Өдөрт хүлээж авах үй их мэдээлэл дунд хуурамч мэдээлэл гэх санаатай, санамсаргүй, зохион байгуулалттай өгүүлэмж багагүй хувийг эзлэх болжээ. Үүнийг хэн, хаанаас, хэрхэн түгээж байна вэ, бид үүнээс сэргийлэх дархлааг хэрхэн бий болгох вэ зэрэг асуудлаар Их Британийн UCL их сургуулийн докторант Г.Ганбаттай ярилцлаа. Дэлхийд тэргүүлэх тус их сургуульд тэрбээр Английн Судалгаа, инновацын сангийн тэтгэлэгтэйгээр хуурамч мэдээлэл ба жижиг орны аюулгүй байдал сэдвээр судалгаа хийж байгаа юм.
-Таны судалгааны ажлын сэдэв их анхаарал татлаа. Хуурамч мэдээлэл, тэр дундаа жижиг орныг чиглэсэн мэдээллийн онцлог нь юу байна вэ?
-Миний хувьд мэдээлэл технологийн чиглэлийн хүн боловч судалгаа маань яван явсаар жижиг орныг чиглэсэн хуурамч мэдээлэлтэй холбогдсон. Английн Засгийн Газрын Судалгаа, инновацын сан гэж бий, тэдний тэтгэлгээр докторын сургалтад хамрагдаад явж байна. Хуурамч мэдээлэл гэдэг сүүлийн 10 гаруй жилд дэлхийн дахинд хурцаар яригдах болсон сэдэв шүү дээ. Ялангуяа, 2016 оны АНУ-ын сонгуулийн үеэр Доналд Трамп сонгогдоход ОХУ-ын Засгийн Газраас санаатайгаар явуулсан кампанит ажил нөлөөллөө гэсэн таамаглал гарч эхэлсэн. Дараа нь олон академик судалгаагаар энэ нь үнэн байж болзошгүй гэх үр дүн гарсан.
Эндээс үүдээд мэдээллийн орчин гэх ойлголт шал өөр болчихлоо л доо. Орчин цагт зэвсэг барьж дайтахгүй ч, “Сэтгэлийг нь татсан байхад бие нь хаа холдох вэ” гэдгийн адилаар оюун санааны талбарт сэтгэл санааны хувьд удирдаад, манипуляц хийгээд байвал хүссэн шийдвэрээ гаргуулах боломж байдаг юм байна гэдгийг харж байна.
Үүнийг яаж, хэрхэн хийж байна вэ гэдэг бол судалгааны том асуулт. Миний хувьд яагаад жижиг орнуудыг онцолж байна вэ гэвэл том улсууд бие бие рүүгээ чиглэсэн хуурамч мэдээллийн кампанит ажлууд явуулдаг, түүнийг нь янз бүрийн аргаар өргөн хүрээнд судалсан байдаг. Харин тэдгээр том улсууд өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэхийн тулд жижиг орнууд руу ч бас янз бүрийн ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон. Тэр дундаа Монгол шиг хоёр их гүрний дунд оршдог, цөөн хүн амтай онцлогтой улсыг судалсан ажил байхгүй учраас миний сонирхлыг татсан.
ЗХУ задарснаас хойш тусгаарласан улсуудад ОХУ-аас “near abroad” буюу хилийн ойрх орнуудад нөлөөгөө алдахгүйн тулд оюун санаанд нь нөлөөлөх ажил хийдэг. Үүнээс гадна зөвхөн ОХУ төдийгүй АНУ, Их Британи гэхчлэн бүх л том улсууд өөрсдийн зөөлөн хүчний бодлогын хүрээнд ч тэр, эсвэл манипуляц ч бас явуулж байгаа. Мөн манай өмнөд хөрш БНХАУ-ын харьцангуй бага судлагдсан боловч Филиппин, Тайвань, Хонг Конг руу ямар хэлбэрээр ажиллаж байна вэ гэдэг нь судлагдсан. Энэ бүгдээс харвал Монгол болон бусад жижиг улс руу хуурамч мэдээллийн кампанит ажил хэрхэн явагдаж байна вэ, бусад том орнуудаас ялгаатай юу, жижиг улсууд руу нийтээр нь ижил арга хэлбэрээр явуулж байна уу гэх зэргээр харах боломжтой.
