45 удаа Эзэн хааны цом өргөсөн, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо өнөөдөр Сүмо бөхийн холбоонд ажиллах сүүлийн өдөр. Манай бөх өнөөдөр Токио хотод хэвлэлийн бага хурал хийлгэж, холбооноос гарах болсон шалтгаан, цаашдын зорилгоо ярих болно. Ямар үг хэлэх вэ гэдэг нь олон нийтийн анхааралд байгаа юм.
Хакүхо Миягино ояката холбооноос гарах хүртэлх он цагалбар
2021.09.30 – Их аварга Хакүхо зодог тайлж, Магаки ояката нэрээр холбоонд үлдлээ. Их аваргын ёсоор өөрийн нэрээр дэвжээ нээх ёстой байсан ч холбоо зөвшөөрсөнгүй. Бүр “Тангаргийн бичиг” бичүүлж байж, ояката болох зөвшөөрөл өгч байлаа.
2022.07.28 – Миягино нэрийг авч, тус дэвжээг өвлөн авлаа.
2022.08.21 – Хуучин Азүмасэки дэвжээнд нүүж, шинэ дэвжээгээ сэтгүүлчдэд танилцууллаа. Нихонбашид дэвжээний шинэ барилга барих төлөвлөгөөтэй гэдгээ илэрхийлжээ.
2023.01.25 – Очиай буюу одоогийн Хакүоохо макүшитагаас ганц башё барилдаад жюүрёод дэвшиж, түүхэн амжилт тогтоов.
2023.01.28 – Зодог тайлах ёслолоо хийж, хоёр орны алдартнууд цугларлаа.
2024.02.21 – Миягино дэвжээний маэгашира асан Хокүсэйхо хоёр залуу бөхөд хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарлаа.
2024.02.23 – Холбооноос Хакүхог хоёр шат буулган шийтгэж, цалингийн 20 хувиар гурван сар торгох шийтгэл оноов.
2024.02.28 – Миягино дэвжээг удирдах ажлаа өгч, Магаки ояката дэвжээг удирдах боллоо.
2024.03.28 – Миягино дэвжээ хаагдаж, дэвжээний 19 хүн Исэгахама дэвжээнд шилжлээ.
2024.04.28 – Исэгахама дэвжээнд нэгдэн, өөрөө маваши углан, бөхчүүдтэй бэлтгэл хийж эхлэв.
2024.05.29 – Миягино дэвжээнд байсан 4 залуу бөх өөр дэвжээнд барилдах хүсэлгүй хэмээн зодог тайлжээ.
2025.06.02 – Холбоонд өгсөн байсан ажлаас гарах өргөдлийг Сүмо бөхийн холбоо хүлээн авснаар энэ сарын 9-нд гарахаар боллоо.
2025.06.07 – Монголоос Токиод эргэн ирж, 9-нд болох хэвлэлийн хурал дээр бүгдийг ярина гэж мэдэгдлээ.