UBLife Logo
Спорт

"Алтан Цом"-ын төлөө

"Алтан Цом"-ын төлөө

Хоёр жил тутам болдог "Concacaf Gold cup" буюу Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Алтан цом" 2025 оны тэмцээний шөвгийн наймын тоглолт эхэллээ.

"Алтан цом" нь 1991 оноос хойш 18 дахиа зохиогдож буй бөгөөд өнгөрсөн 34 жилийн хугацаанд ердөө гурван баг л (Мексик 9 удаа, АНУ 7 удаа, Канад 1 удаа) энэхүү тэмцээнд түрүүлж байжээ.

Өмнөд Америкийн шилдэг багууд болох Бразил, Колумбын шигшээ багууд урилгаар оролцсон ч түрүүлж байгаагүй гэхээр довныхондоо ээлтэй, "гадныханд" жаахан халтай тэмцээн гэж болохоор. Энэ жил өөр тивээс Саудын Араб урилгаар оролцохдоо "ногт ганзагалаж" ирсэн, одоогоор шөвгөрөөд "Алтан цом"-ын дархан аварга Мексиктэй шөвгийн наймд таараад байна. Мөн Панама-Хондурас, Канад-Гватемала, АНУ-Коста Рика хагас шигшээд үлдэхийн төлөө халз үзнэ.

Миний хувьд энэ тэмцээнийг долоо дахь удаагаа сурвалжилж байгаа бөгөөд "Алтан цом" дээр л харж болдог жижигхэн арал улсууд, өвөрмөц орны шигшээ багуудын тоглолт илүү их анхаарал татдаг.

Энэ жил хэсгээсээ шалгараагүй ч Суринам, Курасао, Гваделупын шигшээ тун дажгүй тоглолт үзүүлсэн.

Францын харьяанд байдаг Гваделуп нь 370 орчим мянган хүн амтай ч хөлбөмбөгийн түүхэнд Лилиан Тюрам, Мариус Трезор, Жоселин Англома (Бүгд Францын шигшээд тоглож байсан Гваделуп гаралтай тоглогчид) нарыг бэлэглэсэн арал.

Англом гэхэд л Гваделуп, Францын шигшээд аль алинд нь тоглож байсан, 2007 онд нас Гваделупийн шигшээг "Алтан цомын" хагас шигшээд шалгарахад гол тоглогч байсныг Чикагод дэргэдээс харж байсан юм. Тэгвэл мань хүн одоо шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагч хийгээд явж байна.

Бас хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх, дээд зэрэглэлийн дасгалжуулагч Курасаогийн шигшээг удирдаж байна.

Өмнөд Америк тивээс, бүүр тодруулбал Венесуэлээс ердөө 65 км, Карибын тэнгисийн өмнө хязгаарт орших 150-хан мянган хүн амтай энэ арал улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Холланд, Бельги, ОХУ, БНСУ, АНЭУ, Серби зэрэг орны шигшээ багийг дасгалжуулж байсан холланд мэргэжилтэн "жижиг генерал" хочит Дик Адвокат ажиллаж байна.

Суринам гээд мөн л Холландын эрхшээл байсан Өмнөд Америкийн хойд захад оршдог 600 гаруй мянган хүн амтай улсын хөлбөмбөгчид бол үнэхээр бие бялдар, хурд хүч сайтай, үзүүштэй гоё тоглодог.

Та бүхэн Рууд Гуллит, Франк Райкаард, Эдгар Давидс, Кларенс Зеедорф, Патрик Клюйверт  нарыг мэднэ. За сүүлийн үеийнхнээс Жиоржино Виналдум, Виржил ван Дейк, Райан Гравенберх гээд. Бүгд суринам цустай тоглогчид. Өшөө ч олныг нэрлэж болно. Зеедорф, Давидс нар бүүр Суринамд төрсөн гэж байгаа.

Ийм л сонин содон түүхтэй, сонирхолтой шигшээ багуудын тоглолт анхаарал татахаас ч яахав.

Мексик,Канад, АНУ гээд жил хүрэхгүй хугацааны дараа ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах гурван улсын шигшээ багууд "Их сорилго"-оо хийж, тун ч ширүүн байна. Гоё гоё тоглолтууд болноо, болно.

ФИФА-ийн Клубуудын ДАШТ давхцаад байгаа ч "Алтан цом" тэмцээнийг дунджаар 20 мянга орчим хүн цэнгэлдэхэд үзэж байгаа. Одоо шөвгийн наймд энэ тоо улам өсөх нь гарцаагүй.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.