-Хуурамч мэдээлэл түгэх гол орон зай нь болсон сошиал медиа платформуудын асуудал тэгэхээр мөн хөндөгдөнө. Бид нэг хэсэг сошиал медиаг зохицуулах ёсгүй гэж үздэг байсан хандлага өөрчлөгдөөд илүү ухаалаг зохицуулах ёстой гэсэн хандлага руу яваад байна уу даа?
-Сошиал медиад явж байгаа бүх мэдээлэл баталгаатай эх сурвалжийнх биш гэдгийг хүмүүс мэддэг болсон ч, итгэдэг хүмүүс ч байсаар байна. Мөн мэдээлэл тархах хурд асар их бөгөөд хүн бүр контент бүтээдэг, дуртай мэдээллээ түгээж болдог ийм нөхцөлд жинхэнэ мэт хэлбэр, форматаар хуурамч мэдээлэл түгээж байгаа нь сошиал медиагийн алгоритмтай холбоотой. Хүн өөрөө хүсэж, хайж биш санамсаргүй байхад нь мэдээлэл гарч ирээд байдаг. Сошиал медиагийн ийм алгоритмаас шалтгаалаад хүмүүс мэдээллийн вакумд орчхож байна. Өөрийн мэдэлгүй вакумд ороод, тэндээсээ гарахгүй, өөр үзэл бодол, байр суурийг сонсож чадахаа больчихдог.
Бидний өдөр тутмын нийгмийн амьдралд ямар нэг хуулийн зохицуулалт байдагтай адил сошиал медиад ч тэр тодорхой хэмжээний зохицуулалт байх нь зайлшгүй болж байна. Гэхдээ зохицуулахдаа манай их хурлын танхимд ярьдаг шиг “Фейсбүүкийг хэд хоног хаагаад үзвэл ямар вэ” гэх мэт хэлбэр бол нэгдүгээрт боломжгүй, хоёрдугаарт утгагүй. Ялангуяа, ардчилсан нийгэмд ийм байж боломгүй зохицуулалт яриад байж болохгүй, харин бид сошиал медиа компаниудаас ил тод байдал шаардах ёстой. Фейсбүүк одоо бол судлаачдад зориулаад өөрийн өгөгдөл, мэдээллийг тодорхой хэмжээнд нээлттэй өгдөг, эсвэл маркетингийн мэдээллүүдээ хүн бүрд нээлттэйгээр хэн, хаанаас, ямар хаягаар, хэдэн төгрөгийн зардал гаргаж спонсор хийж байна вэ гэдгийг ч харах боломжтой. Дараачийн шатанд эрдэмтэн, судлаачдын шаардаж байгаа зүйл бол хэнд, ямар мэдээлэл үзүүлж байгааг яаж шийдэж байна вэ гэх асуудал. Нэг ёсондоо алгоритмд ил тод байдал байхгүй байна гэсэн үг. Тийм учраас жишээ нь, Твиттер компанийг Илон Маск худалдаж авснаас хойш түүнээс өөр үзэл бодолтой хүмүүсийн, эсвэл түүнтэй маргасан хүмүүсийн пост бусдад хүрэхгүй болчихсон гэдгийг ярьж байгаа. Тэгэхээр хэний дуу хоолойг, хэнд хүргэх вэ гэдэг шийдэл ил тод биш болохоор тархи угаалт, цензур зэрэг нь нээлттэй байгаа юм шиг мөртөө нүдэнд үл үзэгдэх шийдлээр явагдаад байна гэсэн үг.
-Ингэж шаардах нь зүйн хэрэг. Харин манайд ёстой л бид жижиг орон гэсэндээ энэ компаниудтай харилцах, шаардлага тавих байдал нь хойрго юм шиг анзаарагдаад байгаа. Бид үнэхээр жижигдээд байдаг юм уу?
-Ер нь бүх талаас нь нөөц бололцоогоо харвал бид үнэхээр жижиг л дээ. Судалгаанд зарцуулж байгаа хөрөнгө санхүү, эсвэл асуудлыг бариад явах хүний тоо, нөөцөөс эхлээд. Жижиг орныг хуурамч мэдээлэлд эмзэг байдал үүсгэж байгаа нэг зүйл нь бас зах зээлд эзлэх хувь хэмжээ. Бид тэдгээр компанийн бодлого, гаргаж байгаа шийдвэрт нь онцгойлж авч үзэх ач холбогдолтой зах зээл биш.
