Энэ сарын 22-нд хөгжмийн ертөнц агуу рок домгийнхоо нэгийг алдлаа. Жон Майкл Осборн буюу Оззи Осборн 76 настайдаа энэ ертөнцийг орхилоо. Үхлийн шалтгаан нь Паркинсоны өвчин байлаа.
Тэр эцсийн хүчээ шавхтлаа дууллаа, бүтээлээ. 2003 онд Паркинсоны өвчин гэж оношлуулаад 2020 оноос бараг явж чадахгүй болсон ч 2022 онд “Patient Number Nine” цомог гаргасан нь Грэмми шагнал хүртсэн.

Энэ сарын 5-нд төрөлх Бирмингем хотноо сүүлийнхээ тоглолтыг хийхдээ босож чадахгүй, сарьсан багваахайн тэмдэгтэй сандал дээр суугаад дуулж байлаа.
Тэр үед Оззи тайзан дээрээс үзэгчдэд хандан “Би зургаан жил хийх юмгүй хэвтлээ. Чөтгөр алгад. Одоо намайг юу мэдэрч байгааг та нар ойлгохгүй. Та нарт зүрх сэтгэлээсээ баярлалаа” гэж хашгарч байсан билээ.
Энэ тоглолтоосоо 18 хоногийн дараа Осборн тэнгэрийн орныг зорилоо. Хүнд хөгжмийн хөгжилд түүний оруулсан хувь нэмрийг үнэлэхийн аргагүй их. Өвөрмөц стиль, хоолой, дүр төрх гээд л. Оззи дэлхийн соёлын түүхэнд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, бүх юмыг сөрөн уран бүтээл хийхийн ялгуусан бэлгэ тэмдэг болон үлдэх болно. Гэхдээ Оззи ямар ч гэсэн фэнүүдтэйгээ салах ёс хийгээд явлаа.

Агуу, аймшигтай Оззи Осборны үлдээсэн 6 эшлэл
“Дээшээ өгсөж явахдаа чи олон янзын хүнтэй тааралдана. Тэднийг бүү гомдоо. Учир нь доош унахдаа чи тэдэнтэй дахиад тааралдах болно”
“Бүгд намайг намтраа бичээч гэх юм. Бичлээ гэхэд тун нимгэхэн ном байх болно. “Оззи Озборн 12 дугаар сарын 3-нд Бирмингемд төрсөн. Одоо хүртэл амьд байна, одоо хүртэл дуулсаар байна” гээд л боллоо. Би өнгөрсөн амьдралаа эргээд харахад дурсаад байх юм алга. Зөвхөн рок л байдаг”
“Би бол нэг биш хоёр хүн. Гэртээ би жирийн Жон Осборн. Харин тайзан дээр солиотой амьтан болдог. Зүгээр л галзуурдаг”
“Би хүмүүсийн боддог шиг галзуу амьтан биш. Бүр хамаагүй дор гээд бод”
“Металл, хард гээд л хүн болгон мэдэмхийрэн ярих юм. Би юу ч хэлэхгүй. Рок бол зүгээр л сайхан хөгжим. Хөгжмийн талаар ярих биш сонсох хэрэгтэй”
“Би бол анагаах ухааны гайхамшиг. Бүтэн 40 жил мансуурч, архи уулаа, яагаа ч үгүй. Тасраад, зодолдоод сэргээд дахиад тасарна. Миний энэ бие шинжлэх ухааны судалгаанд хэрэгтэй тул нас барсан хойно минь задлан шинжилгээ хийгээрэй”