадаг нийтлэг алдаа бол өөрийн хүсэл зорилгоо бүрэн ойлгож бас өөрийгөө олон талаас нь бэлдээгүй байх явдал. Ихэнх нь 4 жилийн хугацаанд зүгээр л диплом авна гэж ханддаг болсон мэт санагддаг. Гэтэл тэр хугацаанд л өөрийн сонирхол, чадвараа олж нээх, дадлага хийх, аль чиглэлд хөгжих вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Сайн мэргэжилтэн гэдэг бол өөрийгөө бэлтгэсэн, зорилгоо олсон хүнийг хэлдэг шүү дээ.
Нөгөө талдаа, өөрийгөө зөв илэрхийлэх чадвар дутагддаг. Сайн инженер байсан ч CV муу бичдэг, эсвэл бүрэг зангаасаа болж өөрийгөө зөв танилцуулж чаддаггүй тохиолдлууд бий. Гэтэл өөрийн хийж байсан зүйлсээ яриад, ямар оролдлого хийсэн, юунд дуртай, юугаар мэргэшихийг хүсэж байгаагаа нээлттэй хуваалцаж чадвал тэр хүнийг бид анзаарч хардаг.
Манайд туршилтын хугацаа гэдэг бол зүгээр нэг “ажил хийж үзэх” биш. Харин тухайн хүн өөрийгөө тухайн орчинд тохирох эсэхээ ойлгох үе. Ялангуяа манай зарим ажил говийн нөхцөлд, кемп дээр хийгддэг. Шуургатай өдөр говьд зогсох үед өөрийгөө энэ салбарт ажиллахад сэтгэл зүйн хувьд тэсвэртэй байна уу, багийн дунд зохицож чадаж байна уу гээд олон зүйлээ олж мэдэх үе. Ажил бол хоёр талын харилцаа. Хүнийг бид сонгодог ч тухайн хүн ч биднийг сонгож байгаа.
Би залуустаа хандаж, өөрийгөө сайн бэлтгээрэй гэж хэлэхийг хүсэж байна. Хамгийн том андуурал бол “ажилд орвол бүх зүйл эхэлнэ” гэж бодох юм шүү. Үнэндээ ажил чинь аль хэдийнээ их сургуульд орсон тэр өдрөөс эхэлсэн байдаг. Тэр хугацаанд чи өөрийгөө таньж, хөгжүүлж, бэлдэх хэрэгтэй. Зорилгоо тодорхойл. Дадлага хий. Асууж сур. Хэн нэгэн чамд боломж өгвөл, тэр боломжийг ашиглаж сур. Хамгийн чухал нь битгий хүлээ, өөрөө хөдлөх хэрэгтэй. Мөн манай компаниудын зүгээс ч тэр залуустаа сурч, боловсрох, илүү хүсэл зорилгоо бүрэн тодорхойлж, ажилдаа чин сэтгэлээсээ хандахад нь тусалж, чиглүүлэхэд бага ч атугай үйлдэл хийх хэрэгтэй гэж хардаг.
"AFS Mongolia" ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Энхжин

Багаасаа л би маш олон төрлийн сайн дурын ажил хийдэг байсан. Ахлах сургуульдаа байхад гэр суурьшлын бүсэд хүн бүрд зориулсан хөгжин, дэвших орон зай бүрдүүлэх зорилготой GerHub / Гэр Өргөө хэмээх төрийн бус байгууллагад ажиллаад анх удаа ажил хийж буй мэдрэмжийг авч байлаа. Тэр үеэс хойш би хүүхэд, залуучуудтай ажиллах дуртай болсон. Одоо ахлах ангийн сурагчдын сурагч солилцооны ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлдэг “AFS Mongolia“ ТББ-д ажиллаж байна.
Манай Монгол дахь салбар байгууллага бүтцийн хувьд жижигхэн хэдий ч 20 гаруй дадлагажигч, 50 гаруй сайн дурын ажилтантай болсон. Гайхамшигтай нь, эдгээр хүүхдүүд бүгд өөрсдөө хүсээд, өөрсдийнхөө мөрөөдөл, хүсэл сонирхлын дагуу анкетаа илгээн ирдэг. Бараг 400 гаруй материал дундаас бид арав, хорьхон хүүхэд сонгож авдаг. Ихэнх хүүхэд залуус маань яагаад энэ газар дадлага хийж, сайн дурын ажилтнаар орох гэж байгаагаа яг тодорхой хэлж, тайлбарлаж чаддаггүй. Бид ‘Чамайг бид яагаад авах ёстой вэ?’ гэхэд “Би мөрөөдөлдөө хүрмээр байна, ямар мэргэжлээр явахаа ойлгомоор байна” гэж хариулдаг. Энэ бол зөвхөн өөртөө төвлөрсөн хариулт. Харин ажил олгогчийн нүдээр харахад, тэр хүн яаж багт хувь нэмэр болох вэ гэдэг нь чухал. Хүүхдүүд маань эртнээс өөрийн хүсэл зорилгыг маш сайн ойлгож, таньж мэдсэн байх тусам бидэнд ч тэр хүүхдийн хийхийг хүсэж буй зүйл, чадвар, бүтээмж хангалттай харагддаг. Сурагч, оюутан залуучуудын дунд анзаарагддаг нийтлэг нэг зүйл бол өөрийгөө олж амжаагүй байдал. ‘Чиний хобби юу вэ?’ гэхэд ‘ном унших, дуу сонсох’ гэхээс өөрөөр ихэнхдээ хариулдаггүй. Мэдээж эдгээр зүйл хобби мөн ч гэсэн, олон янзаар өөрийн ертөнцийг олж нээх, шинэ зүйл турших, шинэ хоббитой болох хэрэгтэй гэж би боддог. Ажлын байран дээр хамгийн хэрэгтэй ур чадвар бол өөрийнхөө ертөнцийг олж нээсэн байх. Тэгж байж хүн аливаа зүйлд санаачилгатай, манлайлагч болж чаддаг. Тиймээс би хүүхдүүдэд олон төрлийн юм туршиж, өөрийгөө нээхийг зөвлөнө. Яг юу хиймээр байгаагаа олохын тулд хүн эхлээд юу хийхийг хүсдэгээ мэддэг байх ёстой.
Өсвөр насныхныг анхны ярилцлагадаа сандардаг гэдгийг ойлгодог. Тиймээс бид орчныг аль болох ээлтэй байлгаж, тэдний хариултыг анхааралтай сонсдог. Харин зөвлөх зүйл гэвэл, тэд нар маань өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Байгууллагаа судалж, яагаад энэ ажилд дурлаж байгаагаа тодорхойлох нь чухал. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Ярилцлага бол шалгалт биш, харин өөрийгөө танилцуулах боломж юм шүү дээ.
Хүүхдүүдэд би ‘Боломж чамайг олдоггүй, чи боломжоо өөрөө үүсгэдэг’ гэж хэлмээр байна. Би өөрөө ч дунд ангид байхаасаа эхлэн олон зүйл туршиж үзсэн. Аяга таваг угаахаас эхлээд л олон төрлийн ажил хийж үзсэн. Тиймээс, залуу хүн бүрд би нэг зүйл хэлмээр байна. Өөрийгөө танихын тулд турш. Алийг нь ч хийж, туршиж үзээгүй байж ‘Би ийм хүн болно’ гэж шууд өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Төгсөөд гэнэт л ажилдаа дургүй болдог хүмүүс маш олон. Өөрийнхөө ертөнцийг олоогүй хүн л хамгийн их төөрдөг.