Наран ээсэн дулаан өдрүүдтэй зэрэгцэн урлагийн салхи Дундговь аймгийг дайран өнгөрлөө. Байгаль, хүн, урлагийн уулзвар дээр 10 гаруй хоногийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд амжилттай өндөрлөлөө.

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.




Финландын уран бүтээлч Элина Холли Цагаандэлгэр сумын байшин дээрх гадаах ханыг “Petals in the Sand” хэмээх байгаль, үлгэр, соёл гурвыг нэгтгэсэн уянгалаг дүрслэлээр дүүргэсэн билээ. Түүний зурсан цэцгүүд бүгд Монголд ургадаг, эхлээд харахад жижигхэн, хүн бүрийн тэр их анхаардаггүй боловч ойртон харвал ямар үзэсгэлэнтэй, хосгүй болохыг тодотгож, ханыг дүүргэсэн нь байгаль орчноо анзаарах, түүнийг хайрлан хамгаалах мэдрэмжийг давхар тээсэн юм.



Францын уран бүтээлч Фред Мартин сумын төвд байгалийн бүтэц, хүний оролцоог шингээсэн “The Wandering Face” инстоляц байршуулж, сумын иргэдийн дурсамж, хөдөлгөөнөөс бүтээлээ сэдсэн юм. Түүний бүтээл иргэдийн үйл хөдөлгөөн дунд бүрэн амилах бөгөөд зогсолтгүй хөдөлгөөн, хувьсан өөрчлөлтийг мэдрүүлсэн юм. Иргэдийг оролцуулан нүүрний хэв авч үлдээсэн нь бүтээлдээ тухайн соёл, орчныг хэрхэн хүндэтгэж, оролцуулж буйг харуулсан билээ.




Австрийн уран бүтээлч Линус Риплерийн бүтээл “The Space in Between” говийн салхинд нэгэн бүхэл болж, нар салхи, бороонд ч иргэдийн очиж, хоргодож, сонирхож болох нөмөр болон үлдсэн билээ. Энэ нь түүний анхны гадаад орон зайд хийсэн бүтээл байсан бөгөөд хонины ноосыг ашиглан бүтээсэн ханаараа дамжуулж нүүдэлчин ард түмний амьдрал, соёлыг орон зайтай хэрхэн холбож болохыг харуулахыг зорьсон билээ.




Германы уран бүтээлч Маркус Гришзок орон нутгийн хүүхдүүдтэй хамтран стоп моушн кино бүтээж, тэдэнд дүрсээр ярих ур чадварыг зааж өгсөн нь хүүхдүүдийн хувьд шинэ мэдрэмж, урам зориг болсон. Мөн тэрээр өөрийн богино хэмжээний киног байгаль дээрх эд материалуудыг ашиглан бүтээсэн юм. Түүний “Алмас” бүтээл нь өөрийгөө эрж хайх, танин мэдэх тухай болоод эх дэлхийгээ хайрлаж, усыг нандигнах, өөрсдийн үнэ цэнтэй, нандин зүйлийг хайрлан хамгаалах сэдвийг хөндсөн юм.




Монголын уран бүтээлч Р.Чинзориг “Мэлмий” нэртэй ханын зургийг сумын төвийн худгийн ханан дээр туурвисан нь байгаль орчин, усаа хайрлан шүтэх, хүн болоод байгалийн харилцааг илэрхийлэх гүн утга агуулга бүхий бүтээл болж хүрсэн юм. Зургийг нягтлан харах тусам та түүнээс Монгол соёл, уламжлал, байгаль орчны хэлхээг улам бүр ойлгож, цаадах түүхийг нь өөрийн мэдрэмжээр хүлээн авч ойлгох болно. Усаа дагаж, усаа нандигнаж, зөв зохистой хэрэглэж байж бид өв уламжлалаа хадгалж сайн сайхан амьдрах боломжтой гэсэн санааг бүтээлдээ тусгажээ.




Г.Мишээл говийн хөрс, түүх, дуугүй орон зайд бүжгээр хариулт өгөв. Хүн, байгаль бөгөөд ертөнц бүхэлдээ үүрдийн хөдөлгөөн дунд оршдог билээ. Хүүхдүүдтэй хамтран олон хоногийн турш бэлдэж, дэглэсэн “Wild White Wide Opened” бүжиг нь хүмүүсийн хайрыг татахын сацуу, хог хаягдлаас бүтээсэн даашинз болоод хөдөлгөөн бүрээрээ чухал утга санааг үзэж буй хүмүүст илгээж байв. Монгол нүүдэлчид байгальдаа хэрхэн зохицож, хамтран оршдогийг, орчин үеийн хөгжил цэцэглэл дунд ч бид өнгөрснөө мартах ёсгүйг, шинэ залуу үеийн хүүхэд залуустаа тэр бүх мэдлэг, мэдрэмж, өв соёлоо өвлүүлэн үлдээхийн чухалыг тэр хөндөв.




