Мэргэжлийн сүмо бөх 35 жилийн дараа англи бөхтэй болох цаг ойртсоор. Минато дэвжээнд элсэхээр шамдаж байгаа Николас Тарасенко хэмээх 16 настай англи хүү Сүмо бөхийн холбооны ярилцлагад тэнцэж, дадлага хийх эрхтэй боллоо. Минато дэвжээ нь манай Ичиножёо барилдаж байсан дэвжээ бөгөөд түүнийг зодог тайлсны дараа гадаад бөхгүй болоод байсан юм.

Минато ояката “Сүмо бол жирийн спорт биш онцгой ертөнц. Багш гэж хэн бэ, ах дүү бөхчүүд гэж ямар учиртай вэ гэдгээс эхлээд Японы үндэсний уламжлал, ёс заншлыг зааж өгнө” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Николас Тарасенко – 16 настай. 196 см өндөр, 126 кг жинтэй. Рагби, жүдо бөхөөр хичээллэж байсан. Минато оякатагийн урилгаар сүмоч болохоор шийдсэн бөгөөд өөрөө ч сүмод тун сонирхолтой гэнэ. Монгол, Украин гэсэн гадаад бөхчүүд давамгайлж байгаа энэ үед Англи гэсэн шинэ орны нэр удахгүй дуулдах нь. Мэргэжилд ороогүй байгаа ч түүнийг “Хоёр дахь Акэбоно” гэж нэрлэж эхлээд байгаа ажээ.

Анх озэки асан Барүтогийн зохион байгуулдаг сонирхогчдын сүмогийн “Baltic Cup” тэмцээнд 2023 онд аавтайгаа хамт оролцож, түрүүлсэн бичлэг нь Минато оякатагийн нүдэнд өртсөн байна.

1990 онд зодог тайлсан анхны англи сүмоч Азүмасэки дэвжээний Хидэнокүни хэмээх STRANGE Nathan John ердөө хоёр башё барилдсан. Япон хоол, чанкод дасахгүй 2 сарын дотор 22 кг турж байжээ. Европын анхны сүмоч гэдгээрээ олны анхаарлыг татсан ч энэ нь эсрэгээрээ дэвжээндээ дэглүүлэх шалтгаан болсон. Ингээд жонокүчид 5:2, жониданд 4:5 амжилт үзүүлээд дэвжээнээсээ оргосон юм. Багш нь ятгаж ухуулаад дийлээгүй, гэртээ харьж байсан түүхтэй.