Өөрийн сонирхсон, мэргэжлийн чиглэлээр дадлагын ажил хийж үзэх нь залуу мэргэжилтнүүдэд ур чадвараа нэмэгдүүлэх, салбараа илүү ойлгох, шинэ хүмүүстэй танилцаж, CV-ээ баяжуулах олон талын ач холбогдолтой байдаг. Сайн дадлагажигч богино хугацаанд үндсэн ажилтан болох боломж ч бишгүй. Гэхдээ оюутан, залуус шинэ орчинд, завгүй хамт олон дунд гэнэт яваад орох нь амар байдаггүй нь мэдээж.
Богино хугацаанд өөрийгөө батлан харуулах, ур чадвараа илтгэх, хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж авахад нь туслах зорилгоор дадлагажигч нартай ойрхон ажилласан, бизнес, хууль, төрийн бус байгууллагын зэрэг 20 чадварлаг мэргэжилтнээс зөвлөгөө сонсож, нэгтгэн орууллаа.
1. Асуултаа нухацтай бэлдээрэй
Ажилтай холбоотой мэдээллийг асуулгүйгээр сайн судлаад, тодруулах зүйлсээ харин цаг гаргаж бэлдээрэй. Тэнэг асуулт байдаггүй гэдэг ч өөрөө компанийн сайт руу ороод мэдчих, гарын авлага дээр байгаа зүйлсийг асууж хүмүүсийн цагийг үрэхээс зайлсхийгээрэй.
2. Ямар ч даалгаварт бэлэн бай
Өөрийгөө ямар чадварлаг мэргэжилтэн болж чадах вэ гэдгээ том ажил, хэцүү даалгавар биелүүлж батлахыг хүсэж байгааг тань мэдэж байна. Гэвч жижиг ажлыг ч нухацтай хүлээн авч, үр дүнтэй гүйцэтгэх нь чухал гэдгийг бодоорой.
3. Хүрээллээ нэмэгдүүл
Дадлага бол чиний хүрээллээ нэмэгдүүлэх алтан боломж. Ахлах, удирдах ажилтнуудаас эхлээд чамтай хамт дадлага хийж буй үеийнхэн чинь ч ирээдүйд чамтай нэг салбарт ажиллах мэргэжилтнүүд болно гэдгийг мартаж болохгүй. Өөрийгөө зөвөөр илэрхийлэх, бусдыг сайтар сонсох чадвар ямар чухал вэ гэдгийг та ойлгох болно.
4. Өөрийгөө бэлтгэх цаг гарга
Өглөө ажлын цагтай уралдаж биш, аль болох эрт очиж сайн төвлөрч, уулзалтад зөвхөн тухайн асуудлыг ч биш өөрийгөө мөн бэлдэх цаг гаргаарай. Даалгасан ажлыг цагтай уралдаж биш эрт дуусгаж, бусадтай зөвлөх, хянуулах хором үлдээ.
5. Асуулгахгүйгээр ажилла
Ажлын уур амьсгал, гүйцэтгэлүүдийг сайтар ажиглаж, хаана юу дутаж байгааг аль чадахаараа анзаар. Хэрэв хэн нэгэн тодорхой эзэнгүй, чиний чадах ажлыг анзаарвал заавал асуулгахгүйгээр санаачилга гарга. “Хэн нэгэн чамд ажил даалгахыг хүлээн инстаграмаа ухаж суух нь чамайг бүтэн цагийн ажилд урихгүй байх хамгийн гол шалгуур”.
6. “Юу унших вэ?”
Ажлын мэргэжилтнүүдээс хэрэгтэй ном, унших зүйлсийн зөвлөгөө санаа зоволгүй хүсээрэй. Ажлын талбарт туршлагажсан хүмүүс чамд юу хэрэгтэй вэ гэдгийг хамгийн сайн мэдэж зөвлөнө. Харин болж өгвөл тэдгээрийг дадлага хийх хугацаандаа уншиж, санал бодлоо солилцож, уншсан тухайгаа харилцан яриа өрнүүлэх нь бодит мэдлэг өөртөө суулгах маш том боломж шүү.
7. “Юун дээр анхаарах вэ?”
Тодорхой ажил, даалгаварууд биелүүлснийхээ дараа гүйцэтгэлээ эргэцүүлж, цаашид юун дээр анхаарах вэ гэдгээ асууж байгаарай. Хэдийгээр тухай ажил дууссан ч гэсэн яаж сайжруулж, өөрөөр хэрхэн хийж, нэмж юу судлах тухай ахлах, менежертэйгээ эргэх холбоотой байх хэрэгтэй. Дараагийн даалгаварт нэг гаргасан алдаагаа давтахгүй, сайжруулж болох зөвлөгөөг нь хэрэгжүүлснээр чамайг шинэ юм сурахад, бусдаас зөвлөгөө авч хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг илтгэнэ.
8. Компанийн соёл, оффисын нормыг ойлгох
Оффис дээрээ хүмүүс биеэ хэрхэн авч явж, юуг хүлээн зөвшөөрч бас зөвшөөрдөггүй болохыг анзаар. Шаардлагатай гэвэл асуу. Жишээ нь, ажлынхан чинь утсаар ярихдаа дуугаа намасгаж, эсвэл өөр өрөө рүү орж байвал та ч бас дагах хэрэгтэй.

Эх сурвалж: “Harvard business review”