Сонирхогчдын боксын ертөнцөд хоёр холбоо өрсөлдөн, гишшүдээ татах гэж дайтсаар байна. Хуучны АИБА буюу IBA холбоог ОХУ-ын иргэн Умар Кремлев удирдсаар байгаа. Энэ холбоо ОУОХ-той тангараг тасарсан ч тэмцээн уралдаанаа явуулсан хэвээр. Харин шинэ үүссэн “World Boxing” нь ОУОХ-той хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 оны олимпын боксын тэмцээнийг зохион байгуулах эрх авахаар хичээж байна. Одоогийн байдлаар аль аль холбооны тэмцээнд оролцдог Үндэсний холбоод цөөнгүй бий.
IBA холбооны хувьд шагналын сан өндөр гэдгээрээ тамирчдыг татаж байгаа. Тус холбооны тэргүүн Умар Кремлев Истанбулд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн том мэдэгдэл хийлээ.
Юуны өмнө ДАШТ-ий шагналын санг их хэмжээгээр өсгөнө гэдгээ зарлалаа. 2028 оны ДАШТ-ий шагналын сан 25 сая ам.долларт хүрч, дэлхийн аваргууд тус бүр 1 сая ам.доллар авдаг болох гэнэ. Мөнгө, хүрэл медалиас гадна 4-5 дугаар байр эзэлсэн боксчдыг ч өндөр шагнал хүлээж байна. Цаашдаа сонирхогчдын ДАШТ-ийг гурван жил тутам биш хоёр жилд нэг удаа зохион байгуулах болжээ.
Энэ жилийн ДАШТ-ийг 12 дугаар сард АНЭУ-д хийхээр товложээ.
Умараас өрсөлдөгч “World Boxing” холбооны талаар лавлахад “World Boxing бол залилангийн газар. Тэднийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, хүндлэгдсэн IBA-тай харьцуулах хэрэггүй. Тэдэнтэй өрсөлдөөд, тэмцэх шаардлага байхгүй. World Boxing-ийг Цагдаагийн газар шалгах ёстой. Бид хэнтэй ч тэмцдэггүй. Бид өөрийн гэсэн замтай. Сонирхогч боксчдын хамгийн гол тэмцээн нь ДАШТ. Боксчид байж холбоо тогтоно. Тэд өндөр шагнал авах эрхтэй. Хэн нэг тамирчин шагналын мөнгөөрөө эцэг эхдээ байшин авч өглөө гэсэн яриаг би сонсох дуртай. Боксоор дамжуулан залуус мөрөөдлөө биелүүлэхэд нь бид тусалдаг” гэж хэлсэн байна.
“Олимпын медаль мөрөөддөг тамирчин олон шүү дээ” гэж сэтгүүлч хэлэхэд “Мэргэжлийн спорт ямар их хөгжсөнийг бүгд харж байгаа. Бид 100 олимпын аварга гаргаж болно, гэхдээ дэргэд нь ганц мэргэжлийн тулаанч тавиад үз. Хэн нь илүү алдартай болох вэ? Мэргэжлийн тамирчин нь. Яагаад? Мэргэжлийн тамирчин шагналын мөнгө авч, мөрөөдлөө биелүүлж байна. Бид тамирчин хүн хангалуун амьдрах замыг сонгосон. Хамгийн гол нь тамирчин аз жаргалтай байх ёстой. Би боксын босс биш. Би өөрийгөө тамирчдад үйлчилдэг хүн гэж үздэг. Албан тушаал надад хэрэггүй, сонин биш. Жингийн цуваа явж байдаг, жингэр нохой хуцаж л байдаг” гэж хариулжээ.