Сон Хён Мин 2015 онд “Байер Леверкузен”-ээс буурь сэлгэж, Лондонд анх газардсан. Улмаар сүүлийн 10 жилд “Тоттенхэм”-ийн ахлагч, гол тоглогчийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж, 454 тоглолтод 173 гоол оруулсан байна.
Дэлхийн хамгийн хүчирхэг хөлбөмбөгийн тэмцээн болох Английн Премьер лигт 10 жилийн турш Азийн хөлбөмбөгчдийн нэр төрийг өндөр өргөж, дэлхий дахинаа Ази хүмүүсийн соёлч, зарчимч хандлагыг хүлээн зөвшөөрүүлж чадсан Сон Хён Мин энэ зун Америк руу буурь сэлгэлээ.
Түүний үдэлтийн тоглолт ням гарагт Сөүл хотноо явагдсан билээ. Тухайн агшинд “Тоттенхэм”-ийн төдийгүй тэдний эсрэг нүүр тулсан “Ньюкасл”-ийн тоглогчид хүртэл Соныг хүндэтгэж, баярын жагсаалд нэгдсэн.
Өнгөрсөн улирлын төгсгөлд “Спөрс”-ийн хамтаар анхны цомоо өргөсөн учир Сон энэ багийн домогт тоглогч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн Мажор лигийн “Лос Анжелес” багт хүчин зүтгэхээр боллоо.
Сон Хён Мин “Тоттенхэм” багийн бүх цаг үеийн тав дахь мэргэн бууч юм. Тэрбээр 101 гоолын дамжуулалтыг бүртгүүлснээс гадна Премьер лигт 127 гоол оруулж, уг тэмцээний бүх цаг үеийн 16 дахь мэргэн буучаар тодорсон.
Сон Премьер лигт 71 гоолын дамжуулалт бүртгүүлсэн нь "Спөрс”-ийн тоглогчдын дээд амжилт болж үлдлээ. Мөн 2021-2022 оны улиралд 23 гоолыг оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг атгасан анхны Ази тоглогч болсон юм.
