“Түн харанхуйн ноён” Оззи Осборн энэ сарын 5-нд төрөлх Бирмингем хотноо сүүлийнхээ тоглолтыг хийсэн билээ. 2003 онд Паркинсоны өвчин гэж оношлогдсон, 2020 оноос хойш тэр алхаж чадахгүй болсон тул сарьсан багваахайн тэмдэгтэй сандал дээр суугаад дуулж байсныг бид харсан.
Яагаад сүүлийн тоглолт хийсэн талаараа тэр “Би үхэж байна. Энэ бол бодит үнэн. Би чимээгүй алга болохыг хүсэхгүй байна” гэж тайлбарлаж байсан юм. Ингээд тэр тоглолтоос хэдхэн хоногийн дараа 22-нд Оззи эхнэр Шэрон болон Келли, Жек хүүхдүүдийнхээ дэргэд амьсгал хураажээ. 76 настай байлаа.

Гэр бүлийн албан ёсны мэдэгдэлд “Тэр амгалан тайван энэ ертөнцийг орхисон. Сүүлийн минут хүртлээ бидний хайрыг мэдэрсээр байсан” гэж дурдсан байна.

Осборн Бирмингем хотод төрсөн. Аав нь слесарь, ээж нь үйлдвэрийн ажилчин. Оззи зургаан хүүхдийн дөрөв дэх нь байлаа.

Бага ангид байхдаа тэр Оззи хочтой болсон. Хулгай хийх гэж оролдоод баривчлагдсан юм. Аав нь торгууль төлөхөөс татгалзсан тул хүү 52 хоног шоронд суужээ. Суллагдаад тэр рок од болохоор шийднэ.

1968 онд Оззи Осборн, Тони Айомми, Гизер Батлер, Билл Уорд нар Black Sabbath гэдэг хамтлаг байгууллаа. Осборн хамтлагтаа 1970 оны сүүл хүртэл дуулаад гарсан.

Эцгийгээ нас барсны дараа Осборн депресст орж, архи уун, мансуурдаг болсон байв. Гэхдээ ганцаараа дуулж эхлэхдээ хортой зуршлаа бүрэн хаясан байлаа. 2000 оноос л ахиад мансуурч эхэлсэн юм.

Black Sabbath хамтлагийн гишүүний хувиар Осборн АНУ-ын рок-н-ролл хөгжмийн Алдрын танхимд орсон. Түүний нэртэй од Холливудын Алдрын гудамжинд бий.