Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл, сургууль, цэцэрлэгийн барилга, явган хүний болон авто зам зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцлээ.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл долоодугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувийн хэрэгжилттэй байна. Дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар, шинэчлэлийн ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байна. 2025 онд он дамжин 31 байршилд 80.5 км, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 8 байршилд 12 км, Дэлхийн банкны санхүүжилтээр хоёр байршилд 8.4 км авто зам буюу нийт 100.9 км авто зам барихаар төлөвлөсөн ажлууд үе шаттай хийгдэж байгаа аж.
2024-2025 онд угсармал орон сууцны 205 блок дулаалахаар төлөвлөснөөс "Угсармал орон сууцны дулаалгын төсөл"-өөр 21 блокийг дулаалахаар тендер зарлажээ. Мөн энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн 5 хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлэх юм байна.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199,842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байна.
Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас долоодугаар сарын байдлаар 4 сургууль, 6 цэцэрлэг, 4 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 1 спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсан байна. 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.