М.Мөнх-Эрдэнийн “Усан солир” бүтээл газарт унасан солирын биетийг илэрхийлэх бөгөөд амьдралын эх булаг болох усыг тээж ирснээр биежүүлэн бүтээж, сумын төвийн зүрхэн хэсэгт байрлуулсан юм. Солирын доод хэсэг нь хүүхэд, залуусын хамт өвс, цэцэг тарьж, эко сургалт зохион байгуулах талбай болж өгсөн. Ингэснээр хүмүүст гар хүрч, хөрсийг мэдэрч, амьдрал тарьж сурах орон зайг өгсөн билээ.




Ц.Солонго орон нутгийн багачуудтай хамтран зургийн баялаг бүтээл туурвиж, хүний дотоод мэдрэмж ба байгальтайгаа харилцах сэтгэлзүйн нарийн дүрслэл, өвөрмөц, цор ганц зургуудыг цөм бүтээл болгон дэлгэсэн юм. “Flowing mind” бол дахин ашиглаж болох гэрийн бүрээсийн материал дээр хүүхдүүдэд зурах арга барилыг заан хамтран бүтээсэн үзэсгэлэн юм. Агаар болон салхи хэмээх сэдвээр зурагдсан нийт 70 гаруй бүтээлүүдэд хүүхдүүдийн гайхалтай уран сэтгэмж, мэдрэмж шингэсэн байгаа. Амьтай бүхнийг тэтгэгч, хамгийн чухал зүйл болох агаар мандлыг хэрхэн хүүхдүүд өөр өөрийнхөөрөө дүрслэн харуулж, мөн утга санаа шингээж өгсөн нь гайхам.





“Нүүдэлчин ухаан” хөтөлбөрийн уран бүтээлчид Цагаандэлгэр сумын үзэсгэлэнт байгаль, элгэмсэг дотно иргэд болоод, тэдний амьдрал ахуйтай танилцаж, өдөр тутамд нь илэрч буй уур амьсгалын өөрчлөлтийн бодит ул мөр, усны хомсдол, байгалийн хэмнэлд нөлөөлсөн өөрчлөлтүүдийн тухай ярилцаж, бүтээлээ туурвижээ. Энэ аялал нь бүтээлч үйл явцын эхлэл болсон бөгөөд тэд тухайн орон зайн онцлогийг мэдрэх, байгальтай ярилцах зэргээр нягт холбоо тогтоож чадлаа.
Хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид сумын сургуулийн хүүхдүүд, багш, иргэдтэй уулзаж, сургалт, нээлттэй хэлэлцүүлэг, бүтээлч уулзалт зохион байгуулсан нь орон нутгийн оролцогчдын сэтгэлд гүн сэтгэгдэл үлдээсэн. Хүүхдүүд анх удаа кино хийж, зураг, бүжгээр дамжуулан өөрийгөө илэрхийлж, гадаад уран бүтээлчидтэй шууд харилцан туршлага хуримтлуулж чадсан билээ.








“Нүүдэлчин ухаан” хөтөлбөр дэлхий нийтийн асуудалд орон нутгийн оролцоотойгоор, олон талын урсгалаар хариу өгөх оролдлого юм. Урлагаар дамжуулан байгальтай “ярилцдаг”, олон нийтийг оролцуулан тольдож, эргэцүүлдэг ховорхон боломжуудын нэг гэж хэлж болох юм. “Нүүдэлчин ухаан 2025” хөтөлбөр нь Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл (EUNIC)-ийн санхүүжилтээр, Монгол-Францын Соёлын Төв, Монгол дахь Гёте-Институт, Бээжин дэх Финланд болон Австрийн Элчин сайдын яамд, Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбоо болон түүний харьяа “Нүүдлийн улаан булан” олон улсын артист резиденс хамтран хэрэгжүүллээ.



Цагаандэлгэрийн тал хээр нутагт бий болсон бүтээлүүд, хийсэн яриа, солилцсон мэдрэмжүүд одоо тэр нутгийн хөрсөнд үлдэж, шинэ хэлбэрээр оршиж эхэлжээ. Тэдгээр бүтээл, бичлэг, зураг, түүхүүдийг дэлхий дахинд хүргэх дараагийн шат эхэлж байна. Говьд бүтсэн урлаг, урлагт шингэсэн говь дэлхийтэй ярих бяцхан боловч гүнзгий хэл юм.
Өмнөх төслийн баримтат кино:
Төслийн хуудас: https://redcorner-mongolia.com/nomad-spirit
Холбоо барих: nomadspirit2024@gmail.com
99051127, 94051127