-Манай улсаас гар гэвэл тэгье ээ л гээд гарчих нь гэж үү?
-Жишээ нь, Хятадын зах зээлийг алдахгүйн тулд Google хайлтын системийнхээ алгоритмыг өөрчилдөг шүү дээ. Монголд бол харин хэзээ ч тийм зүйл болохооргүй.
-Тэгэхээр гарц, гаргалгаа нь юу вэ?
-Миний судалгааны үндсэн сэдэв биш учраас их хэцүү асуулт байна. Европын холбооны хувьд Facebook, Google-тэй холбоотой хуулийн маргаанууд бий, манай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол ядаж манайд дата төвд мэдээлэл нь хадгалагдах ёстой гэдэг ч юм уу зохицуулалтууд бий. Ер нь асуудлыг “cyber diplomacy” талаас ч харах өнцөг бий. Энэ чиглэлийн бодлогын судлаачид илүү гарц, гаргалгаа хэлэх байх.

-Таны судалгаа руу эргээд ороход манай мэдээллийн орчинд ямар төрлийн хуурамч мэдээлэл илүүтэй ажиглагдаж байна? Тодорхой хэв шинж, түгээмэл хэв маяг харагдаж байна уу?
-Манайд явж байгаа гаднын нөлөөт хуурамч мэдээллийг баримт шалгах төвүүд судалсан байсан. Вакцин эсэргүүцсэн хүмүүс дараа нь Украины дайнтай холбоотой мэдээллийг их түгээсэн байна. Ийм пэйжээс, тийм мэдээллийг түлхүү явуулжээ гэхчлэн тайлангууд бий. Миний судалгааны харах гэсэн гол зүйл бол монголчуудын уламжлалт соёл, мэдээлэлтэй харилцдаг зан үйл юм. Энэ нь хуурамч мэдээлэл тарахад яаж нөлөөлдөг юм, монгол хүн ер нь мэдээллийг сонсоод яаж боловсруулдаг юм, хаанаас хэрэгтэй мэдээллээ хайдаг вэ, танил талаасаа юу, тодорхой эх сурвалжаас уу гэхчлэн олон талаас харж байна. Мөн мэдээллийг гаргаж байгаа “narrative” буюу өгүүлэмж их чухал. Ямар өгүүлэмжээр, хэнийг, яаж хуурч байна вэ, монгол хүн юунд хууртаад байна. Айдас дээр нь дөрөөлдөг үү, эсвэл таашаал өгсөн баярлуулсан мэдээнд хууртдаг юм уу.
Ингээд харж байхад монголчуудын хувьд айдас дагуулсан мэдээлэл илүү нөлөөлөөд байна. Уран олборлох юм бол хоёр толгойтой хүүхэд төрнө, эсвэл төмөр зам барихаар танк орж ирнэ гэхчлэн. Үүнийг айдсаар нь удирдах гэдэг. Ер нь хуурамч мэдээлэл ганц Монголд ч биш, ялангуяа Оросын зүгээс Европ руу явуулсан ажиллагаануудыг харахаар хооронд нь талцал үүсгэх гол зорилготой байна. Нийгмийг хоёр туйл руу өрдөөд тэр талцал дундаас өөртөө давуу тал олж авах гэсэн оролдлогууд. Жишээлбэл, Америкийн нийгмийг хар, цагаанаар нь хуваах эсвэл Төв Азид явуулж байгаа барууны соёл танай уламжлалт үнэт зүйлтэй нийцэхгүй юм аа, та нар одоо Украины араас орж байна, дараачийн Украин шүү гэх зэрэг өгүүлэмжүүдийг дурдаж болно.
Эсвэл цөмийн цахилгаан станц барих юм бол барууныхан та нарыг удирдах болно. Вакцин хийлгэх юм бол чип суулгах гэж байна гэхчлэн айлгасан, хуйвалдааны онол ашигласан мэдээллүүд Монголд ч бас ажиглагддаг.
