Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Сон Хён Минээр Премьер лигтээ олон жил гоёсон “Тоттенхэм” багийнхан энэ удаа япон тоглогч худалдан авчээ.
Тэд “Кавасаки Фронтале” багаас япон хамгаалагч Кота Такайг 5 сая фунтээр эгнээндээ нэгтгэсэн байна.
Өдгөө 20 настай тоглогчтой 2030 оныг хүртэлх таван жилийн гэрээнд гарын үсэг зуржээ. “Тоттенхэм”-ийн шинэ дасгалжуулагч Томас Фрэнк түүнийг үндсэн багтаа тоглуулна гэж мэдэгдээд байна.
Такай өнгөрсөн оны есдүгээр сард явагдсан ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Хятадын шигшээ багийн эсрэг талбайд гарснаасаа хойш Японы шигшээ багийнхаа өмнөөс дөрвөн тоглолтод оролцоод байна.
Тэрбээр хамгаалагчийн байрлалд тоглодог агаад Японы лигийн 2024 оны шилдэг залуу хөлбөмбөгчнөөр тодорсон юм.
Түүнчлэн шигшээ багийнхаа хамтаар 23 хүртэлх насныхны Азийн цомын тэмцээнд түрүүлээд байна. Мөн тэрбээр “Парис-2024” олимпын наадмын шигшээ наймд шалгарсан Японы шигшээ багийн тоглогч билээ.
Такай Премьер лигт тоглосон 16 дахь япон хөлбөмбөгчнөөр тодрох бололцоотой.
