МУИС-ийн Оюутны хөгжлийн газар болон Капитрон банк хамтран зохион байгуулж буй “Банк, санхүүгийн карьер: Анхны алхам” сургалт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү сургалт нь банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй МУИС-ийн 3, 4-р дамжааны оюутнуудад зориулсан бөгөөд салбарын мэргэжилтнүүдээс онол, практик мэдлэг, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэж байна.

МУИС болон Капитрон банкны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү сургалт нь оюутнуудын хөдөлмөрийн зах зээлд гарах бэлтгэлийг сайжруулж, ажил олгогч болон ирээдүйн мэргэжилтнүүдийн хоорондын гүүр болох ач холбогдолтой юм.



Уг сургалтаар оюутнууд дараах агуулгын хүрээнд мэдлэг олж авна:
• Банк, санхүүгийн системийн бүтэц, үйл ажиллагаа
• Хувийн болон байгууллагын санхүүгийн оновчтой удирдлага
• Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдлэг
• Харилцагчтай харилцах ур чадвар, мэргэжлийн ёс зүй
• Карьер төлөвлөлт, ажилд орох бэлтгэл
Сургалтад оролцсон оюутнуудын сэтгэгдлээс:

Намайг Э.Хонгорзул гэдэг. Би МУИС-ийн Бизнесийн сургуульд Нягтлан бодох мэргэжлээр 2-р дамжаанд суралцдаг. Миний хувьд ажлын ярилцлагад орж үзээгүй, CV бэлдэж бүр ч үзээгүй. Уг хөтөлбөрийг анх найзуудаасаа олж мэдээд, оюутан байх хугацаандаа дотоодын томоохон байгууллагад дадлага хийх боломжууд, дадлага хийхдээ юун дээр анхаарах хэрэгтэй талаар ойлголттой болж, салбарын мэргэжилтнээс үнэ цэнтэй мэдээллүүдийг олж авлаа. Капитрон банкны цалинтай дадлагын хөтөлбөр нь над шиг сургуулиа хараахан төгсөөгүй, ажлын туршлагагүй оюутнуудад байгууллагын соёлд орж үзэх боломж олгохоос гадна илүү практик талдаа туршлагажих боломж гэж харж байна.

Би МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р түвшний оюутан. Миний хувьд дан ганц банк санхүүгийн салбар гэлтгүй өөртөө тохирох салбарыг хайсаар л явна. Ээлжит нэгэн хайгуулаараа NUM Career, Капитрон банктай хамтран зарласан карьерын өдөрлөгт оролцлоо. Ер нь цаашид банк санхүүгийн салбарт ажиллавал ямар өгөөжтэй юм, хүний нөөцийн зүгээс ямар шаардлагуудыг тавьдаг талаар сонирхож, Банк санхүүгийн салбар гэдэг нь сахилга бат, эмх цэгц, цагийн менежмент юм байна гэдгийг ойлгож авлаа.