Гадны нөлөөт ийм хуурамч мэдээллээс гадна дотоодын хуурамч мэдээлэл манайд бас их байна. Казахстанд “Нурбот” гэх төр, засгаас нь олон нийтдээ хуурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг тролл арми бий. Нурсултан Назарбаевын ботууд гэсэн үг. Үүнтэй адил хэв шинж Монголд ч ажиглагдах болсон бөгөөд энэ нь нийгмийн итгэлцлийг үгүй хийдэг, маш хортой. Дараа нь хүн юунд ч итгэхээ болино, төрийн институтдээ ч итгэхгүй. Ер нь хүн юунд ч итгэхээ болино гэдэг маш харамсалтай шүү дээ. Хоёр хувь хүний хооронд ч тэр бие биедээ итгэхгүй бол маш эмгэнэлтэй харилцаа шүү дээ.
Энэ мэтчилэн хуурамч мэдээлэл гэхдээ бидний бараг амьдралын нэг хэсэг болчихлоо. Бид үүнээс ангижрахгүй нь. Харин үүний эсрэг яаж даван туулах чадавхтай институт, нийгмийг бий болгох вэ. Судлаачид үүнд л анхаарлаа хандуулж байна.
-Тэгвэл арга зам нь юу байна?
-Хүн бүр л мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, нягталж үздэг, нухацтай авч үздэг, юу болох боломжтой, юу боломжгүй вэ гэдгийг бодож үздэг байх хэрэгтэй. Улс орны хувьд ч тэр албан мэдээ нь албан газраараа гардаг. Тэгэх юм бол хүн итгэнэ. Хуураад байдаггүй, хуураад байвал л итгэлцэл үгүй болно. Сирийн дүрвэгсдийн хуаранд хийсэн нэг судалгаа байдаг. Ассадын дэглэмийн үед төрөөс нь маш их хуурамч мэдээлэл явуулдаг байж. Энэ нь даамжраад хүмүүс нь юунд ч итгэхээ байж эхэлснээр зөвхөн танилынхаа үгэнд найддаг болж. Сэтгэл зүйн хувьд танилаа л барааддаг, ямар нэг зүйл тохиолдохоор юу ч байсан хамаагүй тэр хүнээсээ л асуудаг болж. Шинжлэх ухаан, албан мэдээ юуг ч үл хайхраад. Монголчуудын мэдээллийн зан үйл үүнд тун дөхөж байна. Өмнө нь хийгдэж байсан судалгаагаар ч тэр монголчууд ер нь сошиал капитал өндөртэй буюу нийгэмд нэр хүндтэй, танигдсан хүнд л хамгийн их итгэдэг болох нь харагдаж байсан.
-Хуурамч мэдээлэл явуулж байгаа арга хэлбэр нь ямар хэв маягтай байна вэ?
-Манайд бол зохион байгуулалттай явуулж буй буюу “хиамчид” гэж сошиал медиад нэрлэх болсон үйл ажиллагааг харахаар Жорж Оруэллийн “1984”, Олдос Хакслийн “Гайхамшигт шинэ ертөнц” хоёр зохиолыг нийлүүлчихсэн мэт ажиглагддаг. Оруэллийн зохиолд бол олон нийтийг айдсаар удирддаг шүү дээ. “Үнэний яам” гэж бий болгоод үнэнийг хүмүүсээс нуудаг, эсвэл энэнээс өөр бодолтой бол арчина шүү гэдэг. Хакслийн зохиолд бол хүмүүсийг гол юмандаа анхаарах завдалгүй болгоод сатааруулчихдаг. Өдөр бүр хар тамхи өгөөд л, инээлдээд л, баяр жаргалтай боловч болж байгаа зүйлсэд огт анхаарахгүй.
Манайд энэ хоёр хэв маягийг холиод, зэрэг ч ашиглаад байх шиг. Үүндээ ч бүр нийтээрээ дасчихсан, нэг сенсац гарахаар өөр сенсацаар дарна, “чиглэл байна уу” гэхчлэн хошигнох маягтай. Ингээд өчигдөр нэг өөр юм ярьж байсан хүн маргааш нь шал өөр пост, лайв хийгээд явчихдаг. Цаашлаад үг хэлээд, өөр үзэл бодолтой байхаар барьж, шийтгэж байгаа нь “1984” ч юм шиг. Энэ бүхэн “Нурбот”-той л адилхан шүү дээ, төр өөрөө нийгмийн итгэлцлээ ингэж үгүй хийж болохгүй.
