Жил бүрийн Үндэсний Их баяр наадмын өмнө тасалбар худалдаж авна гэдэг багагүй шандас сорьдог ажил билээ.
Тасалбар борлуулалтын сайт нь гацаатай, хоосон суудлууд нь хэдхэн минутад дүүрчихдэг нь гачлантай.
Өнөө жил ч гэсэн мөн л дээрх жишгээр Улсын наадмын тасалбар аманд ч үгүй, хамарт ч үгүй дууслаа. Тасалбарын анхдагч үнэ 52500-157500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэвч шагийн үнэ хэд болж өсөхийг таахын аргагүй билээ.
Ямартаа ч жил бүр л Улсын наадмын тасалбар авах гэдэг зовлонгийн шинжтэй ажил болчихлоо. Дотоодын бид ч яах вэ, гэрээсээ зурагтаараа үзсэн ч болно. Харин гадаадаас зорин ирэх жуулчид, тэдгээрийг эх орондоо авчирч буй зуучлагч компаниудад л тодорхой бус төвөгтэй нөхцөл байдалтай нүүр тулах юм.
Үнийн мэдээлэл тодорхой, ойлгомжтой байж л хүмүүс манай улсыг зорин ирэх эсэхээ шийдэх учиртай. Тэгтэл наадмын тасалбар хэд хүрэхийг хэлж мэдэхгүй байна гэдэг шуудхан хэлэхэд аяллын компаниудын нүүрийг нь улайлгаж байна. Энэ таагүй жишгийг хэн гэдэг дарга, хэзээ зохицуулахыг харин бид таашгүй.
