Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд Дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ойн баярыг тохиолдуулан Үндэсний баяр - Британи дахь Монголчуудын “Лондон Наадам-2025”-ыг 07 дугаар сарын 06-ны нар хур тэгширсэн сайхан өдөр Вимбелдон паркийн ногоон дэнж дээр зохион байгууллаа.

Наадмын үйл ажиллагааг нээж Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх үг хэлж, Британид үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсэл санаачилгын байгууллага, холбоод, клубийн төлөөллүүд хүндэтгэлийн жагсаалд оролцон Монгол Улсын Төрийн далбааг цэнгүүлэн залснаар нээлтийн ёслол эхэлсэн бөгөөд морин хуурын эгшиг, уртын дуу, бий биелгээ, хийл хөгжмийн дөрвөл, хоор дуу, цам бүжиг зэрэг урлагийн тоглолтоор үргэлжлэн хурсан наадамчдыг баясгалаа.


Үндэсний бөхийн барилдаанд нийт 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат залуу бөх Бум-Эрдэнийн Тэмүүжин түрүүлж, шилжин явах цомын эзэн болж Төв аймгийн Баян сумын харьяат сумын заан Батчулууны Батбилэг үзүүрлэж, Төв аймгийн Заамар сумын харьяат Лондонгийн начин Намдагийн Давааням Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Лувсанцэрэнгийн Данзанцэвэл нар шөвгөрөв.



Мөн “Лондон Наадам-2025” сурын харвааг “Есүнгэ Мэргэн” Англи дахь сурын спорт сонирхогчдын клубээс 6-р сарын 22-ний өдөр Southampton Archery Club-т амжилттай зохион байгуулсан бөгөөд эрэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байрт Б.Гарьд, 2 дугаар байр Л. Галсандорж, 3 дугаар байрт Э. Гантулга, эмэгтэй насанд хүрэгчдийн харваанд 1 дүгээр байр Г. Анужин, 2 дугаар байрт С. Нараа, А.Энх-Оюун, 3 дугаар байрт Б. Бадамханд, хүүхдийн эрэгтэй харваанд 1 дүгээр байрт Г. Төгөлдөр, 2 дугаар байр К. Максим, 3 дугаар байрт Г. Эрдэнэ, хүүхдийн эмэгтэй харваанд 1 дүгээр байрт Б. Эгшиглэн нар тус тус байр эзэлж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, шилжин явах цомуудаар шагнагдлаа.

Наадмын үеэр уламжлал ёсоор нас насны хүүхдүүдийн оролцсон хурдан морьдын уралдааны үлгэрлэл арга хэмжээ, Дээлтэй Монгол наадам, шагайн харвааны үзүүлэх тоглолт, олс таталтын тэмцээн болон наадмын азтан шалгаруулах арга хэмжээ тус тус зохион байгуулагдлаа.


Нар хур тэгширсэн “Лондон Наадам 2025” ийнхүү идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэн байж хурсан олон Вимбелдоны дэнжийг хотойтол сайхан наадлаа.
Монголын ЭСЯ