UBLife Logo
Сэтгэл судлал

Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сар: Анхаарах ёстой 8 өрөөсгөл ойлголт

Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сар: Анхаарах ёстой 8 өрөөсгөл ойлголт

Сүүлийн жилүүдэд TikTok, Instagram, YouTube зэрэг платформуудын нөлөөгөөр сэтгэцийн эрүүл мэндийн тухай яриа илүү нийтлэг, нээлттэй болж байна. Ялангуяа залуу үеийнхэн өөрсдийн мэдрэмж, туршлага, зөвлөгөөг илэн далангүй хуваалцаж, "сэтгэл зүй" гэх сэдэв нийтлэг хэрэглээнд нэвтэрлээ.

Гэвч нөгөө талдаа энэ урсгал мэдээллийн дунд мэргэжлийн бус, эх сурвалж нь тодорхойгүй, эсвэл хэт өрөөсгөл ойлголтууд түгэх нь элбэг. Тэр дундаа эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудал, тэдний мэдрэмжийн тухай яриа олон нийтийн сүлжээнд нэг тал руу хэлбийх нь бий.

Зургаадугаар сар бол дэлхийн эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих сар. Тиймээс энэ сэдвийг бодитоор харж, дараах өрөөсгөл ойлголтуудыг таньж мэдэх нь чухал юм.

1. “Жинхэнэ эр хүн сэтгэл хөдлөлөө харуулдаггүй”

Энэ ойлголт нийгмийн хүлээлтээс үүдэлтэй хамгийн түгээмэл төөрөгдөл. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь сул дорой, эмзэг гэсэн үг биш. Харин ч энэ нь дотоод ухамсраа ухаж ойлгож, эрүүл харилцаа бий болгоход зайлшгүй хэрэгтэй чадвар юм.

2. “Сэтгэцийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог”

Судалгаагаар харахад амиа хорлох эрсдэл хамгийн өндөр байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. Гэтэл тэд тусламж эрэлхийлэх нь маш бага. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийг хүйсээр ялгаварлан ойлгож ирсний үр дагавар.

3. “Архи уугаад л мартагддаг шүү дээ”

Архи болон согтууруулах ундаагаар аливаа асуудлыг мартах гэж оролдон, дотроо хадгалах нь асуудлыг шийдэх бус түр зуур “бүрхэх” хэлбэр юм. Удаан хугацаандаа сэтгэл гутрал, донтох эмгэг, гэр бүлийн асуудалд хүргэж болзошгүй.

4. “Спортлог, ажилсаг залуус сэтгэл зүйн ямар ч асуудалгүй байдаг”

Гадаад үзэмж, амжилттай карьер, идэвхтэй амьдралын хэв маяг нь сэтгэл зүйн асуудалгүй гэсэн баталгаа огтхон ч биш. Маш олон залуус дотроо нуугдсан гуниг, дарамтаа инээмсэглэл дор нууж яваа нь нийтлэг үзэгдэл.

5. “Тусламж хүсэх нь ичгэвтэр зүйл”

Сэтгэл зүйн зөвлөгөө авах, сэтгэл засалд хамрагдах нь ичмээр зүйл гэх ойлголт их бий. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэхээр болоход ч хүмүүс буруу хандлага гаргаж, тухайн хүний эрмэлзлийг мохоох хандлага их гаргадаг.

6. “Эрчүүд асуудлаа өөрсдөө шийдэх ёстой”

"Эр хүн бол шийдвэр гаргагч, тулгарах бэрхшээлээ дотроо л зохицуулах ёстой" гэх хүлээлт олон хүнд дарамт болдог. Гэтэл сэтгэл зүйн асуудал бол ганцаараа туулах сорилт биш. Тусламж эрэлхийлэх нь чадваргүй байдал бус, харин ухаалаг, зоригтой алхам юм. Бусдаас дэмжлэг авах нь асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй зам байж болно.

7. “Эрэгтэйчүүд сэтгэлээ нээн ярихдаа муу байдаг”

Үнэндээ энэ бол нийгмийн зүгээс өгсөн дуугүй байх дарамт юм. Эрчүүд сэтгэлээ илэрхийлж, өөрийгөө ойлгох орон зай, дэмжлэгтэй бол тэд ярьж чадна. Гол нь хүлээн авч, сонсож, ойлгох нь л хамгийн чухал.

8. “Сэтгэл зүйчид зөвхөн хүнд тохиолдолд ханддаг”

Сэтгэл зүйчид хандах нь “сэтгэлээр унасан” үед төдийгүй амьдралын том шийдвэр гаргах, өөрийгөө илүү ойлгох, харилцаагаа сайжруулах зэрэг олон нийтлэг сэдэвт тохиромжтой байдаг. Энэ бол урьдчилан сэргийлэх, өөртөө туслах нэг хэлбэр юм. Та аливаа асуудлыг хүндрэхээс нь өмнө ярилцаж, ойлгож, хэрхэн даван туулахаа олж мэдэх боломжтой.


Эрэгтэй хүүхдүүдийг ч бид багаас нь уйлж болохгүй, хатуу чанга байх ёстой зэргээр мэдрэмжийг нь дарж өсгөдөг нь өнөөгийн олон хүнд асуудлуудын нэгэн том шалтгаан болж байна. Эрэгтэй хүн ч бас дотоод зөрчлөөс болж зовдог, мэдэрдэг, эмзэглэдэг боловч ихэнхдээ дуугүй өнгөрөхийг сонгосоор байна. Тэдний дуу хоолойг сонсох, ойлгох, дэмжих орчинг бүрдүүлэх нь зөвхөн эрэгтэйчүүдэд хамаарах бус, бид бүгдийн үүрэг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.