Хөнгөн атлетикийн "Даймонд лиг" цувралын 2025 оны 9 дэх гараа АНУ-ын Орегон мужийн Южин хотын "Hayward field" цэнгэлдэхэд амжилт дүүрэн болж, дэлхийн рекорд хоёр ч удаа шинэчлэгдлээ.
Эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Кенийн алдарт гүйгч, энэ зайд "эзэн суугаад" цөөнгүй жил болж буй (1500 метрт Олимпын гурав, ДАШТ-ий мөн гурван алтан медальтай) Фейт Кипьегон (31 настай) жилийн өмнө тогтоосон өөрийн дэлхийн рекорд болох 3:49.04 амжилтаа 3:48.68 болгон шинэчиллээ.

Мөн Кипьюгоны нутагт нэгт Беатрис Чебет (25 настай) эмэгтэйчүүдийн 5000 метрийн зайд 13:58.06 амжилтаар Этиопийн Гудаф Цегайн 2023 онд тогтоосон (14:00.21) дэлхийн рекордыг эвдлээ.
Беатрис Чебет энэ зайд өнгөрсөн жил "Парис-2024" олимпын аварга болж байсан билээ. Энэ жил "Спортын хатан хааны" (хөнгөн атлетик) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 13-21-нд Японы Токио хотноо болно.

Тиймээс ч энэ жилийн " Алмаазан лиг"-ийн гараанууд маш их өрсөлдөөнтэй, түүнийг дагаад тамирчид ч өндөр амжилт үзүүлж буй билээ.
Хоёр долоо хоногийн өмнө Шведэд болсон "Даймонд лиг"-ийн гараанд Шведийн домогт тулгууртай харайгч Арман "Мондо" Дюплантис дэлхийн рекордыг шинэчилж 6 м 28 см болгосон. Тэрбээр 2020 оноос хойш өөрийнхөө тогтоосон дэлхийн рекордыг 12 дахь удаагаа шинэчилсэн юм.
ДАШТ-ий өмнөх "Их сорилго" болж байгаа "Даймонд лиг-2025" цуврал дахин зургаан гараа яваад наймдугаар 29-нд өндөрлөнө.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин