UBLife Logo
Спорт

Улсын наадамд түрүүлэх бололцоотой НАЙМАН бөх

Улсын наадамд түрүүлэх бололцоотой НАЙМАН бөх

Үндэсний Их баяр наадам болоход дөрөв хоног дутуу байгаа ч, бөх сонирхогчдын цээжинд хэн түрүүлэх бол гэсэн хүлээлт, таамаг биежиж байгаа биз ээ. Сүүлийн үед заалнаа өнгөтэй сайхан барилдсан улсын начин Л.Энхсаруул, Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож, Н.Амгаланбаатар нарын бага цолтнуудыг өндөр даваанд хүрнэ гэж олон хүн итгэж, хүлээж байна.

Гэвч тэд дөрөв, тавын даваанд хоорондоо таарах, тунах магадлал өндөр байгаа билээ. Харин дараах найман бөхөд өнөө жилийн наадмаар түрүүлэх бололцоо байна. Од нь гийж, аз түвшэл тэд гарцаагүй өндөр даваанд хүрнэ.


Дархан аварга Намсрайжавын Батсуурь

Өмнөх жил түүнийг түрүүлэхэд “Харимал бөхийн шийдсэн мэхээр” давлаа гэж шуугисан. Харин мялаалга наадмынхаа үеэр тэр “Надад ахиад ч нэг түрүүлэх бодол бий. Аймгийнхаа 100 жилдээ бэлэг барихыг бас санаж явна” гэж хэлсэн.

Өдгөө 38 настай дархан аварга Н.Батсуурийн нарийн ухаан, тооцоолох чадвар энэ цагийн ямар ч бөхөөс тохой өндөрт үнэлэгддэг. Түүнд бас амлаж барилдах эрэмбэ, тактикийн боломж байна. Доогуур даваанд үеийнхнээ, залгаад нутгийнхнаа амлаж барилдаад өгсөх болов уу.

Увсынхан 100 жилийн ойтой тул Улсын наадамд ногт ганзаглаж байгаа нь гарцаагүй. Тэр тусмаа бүх бөхчүүдийг эрэмбээр манлайлан зодоглох Н.Батсуурь аварга Их шөвөгт нэг их түүртэлгүй хүрчих байлгүй. Саяхан тэр Увс нуур галын сорилго барилдаанд түрүүлж харагдана лээ. Энэ ч бас нэгийг хэлэх мэт.

Өнгөрсөн жилийн наадамд будлиантай түрүүлсэн. Шазруун зантай Н.Батсуурь амжилтаа бататгах санаатай нь мэдээж. Түүнд улсын наадмын дөрвөн түрүү бий.


Улсын аварга Оргихын Хангай

Аварга О.Хангай сүүлийн хоёр жилийн Цагаан сарын барилдаанд дараалан түрүүлээд байна. Улсын наадамд хоёр дахиа түрүүлэх л түүнд дутуу байгаа.

256 бөх зодоглосон 2025 оны хоёр том барилдаанд дараалан түрүү булаалдаж, аваргын зангаргийг харуулсан нь саяхны үйл явдал билээ. Тэрбээр өнгөрсөн жил заалны 14 барилдаанд зодоглож, найм түрүүлсэн бол өнөө жилийн эхэнд хоёр түрүүлж, мөн хоёр удаа үзүүрлээд байна.


Улсын арслан Баярсайханы Орхонбаяр

Бага залуудаа тодорсон Баярсайханы Орхонбаяр мөдхөн аварга болохоо тунхагласан нь өнгөрсөн зуны явдал билээ. Тэгэхэд үл ялиг гэнэ алдсан л болохоос үнэхээр сайн төвлөрч барилддаг бөх юм, тэр.

Гэвч дараа үеийнх нь бөхчүүд ухаан, бяраар жигдхэн тэгширч байна. Иймээс өнөө жил л амжиж түрүүлэхгүй бол хойшид хэцүү ажил болох биз ээ.

Сонирхолтой нь, Б.Орхонбаяр 2025 он гарснаас хойш зодоглосон заалны бүх барилдаандаа шөвгөрсөн. Энэ зуурт тэрбээр 12 барилдаанд хүч сорихдоо гурав түрүүлж, гурван удаа үзүүрлэн, Их шөвөгт гурвантаа, шөвгийн наймд мөн гурван удаа хүрээд байна.


Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон

Ц.Бямба-Отгон заалны барилдаанд таван өөр цолтойгоор зодоглож, найм түрүүлээд буй. Хамгийн чухал нь тэрбээр унаа холтой бөх.

Ц.Бямба-Отгоны тухайд, аварга цолонд хамгийн ойрхон байгаа бөхчүүдийн нэг. Түүнчлэн улсын наадмын дэвжээнд арслан цолоо бататгаж чадаагүй байна. Өмнөх жилийн наадмаар гурвын даваанд П.Хүрэлбаатар арсланг амлаж барилдсан ч, удаан торгоож чадалгүй өвдөг шороодсон.

Тэгэхээр энэ жилийн наадамд ямартаа ч шөвгөрөх, эрэмбээ ашиглаад өндөр даваанд хүрэхийг, бүүр аварга болчихыг бодож байгаа нь илэрхий биз ээ.


Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий

Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг.

Тавдугаар сард тэрбээр хоёр өдөр дараалан барилдаад хоёуланд нь түрүүлсэн. Түүнийг арслангийн эрэмбэтэй заан гэж монгол түмэн хүндэлдэг. Үнэхээр ч улсын наадмаас бусад бүх том барилдааны түрүүг хамсан бөх юм. Зааланд түрүүлсэн тоо нь л гэхэд 33 шүү дээ. Энэ цаг үед манлайлах үнэхээр том амжилт билээ.

Энэ жилийн наадмаар арслан цолыг гуядаж авах эрэмбэ ч байна, зориг ч байна, түүнд. Даншиг наадмаар сумын заан Д.Төгс-Эрдэнэд шуугиантай унасан. Хэрэв тэгэхэд барцад нь арилсан бол энэ жилийн наадам баавгай зааных болох биз ээ.


Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл

Хүмүүсийн анхаарал Э.Батмагнай дээр төвлөрч байна. Гэхдээ чөлөөтөөр ч, үндэсний бөхөөр ч түүний өмнө нэг бөх хөндлөн байгааг санах нь зүй болов уу. Улсын заан М.Лхагвагэрэл өнөө жилийн Цагаан сарын барилдаанд үзүүрлэхдээ энэ цагийн хамаг л сайчуулыг давсан. Б.Орхонбаяр, Г.Бадрах, Э.Батмагнай, Д.Алтанцоож нарыг дараалан өвдөг шороодуулсан нь ямархан нэгийг хэлэх мэт ээ. Өмнөх жилийн наадам олимпын өмнөхөн болж таарсан тул Үндэсний бөхийн бэлтгэлд бүрэн төвлөрч чадаагүй байх. Гэхдээ л тав давж шөвгөрсөн.

Харин энэ жил бол нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн. Бүх л дэлхийн хүчтэнүүд олимпын дараа амьсгаа авч байна. Харин М.Лхагвагэрэл заан энэ зуурт Үндэсний бөхийн амжилтаа ахиулах сан гэж бодож байгаа биз ээ. Тэгээд ч одоо түүний амжилтад хүрэх цаг нь ирчихээд байна.


Улсын заан Сүхбаатарын Сүхбат

Заан цолтой энэ залууг өнөө жил 25 настай гэвэл баргийн хүн толгой сэгсрэх нь гарцаагүй. С.Сүхбат 2022 онд цэргийн начин, аймгийн арслан, хурц чимэг гээд нэг зун гурван ч удаа цол, чимэг нэмсэн удаатай.

Тухайн жилээ Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зодоглож зургаагийн даваанаа аймгийн заан Ш.Ганбаяртай учраа таарахдаа гурав барилдан гурвантаа хаясан наадамд гурван даваатай бөх өө.

Харин өнгөрсөн жилийн наадмаар хальтирч унасан. Архангайн бөхчүүд жил болгон улсын наадмын түрүү авах гэж л зорьдог. Ийм том амбицтай галаас энэ жилийн хувьд дээшээ өгсөх хамгийн боломжит бөхчүүд нь улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар нар юм.

С.Сүхбат ярилцлагадаа хэлсэн байдаг. “Би Улсын наадамд түрүүлнэ гэсэн зорилготой л бэлтгэл сургуулилалтаа хийж байна …” гэж.


Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун

Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун Үндэсний их баяр наадмаас хойших заалны барилдаануудад зэгсэн сайн барилдсан.

Өндөр нуруу, өргөн цээж бүхий ийм дүүрэн өгөгдөлд цол нь багадах шиг санагддаг юм. Удах тусмаа нягтарч, чангардаг нь ч сайн бөхийн шинж билээ.

Ч.Батчулуун начинг арслан, зааны эрэмбэтэй бөх хэмээн харж, найддаг хүн олон. Даанч ид шуугиулах залуу насаа дэндүү гэмээр даруухан амжилттайгаар өнгөрүүлж байгаа билээ. Хэнэггүй ч гэх юм уу, бааваргүй ч гэлтэй.

Ч.Батчулуун заалны барилдаанд гурав түрүүлж, дөрөв үзүүрлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\13.229.154.239
Бүрэнтөгс Пүрэвсайзан нар яахын
ЗОЧИН\13.215.191.57
ЗОЧИН\13.215.191.57
Зочин\54.255.213.102
Хулгана амраад наадмаар хэн ундгын
ЗОЧИН\47.129.122.254
ЗОЧИН\13.213.38.165
Амараа начин бас бий шүү!
ЗОЧИН\13.213.38.165
Амараа начин бас бий шүү!