Ялангуяа, хуурамч мэдээлэл бол ардчилалд учруулж байгаа том эрсдэл болоод байна. Чөлөөтэй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хуурамч мэдээлэлд живээд аль үнэн, худал гэдэг нь ойлгомжгүй болоод байна. Энэ нь сонгуулийн үеэр явагдаад ирэхээр хүн бодитой мэдээлэлд тулгуурлаж, өөрийн бодлоор сонголтоо хийх боломжоо алдаад эхэлж байна.
Ер нь гадна, дотноос үүдэлтэй хуурамч мэдээлэл бүх улсад л явагдаж байна. Ялангуяа, автократ дэглэмтэй улсуудад түгээмэл. Айдсаар нь байна уу, дуртай зүйлсээр нь байна уу удирдаад, сүүлдээ хүссэн зүйлээ хуурамч гээд төрөөс цензурдээд эхэлбэл яах вэ ч гэдэг асуудал үүснэ.
-Яг үүнтэй холбоотой нийтлэл хэдхэн хоногийн өмнө “The Economist” сэтгүүлээс уншлаа. Хуурамч мэдээлэл, тэр дундаа үзэн ядах үг хэллэгийг зохицуулсан хууль, дүрмүүд нь яг бодит хохирогчдоо хамгаалж чадахгүй, улс төрийн хэрэгсэл болоод байна гэх утгатай.
-Зохицуулалтууд ер нь ярвигтай, эцсийн зөв арга зам гэж байхгүй л дээ. Хамгийн гол зүйл бол мэдээллийн боловсролыг л сайжруулах ёстой. Мөн олон ургалч үзэлч хандлагатай байж мэдээллийн вакумд орохгүй байх. Тэгэхгүй бол улам л талцсан, туйлширсан нийгэм бий болоод мэдээллийн вакумдаа орчихсон, дан өөртэйгөө адил үзэл бодолтой зүйлсийг л үзэж, сонсоод байж болохгүй. Алгоритм яг ингэж, зөвхөн түүнд нь нийцэх мэдээллийг зогсоо зайгүй цутгачихаар өөр юм хүлээж авахаа болиод, миний энэ бол ёстой гарцаагүй үнэн юм аа гэж итгээд, өөр үзэл бодолтой хүн орж ирэнгүүт бүр үзэн яддаг, улмаар тэр нь хуваагдал үүсгэж байна.
Хуурамч мэдээллээр өрдөж нийгмийг хоёр туйлд чирч, эрүүл мэтгэлцээний орон зайг хумьж байгаа нь цаашлаад ардчилалтай холбогдож байгаа юм. Ардчилал гэдэг дан ганц сонгууль явуулаад ардчилсан улс болчихдог юм биш. Энэ бол эрх мэдлийг шилжүүлж байгаа нэг л хэрэгсэл шүү дээ. Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэхчлэн эрх мэдлийн хуваарилалт, мөн хэвлэл мэдээлэл буюу үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, цаашлаад шашин шүтэх гэхчлэн үндсэн эрхүүд ч бас хангагдах ёстой. Тэрнээс биш сонгууль л явуулаад тэрийгээ ардчилал гэж нэрлэж болохгүй байхгүй юу.

-Хуурамч мэдээллийн тархалтад хиймэл оюун хэр хэмжээнд нөлөөлж байна вэ?
-Хуурамч контент бүтээхэд маш хялбар болж байна л даа. Ботууд хиймэл оюунд суурилсан байдаг болсон учраас хүн шиг харилцаад явах чадамжтай болчихсон. Урьд нь бол нэг төрлийн агуулга бичээд түүнийгээ хуулаад явдаг байсан бол одоо нэг санаа өгөөд түүнийгээ янз, янзаар бичүүлээд хуурамч хэлэлцүүлэг үүсгээд байна.
Мөн синтетик медиа, deepfake гэхчлэн асуудлууд тулгарч байна. Хиймэл оюун ашиглаж зохион бүтээсэн видео, агуулгаар биеэ хуурах гэмт хэрэг түгээмэл гарах болж. Үүнийг сонгуулийн үеэр ч ашиглахгүй гэх баталгаа үгүй. Гэхдээ сая болсон АНУ-ын сонгуулийн үеэр хиймэл оюуны онцгой нөлөө ажиглагдсангүй гэсэн дүгнэлт гарсан байсан.
