UBLife Logo
Кино

Монгол “Чингачгук” Гойко Митич 85 нас хүрлээ

Монгол “Чингачгук” Гойко Митич 85 нас хүрлээ

Сербийн жүжигчин Гойко Митич бол хуучин социалист орнууд дотроо Сильвестр Сталлоне гэж нэрлэхэд болох жүжигчин. Митич л Зүүн Европын улсуудын кино ертөнцөд боевик эр байлаа. Ялангуяа тэр индиан дүрээрээ алдартай.

Индиан аймгийн удирдагч Чингачгукийг социалист орны үзэгчид түүгээр л төсөөлдөг байлаа. Гойко Монголд 1983 онд ирж, “Газарчин” кинонд тоглож байлаа. Энэ киноны найруулагчаар Конрад Петцольд, Жамьянгийн Бунтар нар ажиллаж, гол дүрд нь Н.Батцэцэг тоглож байв.

Домогт “Чингачгук” Гойко Митич олон жил Германд амьдарч байгаа. Тэнд 85 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байна. Митич одоо ч өөрийгөө жинхэнэ индиан хүн гэж боддог хэвээр. Энэ бол тоглоом биш. Америкийн индианууд түүнийг овогтоо хүлээн авч, “Чоно” нэр хайрлаж байсан юм.

Гойко 1940 оны зургаадугаар сарын 13-нд Югославын Стройковце тосгонд төржээ. Багаасаа спортоор хичээллэж, завины төрлөөр Югославын шигшээд багтаж байлаа. Спортын амжилт нь кинонд индиан удирдагчийн дүр бүтээхэд их тус болсон гэж тэр дараа нь ярьж байв.

1960 онд Митич Белградын Биеийн тамирын дээд сургууль дүүргэж, дасгалжуулагчаар ажиллах гэж байлаа. Тэр үед Белград хотод Их Британийн “Lancelot” киноны зураг авалт явагдаж байв. Митич бөөний хэсгийн зурагт оролцож байтал хэн нэг нь түүнийг Ланселотын дүрийг бүтээж байсан жүжигчинтэй тун адилхныг олж харжээ. Ингээд түүнд орлон тоглогчийн санал тавьж, Митич үүргээ гялалзтал биелүүлсэн түүхтэй. Энэ үеэс эхлэн түүний гэрэл зураг сэтгүүл дээр гардаг болж, нэг нартай өдөр Зүүн Германы ДЕФА студийн тэргүүн Ханс Малихийн нүдэнд өртсөн байна.

Ханс Малих түүнээс морь унаж чаддаг эсэхийг нь асуухад Гойко “Хэр унаж чаддагаа хэзээ ч ахруулахад бэлэн байна” гэж германаар хариулсан гэдэг. Мориндоо сайн, герман хэлтэйг нь мэдсэн Ханс “Токей Итогийн төлөө” гээд хундага өргөсөн нь “Die Söhne der großen Bärin” киноны гол баатрын нэр байлаа. Энэ кино залуугийн хувь заяаг шийджээ. Гойко Зүүн Германд байнга амьдрахаар нүүж, кино нь 1986 онд театруудад гарлаа. Маш их амжилт олж, ингээд индиан Митичийн социалист ертөнцийн Чингачгук болох замнал эхэлсэн юм. Америк кино үздэггүй байсан Зүүн Европын хүүхдүүдэд тэр жинхэнэ индиан дайчин байлаа.

Энэ нь америкчуудад таалагдсангүй. Холливудаас АНУ-д Митичийн киног гаргахыг хориглож байлаа. Гэхдээ Митичийн кино Америкт ямар ч гэсэн гарсан. Зүүн Германы соёлын нийгэмлэгээс Америкийн индианчуудад “Die Söhne der großen Bärin” киноны хуулбар бичлэгийг бэлэглэжээ. Киног үзсэн уугуул нутгийнхан сэтгэл нь хөөрч, хэд хэдэн мужид бослого гаргалаа. XX зуунд гарсан индианы хамгийн том хөдөлгөөн гэж сонинд бичиж байлаа. Дараа нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос БНАГУ-ын тусгай албанаас индианчуудад зэр зэвсэг дамжуулсныг тогтоосон гэж мэдэгдсэн. Нууц ажиллагааг амжилттай болгохын тулд Митичийн киног индианчуудад үзүүлсэн гэж ХМТ мэдээлж байлаа. Нэг үгээр хэлэхэд бослогын хамгийн том шалтгаан нь  “Die Söhne der großen Bärin” кино болж таарсан юм. Босогчдын эсрэг цагдаа, явган цэрэг, хуягт, нисдэг тэрэг ашиглаж, маш харгисаар нухчин дарсан байдаг. Энэ явдлаас болоод алдарт Марлон Брандо Оскарын шагналаасаа татгалзаж байсан юм.

Гойко Митич маш олон кинонд тоглосон. Испани коммунист, Ромын гладиатор, итали мафи, америк сансрын нисэгч, Зөвлөлтийн тагнуул гээд л түүний бүтээсэн дүр хөвөрнө. Гэхдээ индианы дүрийг нь аль нь ч гүйцэж чадаагүй. Гойко нийт 13 индиантай кинонд тоглосны дотор “Чингачгук”, “Оцеола”, “Шонхрын нүд” гээд сонгодог бүтээлүүд бий.

85 нас хүрсэн Гойко одоо бүх дүрээ орлон тоглогчгүй бүтээсэн, нэг ч удаа хүнд гэмтэж байгаагүй гэдгээрээ бахархдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.