Нулимс шиг шиврэх бороо, дүнсгэр бүрхэг тэнгэрийн цаана нуугдсан гоо үзэсгэлэнг ойлгож, хайрлах хүмүүс цөөн. Зөвхөн бүрхэг, бороотой өдөрт л сэтгэл нь уяраад, зөөлөн гунигт дурладаг, дотроо маш ихийг мэдэрдэг хүмүүс бий.
1. Бороо бол зүгээр ч нэг байгалийн үзэгдэл биш, бүхэлдээ мэдрэмж бас аялал байдаг
Хүмүүс шүхэрээ бариад зугтаж гүйлдэж байхад чи зүгээр л тэнд нороод эсвэл цонхны цаанаас борооны дуслыг ажиглан, дуугүйхэн инээмсэглэж зогсдог. Борооны чимээ чамд хамгийн тансаг хөгжим, бас эцэст нь нэг гэртээ ирсэн мэт дотно мэдрэмжийг төрүүлдэг.

2. Бүрхэг тэнгэрээс мэдэрдэг тэр аюулгүй мэдрэмж
Наргүй өдрүүдэд л чи өөрийгөө тайван амгалан бас аюулгүйгээр мэдэрдэг. Гадаа харанхуйлах тусам сэтгэл чинь гэрэлтэж, ганцаардал биш харин ч тав тух, амар амгалан ирдэг.

3. Ном, халуун цай, хөнжил гурвын хамгийн төгс хослол
Бусдын хувьд бүрхэг, бороотой өдрүүд зүгээр л дажгүй өдрүүд байж болох ч чиний хувьд энэ цаг агаар нь хамгийн хайртай зүйлсээ хийх боломж болдог. Гадаа бороо шивэрч байхад халуун цай уугаад, дуртай хоолоо идээд ном уншиж, хөгжим сонсож, тухтай киногоо үзээд хэвтэж байх ч жаргал шүү.

4. “Гунигтай байна уу?” гэдэг асуултыг байнга сонсдог
Чи гунигласан биш, зүгээр л дотоод ертөнц чинь тэр чигтээ намуухан, нам гүм, өөртэйгөө хамгийн ойр байж болох үе энэ байдаг. Гэхдээ хүмүүс ихэнхдээ үүнийг гунигтай байгаа болохоор л гэж харах нь бий. Яг үнэндээ тэр гуниг ч бороонд үзэсгэлэнтэй санагддаг.

5. Онгод орж, бодлын аялалд гарна
Бороотой өдөр цонх ширтээд л суухад бүтэн киног дотроо зураглачихна гээч. Заримдаа хамгийн зүрх догдлуулам түүх, бичвэр, хөгжмийг энэ үед гаргаж чаддаг. Уран бүтээлч, эсвэл энэ төрлийн хоббитой хүмүүсийн хувьд юмаа хийх хамгийн сайхан үе.

6. Бодлоо цэгцэлж, дуунд уусах хамгийн сайхан үе
Хүнгүй, бороотой гудамжинд ганцаараа алхах шиг сайхан мэдрэмж үгүй. Алхам бүрд чимээ багасч, мэдрэмж дүүрч, сэтгэл уужирдаг. Зөвхөн бороонд зориулсан мэт дуунуудыг сонсоод алхахад өөртэйгөө ярилцах хамгийн том боломж олдож, олон зүйлийг ойлгож авах нь бий.

7. Хэн нэгэнтэй ярилцахад хамгийн тохиромжтой
Сэтгэлээ нээн ярилцах хамгийн сайхан үе бол энэ. Хэн нэгэнтэй яаж ярилцахаа мэдэхгүй байсан бол, эсвэл цаг гардаггүй байсан бол ийм өдөр хамгийн гүн сэдвүүдийн тухайд ч асуудалгүй ярилцаж болдог.

8. Хот хэзээ ч ийм үзэсгэлэнтэй байгаагүй
Хүмүүсийн хүлээдэг амралтын өдөр, тусгай баяр, зугаалга зэрэг зүйлс чиний хувьд зүгээр л нэг өдөр. Харин бороо орсон цаг мөч бол сэтгэлд дурсамж үлдээх “жижиг баяр” шиг л байдаг. Мөн энэ өдөр бүх зүйл үнэхээр үзэсгэлэнтэй, утга уянгатай харагдана гээч.
