UBLife Logo
Урлаг

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” бүтээл Локарногийн кино наадамд сонгогдлоо

Найруулагч П.Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” бүтээл Локарногийн кино наадамд сонгогдлоо

Найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “Урагшаа харсан цонх” бүтээл Швейцарийн “Локарно кино наадам”-ын богино киноны уралдаант хэсэгт сонгогдсон байна. Уг кино наадам өнөө жил 78 дахиа зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын “Гуру Медиа”, Францын “Аврора Филмс” компантийн ээлжит хамтын бүтээл “Урагшаа харсан цонх” кино ирэх наймдугаар сард болох дээрх кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийхээр болжээ.

“Локарно кино наадам”-ын богино киноны уралдаант хэсэг нь киногоор дамжуулан улс үндэстэн, үе хоорондын дундах харилцааг бий болгох, холбох, мөн дэлхийн кино урлагийн ирээдүйг тодорхойлох залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уралдаан юм. Энэ жил тус уралдааны 3 бүлэгт 25 орны 40 кино бүтээл сонгогдон, шагналын төлөө өрсөлдөж байна.

“Урагшаа харсан цонх” киноны тухайд, хүйтэн, хөндий болсон харилцаагаа эргүүлэн аврахаар хичээж буй залуу хос хэрхэн бие биенээ ойлгон, асуудлаа даван туулж буйг нэмэлт хачиргүй, уран сайхны энгийн өгүүлэмжээр дүрсэлсэн бүтээл юм. Киноны гол дүрд Мөнхбатын Аззаяа, Мөнхнасангийн Алтаншагай, туслах дүрд Цогбадрахын Оюунцэцэг, Бат-Оршихийн Одгэрэл, Сүхбаатарын Сарангэрэл, Шагдаржавын Батбаяр нар оролцон тоглосон байна.

Киноны продюсераар Катя Хакак (Аврора Филмс), Х.Оюундарь (Гуру Медиа), зураглаачаар Vasco Viana (Португал), камерийн 1-р туслах SELMA Lopes (Португал), дууны инженер Benjamin Silvestre (Франц) болон бусад Монгол, Франц, Хонг Конгийн нийт 50 гаруй уран бүтээлчид хамтран ажилласан.

Сонирхуулахад, кино найруулагч, зохиолч П.Лхагвадулам нь 1989 онд төрсөн. Турк улсын Dokuz Eylul University-ийг кино найруулагчаар дүүргээд МҮОНРТВ-д мэргэжлээрээ ажиллаж, мөн Кино Урлагийн Дээд сургуульд багшилсан. Улмаар Европын KinoEyes-ийн мастерийн хөтөлбөрийг кино зохиолчоор төгссөн ба одоо Португалийн Лисбоны Их Сургуульд кино зохиолчоор докторын зэрэг горилон суралцаж байна. Тэрбээр:

-“Шилүүс” богино хэмжээний кино, 2020 (Каннын кино наадмын Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарсан)

-“Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино, 2022 (Венецийн кино наадмын Богино хэмжээний киноны уралдаант хэсгээс Алтан Арслан шагнал, Торонтогийн кино наадмын Шилдэг богино хэмжээний кино шагналыг тус тус хүртсэн)

-“Сэр Сэр Салхи” бүрэн хэмжээний уран сайхны кино, 2023 (Венецийн кино наадмын Орризонти хэсгээс Шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн)

- “Урагшаа Харсан Цонх” богино хэмжээний кино, 2025 (Локарногийн кино наадмын Богино хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарсан) кино бүтээлүүдийн найруулагчаар ажилласан туршлагатай.

Продюсерийн тухай:

Гуру Медиа продакшн нь Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний киног дэлхийд таниулан сурталчлах, энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой ажилладаг билээ. Сүүлийн жилүүдэд “Алсын удирдлага”, “Хэвтрийн хүн”, “Сайнхүү”, “Есдүгээр сарын цас”, “Сэр Сэр Салхи”, “Чоно үүр шөнөөр ирдэг”, “Зогсоол” зэрэг уран сайхны болон баримтат кинонуудыг гадаад, дотоодын уран бүтээлчидтэй хамтран амжилттай гүйцэтгэсэн байна.

“Урагтаа харсан цонх” кино төсөл нь анх 2023 онд Азийн кино уран бүтээлчдийг дэмжих зорилготой зарлагдсан Хонг Конгийн Asian Film Awards Academy-ийн дэргэдэх International Film Camp хөтөлбөрт сонгогдон, продакшний тэтгэлэг авч бүтээгдсэн. Тус хөтөлбөрийн ээлжит тэтгэлэг яг одоо зарлагдсан байгааг энэ дашрамд Монгол уран бүтээлчиддээ сануулан хэлье. Хөтөлбөрийн цахим мэдээлэл:

https://www.afa-academy.com/round/ifc/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.