Мэргэжлийн сүмо бөхийн 75 дахь ёкозүна Ооносато төрсөн нутагтаа ёкозүна цолын баяраа тэмдэглэж, жагсаал хийлээ. Ишикава мужийн Цүбата хотод болсон тус жагсаалыг 37 мянган хүн үзэж сонирхжээ. Ишикава мужаас 1973 оны Важимагаас хойш төрсөн анхны ёкозүна болсон Ооносато ояката багшийнхаа хамт задгай машинд суун, нутгийнхаа олонтой мэндчиллээ.

Парадын дараа болсон хүлээн авалт дээр Ооносатод Ишикава мужийн хүндэт иргэн, Цүбата хотоос мөн хүндэт иргэний шагналаа гардууллаа.

Ооносато бага ангиасаа сүмо барилдаж, Биеийн тамирын дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа оюутны ёкозүна цол хүртсэн. Харин 3, 4 дүгээр дамжаанд сонирхогчдын ёкозүна болж, макүшитагийн арваас барилдах эрх авсан. 2023 оны тавдугаар сараас мэргэжилд барилдаж, нийт 4 түрүүлээд байна. Нийт 16 башё барилдаад ёкозүна болсон нь түүхэн амжилт юм.