Дуучин Билли Айлиш, жүжигчин, хөгжимчин Нэт Вулфф нар Италийн Венец хотод амралтаар явах үеэр балкон дээр үнсэлцэж буй зураг дуранд өртсөн нь тэдний харилцааг баталгаажууллаа. Хосууд ижилхэн саарал футболка өмсөн, шампанск шимэн, нарлаг өдрийг хамтдаа тухлан өнгөрөөж байжээ.

Хоёуланг нь анх энэ оны гуравдугаар сард Нью-Йорк хотод шөнө хамт явж байхыг харснаар цуурхал анх гарчээ. Тухайн үед олон улсын хэвлэлүүд тэднийг “маш дотно” байсан хэмээн мэдээлж, фэнүүдийн анхаарлыг татаж байв. Харин Венец дэх халуухан агшныг харуулсан зураг нийтэд цацагдсанаар цуурхал оргүй биш болох нь тодорхой болов.

Тэгвэл Нэт Вулфф гэж хэн бэ?
Нэт Вулфф нь 1994 оны 12-р сарын 17-нд Лос Анжелест төрсөн Америкийн жүжигчин, хөгжимчин юм. Тэрбээр “The Naked Brothers Band” хэмээх Nickelodeon сувгийн өсвөр насныханд зориулсан цувралаар алдартай болсон бөгөөд уг цувралыг түүний эх, найруулагч Полли Дрейпер бүтээсэн. Нэт дүү Алекс Вулффийн хамт уг шоуны гол дүрд тоглож, бага насандаа олны танил болсон билээ.

Үүнээс хойш тэр “The Fault in Our Stars”, “Paper Towns”, Netflix-ийн “Death Note” зэрэг олон бүтээлд амжилттай тоглож, жүжигчний хувьд байр сууриа бэхжүүлсэн. Түүнчлэн, тэр дүүгийнхээ хамт хамтлаг байгуулж, Black Sheep, Public Places, Table for Two зэрэг цомгууд гаргасан уран бүтээлч юм.

Харин Билли, Нэт хоёрын холбоо зөвхөн хайр дурлалд төдийгүй уран бүтээл дээр ч үргэлжилж байна. 2024 онд Нэт Билли Айлишийн найруулан, дуулсан "Chihiro" дууны клипэнд тоглосон бөгөөд мөн түүний “Hit Me Hard and Soft” аялан тоглолтын Хойд Америк дахь тоглолтын үеэр нээлтийн тоглолт хийжээ. Тэдний бүтээлч хамтын ажиллагаа дотно нөхөрлөл болон хувирч, улмаар романтик харилцаанд хүрэв бололтой.

Билли Айлиш өмнө нь реппер Брэндон “Q” Адамс, жүжигчин Мэттью Тайлер Ворс болон The Neighbourhood хамтлагийн дуучин Жэсси Рутерфорд нартай нэр холбогдож байсан. Тэрээр 2022-2023 онд Рутерфордтэй үерхэж байсан бөгөөд өөрийгөө бисексуал гэдгээ ч олон нийтэд нээлттэй илэрхийлдэг.