Дэлхийн мэдээний өдөр буюу 9-р сарын 28-ныг угтан Дэлхийн редакторуудын форумаас “Үнэнийг сонго” аяныг өрнүүлж буй. Энэ хүрээнд олон нийтэд хандсан сэтгүүл зүйн мөн чанарын талаарх цуврал нийтлэлийг Ub.life сайт аянд нэгдсэн редакцын хувьд албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэж байна.
Фатима Фараг
Египетийн “Welad ElBalad Media”-ийн үүсгэн байгуулагч, захирал
Египетийн өмнөд хэсгийн алс бөглүү хотод нэгэн залуу сурвалжлагч надад “Орон нутгийн сонинд сэтгүүлчээр ажилласан минь өөрийгөө хэн бэ гэдгийг олж мэдэх, бас хэн байх ёстойгоо танин мэдэх боломжийг олгосон. Нутгийн минь хүмүүс хэн болох, тэдэнд юу хэрэгтэйг биеэр мэдэрч, бусдаар хэн гэдгээ тодорхойлуулах, бусдаар хэн байх ёстойгоо заалгах учиргүй гэдгээ ойлгосон” гэж хэлсэн юм.
Үүнийг сонссон надад Дэлхийн мэдээний өдөр ойртож буй энэ үед Томас Жефферсоны “Ардчилал орон нутгаас эхэлдэг” гэх үг санаанд бууж байна. Учир нь, нийгмийн бүлэг, хүрээлэлдээ ажиллаж, амьдардаг сэтгүүлчдийн үйл хэрэг бол шууд утгаараа иргэдийн дуу хоолой болох, түүнийг нь хүргэх буюу ардчиллын тулгын чулууг бэхэлж буй явдал юм.
Хүмүүс ардчиллын авчирч буй өөрчлөлт, үр дүнг цэгнэхдээ томоохон сонгууль, улс орны хэмжээний өөрчлөлт, үйл явдалд л анхаарлаа хандуулдаг. Харин миний харж байгаагаар иргэдийн өдөр тутмын шаргуу хөдөлмөр, идэвх зүтгэл нь бага багаар ардчиллын үр шимийг хүртээмжтэй, тогтвортой болгодог гол учиг юм. Улмаар өдөр бүр иргэдийнхээ ажил, амьдралыг сурвалжлан хүргэдэг орон нутгийн сэтгүүлчдийн тууштай хөдөлмөр гол цөм нь гэж болно.
Гэхдээ энэ ажил тийм ч амар хялбар биш ээ. Олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, орон нутгийн редакцыг байгуулах, удирдах, тогвортой авч явах нь тэр бүр талархлын үг сонсдог ажил биш.
Дэлхий даяар сэтгүүл зүйд хөрөнгө оруулах мөнгөний урсгал саарч, технологийн томчуудын нөлөө, ажлын байрны хомсдол зэрэг нь эцэстээ сэтгүүл зүйн үнэ цэнийг эргэцүүлэхэд хүргэх боллоо. Түүнчлэн мэдээллийн орон зайг хумих оролдлого улам ихэссээр байна. Тухайлбал, өнгөрсөн 11 сарын хугацаанд Газын зурваст маш олон сэтгүүлчийн амь насанд халдсан нь түүхэнд байгаагүй тохиолдол юм. Сэтгүүлчдийг хамгаалах олон улсын хорооны мэдээлснээр энэ дайнд 116 сэтгүүлч амь үрэгдэж, үүнд хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Энэ бүхэн үзэг нэгтнүүдийн минь амийг аваад зогсохгүй, бидний итгэл үнэмшлийг дэвсэлж байна.
Газын зурваст палестинчуудын хомроголон хөнөөсөн аймшигт өдрүүдэд “Анхаар: Хэрэв чи худлаа ярьсаар байвал том болоод сэтгүүлч болно” гэсэн араб хэлээрх мийм олон нийтийн сүлжээнд тархжээ. Үүнийгээ “CNN, BBC-ийн сэтгүүлч болно” гэх зэргээр олон хувилбараар хийсэн байв.Барууны хэвлэлийн стандарт, тэнцвэртэй байдалд эргэлзэх хандлага нь зөвхөн арабын ертөнц төдийгүй дэлхий даяар 9-р сарын 11-ний дараах сурвалжлага, Иракийн дайн, тэр бүү хэл Трамп, АНУ-ын сонгуулийн дараах үеийн түвшинд хүрээд байна. Мөн хүлээн авагчид санаатай, санамсаргүй хуурамч мэдээллийн шуурганд өртөж, мэдээлэлд үл итгэх, зайлсхийх хандлага өдөр ирэх бүр нэмэгдэж байна.
Харин энэ мэт сэтгэл түгшээсэн чиг хандлага орон нутгийнхаа халуун цэгээс сурвалжилдаг бидний ажилд ч нөлөөлөөд зогсохгүй хараат бус, бие даасан сэтгүүл зүй гэдэг үнэнийг эрэх, үнэнийг хамгаалахад ямар чухал вэ гэдгийг ойлгуулж байна.
Египетэд өрнөсөн тариачдын тэмцлийн талаар сурвалжилж байсан нэгэн сэтгүүлч духныхаа хөлсийг нудрангаа "Маш хэцүү ажил шүү" гэж илэн далангүй хэлж байлаа. Гэсэн хэдий ч тэр байр сууриндаа бат зогссон хэвээр ажлаа үргэлжлүүлж, түүний ачаар нутгийнхан нь үнэн бодит мэдээлэл авч, өдөр тутмын амьдралынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжтой болсон юм. Тэр олон улсад танигдсан, алдар нэртэй нэгэн биш ч гэлээ түүний ажил сэтгүүл зүй гэж юу болох, нийтийн эрх ашигт үйлчлэх чин эрмэлзлийн илэрхийлэл болж байгаа юм.
Бид хараат бус, тэр дундаа орон нутгийн сэтгүүл зүй үгүй болсноор ардчилал ямар аюултай нөхцөлд ордог вэ гэдгийг тэр нийгэмд амьдарч, биеэрээ туулсан. Тийм ч учраас олон ургальч, мэргэжлийн хэвлэл мэдээлэл нь хүмүүнлэг, эрх чөлөөт нийгмийн тулгын чулуу гэдгийг бид хангалттай мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Технологийн компаниудын эзэрхийлэл бидний мэргэжилд ямар аюул занал учруулж байгааг бид ойлгох ёстой. Тэгж байж бид үнэ цэнтэй сэтгүүл зүйн бүтээл нийгэмд ямар нөлөө үзүүлдгийг ялгаа заагтайгаар харуулж чадна. Үүний төлөө редакцууд, хэвлэлийн газрууд ажиллаж, уншигч, үзэгчидтэйгээ үргэлж холбоотой байхын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
Харин нөгөө талаас хүлээн авагч, олон нийт Та бүхний оролцоо ч чухал. Та л бидэнд юу хэрэгтэй, ямар мэдээ нэн тэргүүнд вэ гэдгийг хэлнэ. Мөн ямар мэдээ уншиж, ямар редакцыг дагах вэ гэдгээ анхааралтай, нухацтай судалж, сонго. Үнэнийг сонго. Ингэж байж л бид хамтдаа шударга ёс, үнэний төлөөх хариуцлагатай, өөрчлөлтөд манлайлсан сэтгүүл зүйг бий болгож чадна.
Энэхүү нийтлэлийг сэтгүүл зүйн ач холбогдлыг онцлон харуулах Дэлхийн мэдээллийн өдрийн кампанит ажлын хүрээнд бэлтгэв.