Ер нь хуурамч мэдээлэл тархахад тухайн үндэстний онцлог, улс орны контекст их нөлөөтэй. Монгол хүнд зориулсан мэдээ ямар байвал итгэх магадлалтай вэ гэдэг нь шүү дээ. Хятадын зүгээс явуулдаг мэдээлэл бол зөөлөн аястай, монгол хэлээр, тэгээд төрийнхөө албан ёсны сувгуудыг ашигладаг. Гол төлөв Хятадын талаар эерэг имиж бүрдүүлэх зорилготой пропаганда явуулдаг.
Оросын хувьд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсуудад орос хэлтэй бүлэг маш том хувийг эзэлдэг. Тэд шууд орос хэлээр мэдээлэл авдаг тул түгээхэд хялбар байдаг талтай. Үүнтэй тэмцэхийн тулд жишээ нь, Казахстанд орос хэлний хичээлийн цагийг багасгасан бол Эстони, Латви зэрэг Балтын орнуудад орос хэлээр цацагддаг телевизийн сувгуудаа хаасан. Түүнчлэн соёл, шашнаар дамжуулан мэдээллээ түгээдэг. Тухайлбал, сүм, шашин нэгтэй буюу Оросын ортодокс сүмийн салбарууд байдаг Гүрж зэрэг оронд нөлөө ихтэй.
-Энэ бүхнийг сонсохоор хуурамч мэдээлэл ер нь нийгмийн үнэт зүйлсээр дамждаг юм биш үү?
-Тийм ээ, боловсрол, хэл, соёл, шашин их чухал. Бидний олон жил ярьсан монгол “idendity” гэх зүйлээ тодруулж, түүндээ ач холбогдол өгөх хэрэгтэй. Сэтгэл зүйн дархлаа түүгээр дамжиж бий болно. Тэгэхгүй бол сошиал медиаг хаагаад л хуурамч мэдээлэл байхгүй болчих нь гэсэн юм байхгүй. Бид өөрсдөө л үнэт зүйлээ тодруулж авч явах ёстой.
АНУ ч тэр 2016 онд хуурамч мэдээлэлд тэгтлээ автсан шалтгаан нь өөрийн гэх хариу өгүүлэмж, “identity” үгүй байж гэдгийг нэгэн судлаач бичсэн байсан. Энэ бол бидний үнэт зүйл шүү, манай улсад аль ч нам байсан бидний авч явах үнэт зүйл энэ шүү гэх итгэл үнэмшил байхгүй байсан тул гаднын мэдээлэл орж ирээд бусниулж чаджээ гэж дүгнэсэн байналээ.
Мөн боловсролын хувьд сургалтын агуулгад шингээж нухацтай сэтгэх, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал. Аливааг эргэцүүлж боддог, энэнээс өөрөөр яагаад байж болоогүй юм, энэ үнэхээр ийм байх боломжтой юу гэж эргэлздэг байх хэрэгтэй.
-Манайд хуурамч мэдээлэлтэй тэмцэх газар байгуулна гэж нэг хэсэг яригдсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Төрөөс ийм байгууллага бий болгоно гэж яавч болохгүй. Юу үнэн, юу худал болохыг төр тогтоож, шийднэ гэж байхгүй. Тэгвэл ёстой “1984” зохиолд гардаг “Үнэний яам” болно. Одоо ч тэр манайд цагдаагаас “Худал” гээд тамга дараад л байгаа. Уг нь хөндлөнгийн байгууллагууд, олон нийт, баримт шалгах төвүүд үүнийг хийх ёстой.
Үүнээс гадна чөлөөт хэвлэл мэдээллийн орон зай хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд их чухал. Манайд чөлөөт хэвлэл ажиллахад маш бэрх болчихсон. Жижиг зах зээлтэй учраас өөрөө өөрийгөө санхүүжүүлээд, улс төр, бизнесийн нөлөөнөөс ангид хэвлэн нийтлэх боломж маш хязгаарлагдмал. Үүний шийдэл нь хэрэглэгч мөнгөө төлөөд мэдээллээ уншдаг олон улсын жишиг рүү орох юм. Тэгж байж сошиал медиагийн энэ эринд чанартай, баталгаатай мэдээллээр олон нийтийг хангах онцгой оролцоо нь биелэгдэнэ.