Португалийн шигшээ баг болон “Ливерпүүл” клубийн хөлбөмбөгчин Диого Жота 28 насандаа автомашины ослоор таалал төгссөн билээ.
Тэрбээр төрсөн дүүгийнхээ хамтаар Ламборжини маркийн автомашинтай зорчиж явахдаа Испанийн Самора мужид осолдсон байна.
BBC Sport-ийн мэдээлснээр, Жота шинэ улирлын өмнөх багийнхаа цугларалтад очихоор Портогоос Английг зорьж давхисан аж.
Түүний хувьд, хагалгаанд ороод удаагүй тул эмч нарын зөвлөсний дагуу онгоцонд суухаас татгалзаж, машинаар газар дөхөн улмаар гатлага онгоцонд суухаар төлөвлөж байсан.
Жота ердөө 11 хоногийн өмнө Руте Кардосо хэмээх бүсгүйтэй хуримаа хийсэн юм. Тэд удаан хугацаанд хамтран амьдарч, гурван хүүхдийн аав, ээж болоод байв.
“Ливерпүүл”-ийн дэмжигчид “Энфилд” цэнгэлдэхийн гадна талбайд цугларч түүний гэгээн дурсгалыг хүндэтгэсэн байна.
Ахынхаа хамтаар осолдсон Силвагийн тухайд өдгөө 25 настай хөлбөмбөгчин юм. Тэрбээр Португалийн 2-р дивизоны “Пенафиэль” багт хүчин зүтгэж байсан.
Тэд урдах машинаа гүйцэх үед дугуй нь буудсанаас үүдэн замаас гарч, улмаар машинтайгаа дэлбэрсэн байна.
Жота “Ливерпүүл”-ийн төлөө 182 тоглолтод оролцож, 65 гоол оруулсан төдийгүй 2022 онд Английн цом, Лигийн цомын тэмцээнүүдэд түрүүлж, өнгөрсөн улирлыг Премьер лигт манлайлсан билээ.
“Ливерпүүл”-ийн дасгалжуулагч Слот хэлэхдээ “Диого шигшээ багийнхаа хамтаар Үндэстнүүдийн лигт түрүүлж, хуримаа хийсэн учир энэ зун түүний хувьд төдийгүй гэр бүлийнхэнд нь мөрөөдлийн цаг хугацаа юм шиг л өнгөрсөн болов уу. Гэвч ийм сайхан үйл явдлуудын ард энэ эмгэнэл бүүр ч гашуун санагдуулж байна. Тэр бол гэр бүлийнхэндээ үргэлж санаа тавьдаг сайн залуу. Багийнхантайгаа байхдаа ч сайхан уур амьсгалыг мэдрүүлж чаддаг юм” хэмээн ярьжээ.
Энди Робертсон хамтран зүтгэгчээ дурсаж "Би түүнтэй сүүлчийн удаа уулзсанаа тод санаж байна. Тэр бол амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдөр байсан юм. Найз маань хуримынхаа үеэр тасралгүй инээмсэглэж байсан, хэзээ ч инээхээ зогсоохгүй юм шиг, тухайн агшин мөнхөд үргэлжлэх аятай ид шидийн тэр мөчийг би тод санаж байна. Тэгэхэд эхнэрээ, гэр бүлийнхнээ ямар дотноор хайрлан энхрийлж байсан нь одоо ч санаанд тодхон байна” гэлээ.
Тэрбээр замналынхаа сүүлчийн тоглолтыг Португалийн шигшээ багийнхаа төлөө хийсэн. Тэгэхэд Европын Үндэстнүүдийн лигийн тэмцээний финалд Испанийн багийг хожиж, тэд цом өргөсөн билээ.
Жота шигшээ багийнхаа өмнөөс 49 тоглолтод 14 гоол оруулсан.
