АНУ-ын 11 хотод болж буй, зургадугаар сарын 14-нд эхэлсэн хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий (FIFA Club world cup 2025) хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөж, хасагдах шатанд шалгарсан шилдэг 16 багийн нэрс бүрэн тодорлоо.
А хэсэг:
Бразилийн "Палмейрас" нэгээр Мессигийн тоглодог, АНУ-ын "Интер Майами" хоёроор гарав. Португалын "Порту", Египетийн "Аль Ахли" багууд ч муугүй тоглов. Хоёр хоёр тэнцэж, ганц ганц хожигдоод мултарлаа.
В хэсэг:
Энэ хэсэгт Бразилийн "Ботафого" энэ жилийн Европын "Аваргуудын лиг"-ийн аварга Францын "Пари Сен Жермен" -ийг буулган авсан. Харин бразилчууд Испаний "Атлетико Мадрид"-ыг барсангүй. "ПСЖ" нь "Атлетико"-г 4:0 -ээр бут ниргэсэн. Энэ гурав гурвуулаа АНУ-ын "Сиэтл"-ийг хожсон, бас гурван биеээ тойрч хожсон тул бөмбөгний зөрүүгээр "ПСЖ" нэгээр, "Ботафого" хоёроор гарч Испаний төдийгүй Европын шилдэг багуудын нэг "Атлетико" нутаг буцлаа.
С хэсэг:
Бүгдийн таамаг ёсоор Германы супер "Бавари" хэсгээсээ гарсан, гэхдээ хоёроор. Сүүлчийн тоглолтод Португалын түүхт баг "Бенфика"-д баваричууд хожигдсоноор домогт Эйсебиогийн төрөлх "Бенфика" баг нэгээр шалгарсан. Харин Марадонагийн унаган баг Аргентиний алдарт "Бока Хуниорс" португалчуудтай тэнцэж, Германы багтай ана мана үзэж байгаад тоглолтын сүүлд гоол алдаж хожигдсон төдийгүй энэ тэмцээнд оролцож буй сонирхогчдын статустай цорын ганц баг болох Шинэ Зеландын "Окленд сити"-тэй мөн л "ана мана" үзээд барсангүй тэнцэж, тэмцээнээ гунигтай өндөрлүүллээ.
D хэсэг:
Бразилийн хамгийн алдартай баг болох "Цагаан Пеле" Зикогийн төрөлх баг "Фламенго" асуудалгүй хоёр дараалу хожоод л хэсгээс нэгээр эрхээ аль эрт баталгаажуулсан. Английн "Челси"-г 3:1-ээр төвөггүй хожсон, "Фламенго". Хоёроор "Челси" АНУ-ын "Лос Анжелес", Тунисын "Эсперансе" гээд сулхан багуудыг хожиж гарлаа.
Е хэсэг:
Италийн "Интер" нэгээр гарсан. Гол өрсөлдөгч Аргентиний "Ривер плэйт"-ийг 2:0-ээр италичууд хожсон. Харин Серхил Рамос тэргүүтэй Мексикийн " Монтеррей" Аргентин, Италийн супер багуудтай тэнцэж, Японы "Урава ред даймондс"-ийг бут ниргэн шилдэг 16-д шалгарлаа.
Японы баг "Интер"-тэй тун сайн тоглож, 1:1 тэнцүү яваад 90+2 минутад гоол алдаж харамсалтай хожигдсон доо.
F хэсэг:
Германы "Борусси Дортмунд", Бразилийн "Флуминенсе" багууд нэг, хоёроор тооцоолж байснаар гарлаа.
Өмнөд Африкийн "Мамелоди сандаунз" дажгүй тоглож хожилтой, тэнцээтэй, хожигдолтой буцлаа. Харин БНСУ-ын "Улсан Эйч Ди" ганц ч оноо авч чадсангүй.
G хэсэг:
Английн "Манчестер сити" хэсгийн тоглолтод оноо алдаагүй ( гурав тоглоод гурван хожил) цорын ганц баг болов.
Энэ хэсгээс Италийн "Ювентус" хоёроор гарлаа.
Мэдээж ийм хоёр том " акултай" нэг хэсэгт орсон АНЭУ-ын " Аль Айн", Мароккогийн "Видад" багуудад боломж олдсонгүй.
Н хэсэг:
Испаний "Эзэн хааны" гэгддэг "Реал Мадрид" мэдээж нэгээр гарлаа. Гэхдээ тэд Саудын Арабын " Аль Хилаль"-тай бол арай гэж тэнцсэн. Арабууд тоглолтоор бол хамаагүй илүү байсан даа.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг "мөнгөөр зодон" лигтээ цуглуулж буйн нөлөө гарч " Аль Хилал" шилдэг 16-д шалгарлаа. Хэсгийн тоглолтод тэд хоёр тэнцээ, нэг хожил авч хожигдол амсаагүй явна.

Хэсгийн 48 тоглолт явагдаж, 143 гоол орсон. Нэг тоглолтод дунджаар 2,98 гоол орж буй нь тун сайн үзүүлэлт.
Мөн нэг тоглолтод дунджаар 34,759 үзэгч гэдэг ч муугүй.
ТВ-ийн дамжуулалт, бусад тивийн үзэгчдийн боломжит цагийг харгалзан тоглолтууд өдрийн цагаар болж буй нь үзэгчдийн тоонд нөлөөлж байгаа.
Гэхдээ одоо хасагдах шатны "гал гарсан" тоглолтууд үзэгчдийн тоог ихээхэн өсгөх нь гарцаагүй.
Зургаан тив, бүсийн төлөөлөл шилдэг 32 баг оролцсон энэ тэмцээний хасагдах шат буюу шилдэг 16-д Бразилийн дөрөв, Англи, Герман, Италийн тус бүр хоёр, Испани, Франц, Португал, Мексик, АНУ, Саудын Арабын тус бүр нэг баг шалгараад байна.
Тивээр бол Европын 9, Өмнөд Америкийн 4, Хойд Америкийн хоёр, Азийн нэг баг.
Хасагдах шатны тоглолт зургадугаар сарын 28-нд 12:00 цагаас ( Америкийн зүүн бүсийн цагаар) Бразилийн хоёр багийн ( Палмейрас-Ботафого) халз тулаанаар эхэлнэ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин