UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий тойм #5

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий тойм #5

ФИФА Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд явагдаж дууслаа. Өнөөдөр болсон бүх тоглолт үнэхээр “драма" дүүрэн, шүүгчийн сүүлчийн шүгэл дуугартал догдлуулсан гайхалтай тоглолт боллоо.

"ФЛУМИНЕНСЕ"(БРАЗИЛ) - "АЛЬ ХИЛАЛ"( САУДЫН АРАБ) 2:1

Тоглолтын өмнө Португалын шигшээ болон Английн "Ливерпуль" багийн довтлогч Диогу Жоту болон түүний дүү Андре Сильва нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж нэг минут чимээгүй зогсоход "Аль Хилал"-д тоглодог португалчууд болох Жоао Кансело, Рубен Невеш нарын сэтгэл тун хэцүү байлаа. Ингэж их сэтгэл зүй нь тогтворгүй байхад яаж тоглох бол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж байв. Магадгүй тоглолтод нь нөлөөлсөн байх. Кансело эхний гоол дээр том алдаа гаргасан бол Невеш нилээн нервтэй тоглож, шар жавтий хүртсэн.

Энэ тэмцээний хамгийн том дуулианыг тарьж, "Манчестер сити"-г хасагдах шатанд "мулталсан" Саудын Арабын "Хавирган сар" (Аль хилал нь арабаар хавирган сар гэсэн үг ажээ) тэмцээний хамгийн ахмад баг (дундаж нас нь 31,2) болох "Флу"-г барсангүй! Бразилийн Рио де Жанейрогийн хамгийн анхны хөлбөмбөгийн баг (1902 онд байгуулагдсан) -ийн хаалгыг 44 настай, цуут Фабио "манаж", төвийн хамгаалалтад Бразилийн шигшээгийн алдарт ахлагч Тиагу Сильва (Мөн Флу-гийн ахлагч) туршлагаараа удирдаж байна. Хоёул ирэх 9 сард нас нэмэх хоёр гайхалтай сайн байв. Тоглолтын салхийг бразилчууд хагалж, 40 дэх минутад Мартинелли солгой хөлийн гоё цохилтоор 90 буланд зоов.

Гэсэн ч удалгүй бас нэгэн бразил, гэхдээ Арабын багт тоглодог бразил тоглогч  Маркос Леонардо тооны харьцааг тэнцүүллээ.

Хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн "Флу"-гийн Херкулес 70 дахь минутад хийснээр "Fluzao" (Том Флу), "Tricolor" (Гурван өнгөт), "Time de Guerreiros" (Дайчдын баг) хэмээн нэрлэгддэг "Флуминенсе" хагас шигшээд үлдлээ.

"ЧЕЛСИ"(АНГЛИ)-"ПАЛМЕЙРАС" ( БРАЗИЛ) 2:1

Долдугаар сарын нэгнээс "Челси"-ийн тоглогч болж буй Бразилийн залуу од, 18 настай Эстевао хоёр багийн тохиролцооны дагуу Клубуудын ДАШТ-ийг дуустал "Палмейрас"-т тоглох болсон. Харин хувь заяаны төөрөг “Эстевао "Палмейрас"-т хийх сүүлчийн тоглолтоо шинэ багийнхаа эсрэг хийхээр "зуржээ".

61 сая еврогоор Бразилийн багаас өнгөрсөн зун 17 настай байхад авсан хүү "Челси"-г Клубуудын ДАШТ-ээс буцаах тун дөхөв. Эстевао 53 дахь минутад хурц өнцгөөс хүчтэй цохин тун гоё гоод оруулж тоог 1:1 болгон (Эхний гоолыг Челсигийн Палмер тоглолтын 16 дахь минутад оруулсан) тэнцүүлсэн.

Харамсалтай нь "Палмейрас"-ийн хаалгач Вевертон 83 дахь минутад хамгаалагчаас хачир аван чиглэл нь өөрчлөгдсөн тун сул бөмбөгийг өөрийн хаалгандаа хийчихэв.

"Челси" хагас шигшээд шалгарч, дахиад нэг Бразилийн багтай ("Флуминенсе") нүүр тулах болов.

Энэ тэмцээнд Бразилийн 4 баг оролцсон бөгөөд "Челси" гуравтай нь тоглох нь. Тэд хэсгийн тоглолтод "Фламенго"-д 1:3-аар хожигдсон бол шөвгийн наймд "Палмейрас"-ийг 2:1-ээр хожив. Одоо хагас шигшээд "Флуминенсе"-тэй долдугаар сарын найманд хайнаа хагалах нь.

"ПАРИ СЕН ЖЕРМЕН"( Франц) - "БАВАРИ" ( Герман) 2:0

Энэ тэмцээний бас нэгэн чимэг болсон тоглолт болов. Эхний үед хоёр баг харилцан хэд хэдэн гоол оруулах боломжтой довтолгоо хийсэн ч гол "үйл явдал" нь эхний үеийн нэмэлт цаг дуусах хоромд болов.

"Бавари"-ийн залуу од Мусиала "ПСЖ"-ийн хаалгач Доннарумматай мөргөлдөх үеэр зүүн хөлний шагайндаа маш хүнд гэмтэл авч тоглолтыг орхив. Тэрбээр доор хаяж 5-6 сар талбайд гарахгүй байх хэмээн таамаглаж байна. Харамсалтай.

Хоёрдугаар үе эхэлмэгц Европын аварга "ПСЖ"-ийн Баркола хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч хашир Нойер багаа, "Бавари"-аа аврав.

Тоглолтын 78 дахь минутад энэ жилийн "Аваргуудын лиг"-ийн финалд хоёр гоол оруулж байсан Дуэ тооны харьцааг 1:0 болгов.  Гэвч удалгүй "ПСЖ" 10-уулаа талбайд үлдлээ. Хамгаалагч Пачо Горецкагийн эсрэг аюултай тоглолт хийсэн тул зүй ёсоор "улаан жавтий" хүртсэн юм.

Хүнээр илүү болсон "Бавари" тоог тэнцүүлэхээр бүх хүчээрээ довтолж эхэллээ. 90+2 дахь минутад "ПСЖ" бүүр 9-үүлээ болох нь тэр. Эрнандес "Бавари"-ийн Герреругийн нүүр рүү тохойлдон улаан хуудсаар торгуулсан юм.

"Бавари" одоо бүүр "улайран" довтолно. Ингэсэн баг хамгаалалтдаа "цоорхой" гаргадаг. Үнэхээр ч алдаа гаргасаан. Үүнийг "ПСЖ" өршөөсөнгүй. Сэлгээгээр орж ирсэн Дембеле эхний удаа хөндлөвч оносон бол 90+6 дахь минутад гурван хамгаалагч дундаас торойтол гарч ирээд өгсөн Хакимигийн дамжуулалтаар тоог 2:0 болгов. Гоолын баяраа Диогу Жотагийн дурсгалд зориулсан нь сэтгэл хөдөлгөлөө.

Ингээд ч тоглолт бас дууссангүй. "Бавари"-ийн Мюллерийг мөргөх үед "ПСЖ"-ийн Нуну Мендеш хөл хэт дээш өргөн аюултай тоглолт хийсэн гээд талбайн шүүгч " пенальти" заав. Гэвч VAR-аар нягтлаад Мендеш бөмбөгт түрүүлж хүрсэн, Мюллерт хөл нь хүрээгүй тул шийдвэрээ өөрчиллөө.

Ийнхүү "ПСЖ" хагас шигшээд шалгарлаа.

Харин "Бавари" хожигдоод зогсохгүй авьяаслаг залуу тоглогчоо удаан хугацаанд алдаж давхар цохилтод орлоо.

Мөн "Бавари"-ийн төлөө 756 дахиа, хамгийн сүүлийн удаа тоглосон Томас Мюллер ч таагүй  дурсамжтай үлдлээ.

"РЕАЛ МАДРИД" (Испани) - "БОРУССИ ДОРТМУНД" (Герман) 3:2

Бас нэгэн гайхалтай тоглолт, гайхамшигтай төгсгөл.

"Эзэн хааны баг" тоглолтын эхний 20 минут гэхэд л тоог 2:0 болгон хошуучилсан. "Реал"-ын унаган " бүтээгдэхүүн" болох Гонзало Гарсия, Фран Гарсия нар гоол оруулж, тоглолт хувь заяа бараг шийдэгдсэн мэт бодогдож байсан байх.

Тоглолтын үндсэн цаг дуусах хүртэл "Реал" тоглолтыг бүрэн өөрийн хяналтанд байлгаж чадсан, үнэхээр. Гэвч "жинхэнэ тоглолт" 90 минут дууссанаас хойш эхэлсэн юм. Ёстой л " Юу болоод өнгөрчихвөө" гэдэг шиг л.

90+2 дахь минут. Дортмундын Максимилиан Байер тооны зөрүүг багасгаж 1:2 болголоо. Тоглогч Байер шүү, "Реал"-ын дасгалжуулагч Хаби Алонсогийн өмнө нь удирдаж байсан "Байер" баг биш шүү, наргиан.

90+4 дахь минут. Бага гэсэн найдвар төрсөн "Борусси"-ийн хаалганд Мбаппе "хайчилж" ганган гоол оруулснаар тоог 3:1 болгон германчуудыг "нокаут"-д оруулав. Мбаппе гоолын баяраа мөн л Диогу Жотагийн дурсгалд зориулж "20" дугаарыг дүрслэн, хүндэтгэл үзүүлэн залбирсан.

90+6 дахь минут. "Борусси" нокаутад бус нокдаунд орсон болж таарав, хошигнол.

"Реал"-ын хамгаалагч Дин Хейсен хаалгачийн эсрэг ганцаараа гарч байсан "Борусси"-ийн Гирассиг араас нь татаж унагаснаар "улаан жавтий" хүртэн талбайгаас хөөгдөв. "Борусси" 11 метрийн торгуулийн цохилт хийх эрхтэй болж, " хохирогч" Гирасси өөрөө " пенальти"-аа амжилттай гүйцэтгэн тоог 2:3 болголоо. "Хонгилын үзүүрт гэрэл" харагдав.

90+9 дэх минут. "Борусси" хамгийн сүүлчийн довтолгоогоо амжилттай болгох, улмаар тоог 3:3 болгон, тоглолт нэмэлт 30 минут үргэлжлэх тун дөхөв. Забитцерийн нарийн буланд янзын гоё цохисныг "горзгор" Тибо Куртуа сунан сунан хааж, "Реал" хожлоо хадгалж үлдлээ.

 Ийм л "аймаар" төгсгөл болж, "Реал Мадрид" хагас шигшээд "Пари Сен Жермен"-тэй учраа таарлаа.

Тоглолт долдугаар сарын 9-нд Нью Йорк/ Нью Жерсид болно.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.